Тавдугаар сарыг дуустал ихэнх нутгаар цасаар шуурч, хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2021.05.25-нд нийтлэгдсэн

Тавдугаар сарыг дуустал ихэнх нутгаар цасаар шуурч, хүйтэрнэ

Тавдугаар сарыг дуустал ихэнх нутгаар цасаар шуурч, хүйтэрнэ

Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх долоо хоногийн хугацаанд зарим газраар аадар бороо орж, зарим газраар нойтон цастай, цасан шуурга шуургатай байхыг анхааруулж байна. Энэ талаар цаг уурч Э.Доржпүрэвээс тодрууллаа.


-Тавдугаар сар дуусах гэж байхад цаг агаар хавар шиг хуйсагнуур, хүйтэн байна.  Хэзээнээс зун "ирэх" бол?

-Агаарын дундаж температур ерөнхийдөө олон жилийн дундажтай харьцуулахад дулаан байгаа ч зарим бүс нутгаар үе үе огцом хүйтрэх үзэгдэл тохиолдож байна. Тухайлбал, Төв аймгийн нутгаар энэ сарын сүүлчээр зарим газраар хур тунадас орж, уулархаг нутгаар нойтон цастай, хүйтрэх төлөвтэй. Салхины хурд 14-16 м/секунд, нутгийн өмнөд хэсгээр түр зууртаа 18-20 м/секунд хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Харин зүүн аймгуудын нутгаар агаарын хэм 2-4 градус хүйтэрч зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар 14-16 м/секунд байх бөгөөд Арц богдын өвөр хоолойгоор 20-24 м/сек хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Тавдугаар сарын 25-нд нутгийн нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

-Цаг агаарын байдалтай холбоотойгоор иргэд, малчдад юуг анхааруулж, сэрэмжлүүлэх вэ?

-Малчид, тээвэрчдэд анхааруулахад тавдугаар сард ихэнх нутгаар хур тунадас олон жилийн дундаж түвшинд байх боловч тодорхой өдрүүдэд хүчтэй салхи шуургатай, шөнөдөө цочир  хүйтэрч болзошгүйг анхааруулъя. Харин нийт нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх тул ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нь зүйтэй. Он гарснаар Дорнод, Сэлэнгэ, Булган, Сүхбаатар зэрэг дөрвөн аймагт ой хээрийн түймэр гарсан. Мөн гол, мөрөн, нуур мөсөн бүрхүүлтэй байгаа ч гол мөрний дунд болон адгаар мөс аажмаар хайлж, харз, тошин үүсэх, мөсөн дээгүүр ус урсах, мөс хайлах зэрэг үзэгдэл ажиглагдаж мөс хэврэгшин нимгэрч байгаа.

Тиймээс иргэд, малчид цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байх, хуурайшилттай бүс нутагт зорчихдоо сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Монгол орны  гол мөрний тавдугаар сарын  усны дундаж  түвшин тухайн сарын олон жилийн дунджаас бага ба түүний орчим төлөвтэй байгаа хэдий ч Хөвсгөлийн уулсаас эх авах Дэлгэрмөрөн, Шишхэд,  Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд, Орхон голын адаг хэсгээр, Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Туул, Тэрэлж зэрэг голууд  олон жилийн дунджаас  10-70 см ахиу байх төлөвтэй байна.  Харин Хэнтэй нурууны ар ба зүүн хажуугаас усжих  Хэрлэн, Онон, Эг, Балж, Хурх Хангайн нурууны өврөөс эх авах Завхан, Богд, Түй, Байдраг, Зүйл, Онги голуудын хувьд олон жилийн дунджийн орчим байх бол  Алтайн нуруунаас усжих Ховд, Буянт, Булган голуудын түвшин олон жилийн дунджаас 10-20 см бага байх төлөвтэй байгаа аж. Иймд иргэд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсч, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх нь зүйтэй. Мөн тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг анхаарах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж