Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Чингэлтэй дүүргийн 10-р хороо Сэлбэ дэд төвд ажиллаж байна. Хотын дарга “Сэлбэ дэд төв нь Чингэлтэй дүүргийн 10, 11, 12 , 13 дугаар хороог хамаарах хотын чухал бүтээн байгуулалт. Улаанбаатар хотод ийм 10 дэд төв байгуулахаар тооцож байгаа. Баянхошуу, Сэлбэ, Толгойт, Дэнжийн мянга, Шархад, Улиастай дэд төвийн хэсэгчилсэн байдлаар инженерийн шийдлүүдийг шийдэж, үүнийг тойрсон нийгмийн барилга, байгууламж барихаар төлөвлөсөн. Дулаан, цахилгаан, цэвэр, бохир усаа өөрөө шийднэ. Эдгээр газарт төрийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж эхэлбэл иргэдийн газар эргэлтэд орж, үнэд орно” гэлээ.
Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд гурван үе шаттай төсөл хэрэгжиж байгаа. Эхний үе шат Баянхошуу, Сэлбэ дэд төвөөр эхэлж, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвөөр үргэлжилж, гуравдугаар үе шатанд Толгой, Шархад дэд төв хэрэгжих юм. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн барилга угсралтын ажил 95 хувьтай яваа бол Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвийн ТЭЗҮ болон ажлын зураг төсөл нь бүрэн батлагдаж, энэ оноос тендер зарлана. Дэд төвүүд дээр 150 болон 250 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, бизнес инкубатор төвийн барилга, хүний хөгжлийн төв, спорт цогцолбор барих гэнэ.
Чингэлтэй дүүргийн хэмжээнд Дэнжийн мянга, Сэлбэ гэсэн хоёр дэд төв байгуулна. Сэлбэ дэд төвийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэр нийт 156 га-д хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийж, инженерийн дэд бүтэц, нийгмийн барилга, байгууламж барьж байна. Зургаан дэд төв 2024 он гэхэд ашиглалтад орно. Дэд төвүүд нь ашиглалтад орсноор 60 мянган айлын орон сууц барих инженерийн дэд бүтэц бэлэн болох юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хотын дарга Барилга, хот байгуулалтын сайдтай уулзаж, зургаан дэд төв ашиглалтад орсноор төрийн ямар байгууллагуудыг шилжүүлэх вэ гэдэг төлөвлөлт гаргаж, Засгийн газрын хурлаар танилцуулаарай. Хотын төвд төрийн байгууллагын оффис барихгүй, хотын зах руу гарахад нь дэмжиж ажиллаарай. Мөн хувийн хэвшилтэй хамтарсан түншлэлийн уулзалт хийх хэрэгтэй. Ингэснээр гэр хорооллын газар үнэд орж, эдийн засгийн эргэлтэд орно. Бусад хот 5-6 гол замтай бол манайх ганцхан төв замтай. Тиймээс зөвхөн ганц дам дагасан төвлөрөлтэй болохоор түгжрэхээс аргагүй байна. Үүн дээр Засгийн газар оролцоно. Түгжрэлийн гол голомтуудаа гаргаж, зургаан дэд төвөө 10 болгож болно. Гэхдээ хамгийн гол цэг буюу хамгийн их утаатай, дэд бүтэц тааруу газраа төлөвлөлт хийх хэрэгтэй” гэсэн юм. Мөн ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулахаар боллоо.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Холбоотой мэдээ