Л.Оюун-Эрдэнэ: Хотын төвд төрийн байгууллагын оффис барихгүй

Хуучирсан мэдээ: 2021.05.25-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнэ: Хотын төвд төрийн байгууллагын оффис барихгүй

Л.Оюун-Эрдэнэ: Хотын төвд төрийн байгууллагын оффис барихгүй

Монгол Улсын Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ  өнөөдөр /2021.05.25/ хотын дүүргүүдэд ажиллаж байгаа юм.  Тэрбээр Хан-Уул дүүргээс "томилолт"-оо эхэлсэн. Ерөнхий сайд хэлэхдээ “Төр дэд бүтцээ тавина. Сургууль, цэцэрлэгийг ч  барьж өгнө. Харин орон сууцыг  хувийн хэвшлийнхэн барина.Үүнд төр оролцож тодорхой хэмжээний зохицуулалтыг хийнэ. Өмнө нь үнэтэй авдаг байсан дэд бүтцийг нь шийдээд өгчихсөн. Арматур болон цементийн үнэ дээр дэмжлэг үзүүлнэ. Ажиллах хүчний асуудал дээр ч мөн дэмжлэг үзүүлж болно. Барьсан барилгыг төр ипотекийн зээлээр эсхүл урьдчилгаа төлбөрийг үе шаттай буулгах замаар иргэдэд олгоно. Улаанбаатар хотын захиргаа өнгөрсөн 30 жилийн хугацаанд бие дааж үйл ажиллагаа явуулж ирсэн.  Засгийн газар үргэлж дэмждэг байсан ч бодлогын нарийвчилсан дэмжлэгийг үзүүлэхгүй бол хотын захиргаа ганцаараа асуудлаа шийдэхэд амаргүй байна. Тиймээс Засгийн газар бодлогоор Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудал руу гүнзгий орох тогтоол гаргасан. Тэр хүрээнд сургууль, цэцэрлэгийн асуудлыг үе шаттай шийднэ. Гэхдээ мэдээж өргөс авсан мэт бүх асуудал нэг өдрийн дотор шийдвэрлэгдэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ үүнд нийслэл, дүүргийн удирдлага ААН-үүд хамтраад хотоо цэгцтэй төлөвлөж явахгүй бол замбараагүй байгаа"-г онцолсон юм.

Туул голын ойр орчимд 30 гаруй компани элс,  хайрга олборлож байгаагаас болж  голын урсгалыг хаах эрсдэл нүүрлэснийг нийслэлийн удирдлагууд ховлов.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төр дэмжсэн учраас л энэ ажиллагаанд хувийн хэвшил орсон байж таараа. Хувийн хэвшлийн үйл ажиллагаанд төр гэнэтийн цочрол өгч болохгүй. Гэхдээ дээрх 30 аж ахуйн нэгжүүдтэй уулзаад төрийн бодлогыг танилцуулна” гэв. 

ДЭД ТӨВҮҮД 2024 ОНД БҮРЭН  АШИГЛАЛТАД ОРСНООР 60 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИХ ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЭЦТЭЙ БОЛНО

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараа нь Чингэлтэй дүүрэгт ажиллав. “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”  төсөл нь гурван үе шаттай бөгөөд зургаан газарт дэд бүтэц байгуулах юм.

Эхний ээлжид Баянхошуу, Сэлбэ дэд төв 100 хувь ашиглалтад оржээ. Дээрх зургаан дэд төв  2024 онд бүрэн  ашиглалтад орсноор 60 мянган айлын орон сууц барих инженерийн дэд бүтэцтэй болох юм.

Төслийн хүрээнд гэр хорооллын өрхүүдийг цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны төвлөрсөн шугаманд холбож, авто зам, гүүр, үерийн хамгаалалтын суваг, сургууль, цэцэрлэг, усан сан,  байгуулна. 

ТӨВӨӨС ГАРЧ БАЙГААГ НЬ ДЭМЖИНЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хотын төвд төрийн байгууллагын оффис барихыг  хязгаарлах бодлого барина. Төвөөс гарч байгааг нь дэмжинэ. Тухайлбал, Улсын дээд шүүхийн шинэ байрыг зайлшгүй барих шаардлага үүссэн  учраас энэ зургаан төвийн аль нэгт нь  байрлах боломжтой. Улаанбаатар хотын гэр хорооллын  айл өрхийг орон сууцжуулах, тохь тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үндэс суурь нь юуны түрүүнд инженерийн дэд бүтэц, шугам сүлжээг шийдэж өгөх явдал. Дэд бүтцийг нь шийдээд өгчихсөн байхад түрээсийн болон орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрүүд шуурхай, амжилттай хэрэгжих үндэс бүрдэж, гэр хорооллын нэг хэсэг нь газраа бэлэн баригдсан орон сууцаар солих, зарим нь өөрийн хашаа, газар дээрээ амины орон сууц барих, хүсвэл хэсэг гудамжаараа нэгдээд таун хаусанд амьдрах боломжууд нээгдэнэ” гэлээ.

Тэрбээр Баянхошуу,Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга, Толгойт, Шархад дэд төвүүдэд төрийн ямар байгууллагууд байршиж болох төлөвлөгөөг гаргаж Засгийн газрын хурлаар танилцуулга хийхийг Хотын дарга Д.Сумъяабазарт   үүрэг болголоо.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж