УИХ-ын гишүүд өнөөдөр /2021.025.25/ мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-аар батлагдсан. Энэ хуульд орсон хэд, хэдэн чухал өөрчлөлтийг товчхон танилцуулья.
- Банкнаас иргэд аж ахуйн нэгжүүдэд үзүүлж байгаа нэг төрлийн үйлчилгээнд нэг удаагийн шимтгэл авах зохицуулалт орсон. Өмнө нь банк нэг төрлийн үйлчилгээ үзүүлэхдэ олон төрлийн хураамж шимтгэл авдаг байсан.
- Төлбөр, хураамжийн хэмжээг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хянахаар болсон. Хэрэв банк иргэд, аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээ үзүүлснийхээ төлөө авч байгаа хураамж нь үндэслэлгүй нь тогтоогдвол цуцлах эрх нь Монголбанкинд бий.
- Банкууд харилцагчийн нууц гэж үзсэн мэдээллийг аливаа хэлбэрээр хадгалахыг хатуу хориглосон.
- Харилцагчдад зээл олгохдоо зээлийн хүүг урьдчилан тооцож суутгаж авдаг байсныг энэ хуулиар хориглосон. Хуульд заасны дагуу арилжааны банкууд иргэд, ААН-ын хадгаламжийг татах эрхтэй. Гэхдээ шинэчилсэн хуулиар арилжааны банкууд зээл болон хадгаламжийн хүүг олон нийтэд ил тод мэдээлж байх үүргийг хүлээсэн. Ингэснээр банк хоорондын шударга бус өрсөлдөөнийг зогсоож, харилцагчдын мөнгөн хадгаламж найдвартай байна гэсэн үг" гэлээ.
ИРГЭДИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН НӨХЦЛИЙГ БАНКУУД ӨӨР, ӨӨРӨӨР ТОГТООЖ БАЙНА
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ”Монгол Улсад банкны зээлийн хүү өндөр тогтож байгаа нь эх үүсвэрийн зардал буюу банкууд мөнгө татан төвлөрүүлэх зардал нь өндөр байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, хадгаламж татан төвлөрүүлж байгаа зээлийн хүүгийн хэмжээ нь хадгаламж эзэмшигчдийн хэчнээн төгрөг хадгалуулж байгаагаас шалтгаалж өөр байдаг. 2 сая, 20 сая, 2 тэрбум төгрөгийн хадгаламжтай иргэдийн зээлийн хүүгийн нөхцөлийг банкууд өөр, өөрөөр тогтоож байна. Мөн зээл гаргахдаа байнгын харилцагчдадаа өөр хэлбэрээр ханддаг. Тиймээс зээл болон хадгаламжийн хүүг арилжааны банкууд олон нийтэд ил тод мэдээлэх нь маш зөв. Банкны салбарын талаарх мэдээлэл иргэдийн дунд муу байдаг учраас банкууд өөрсдөдөө давуу тал үүсгэж хэрэглэгч хохиролтой байхаар зээл, хадгаламжийн гэрээг байгуулах байдлыг энэ хуулиар таслан зогсооно" гэлээ.
Холбоотой мэдээ