Кокона Хираки хэмээх 12 настай Японы скейтбордын тамирчин охин олимпийн эрх олгох "Drew Tour" өдөрлөгт оролцон тавдугаар байр эзэлснээр ирэх зун Токиогийн олимпод оролцох эрх авлаа. Тэмцээний дараа тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Урьдынх шигээ л байлаа. Айж сандарсан зүйлгүй” гэжээ.
Хоккаидогоос гаралтай Кокона Хиракигийн хувьд 2019 оноос хойш Японы олимпийн чансааны гуравт бичигдэж байжээ. Түүнтэй хамт Сакүра Ёсозүми, Мисүгү Окамото нар эмэгтэйчүүдийн скейтбордын төрөлд Япон улсыг төлөөлөн оролцоно.
Японы олимпийн хорооны мэдээлж буйгаар Хираки нь тус улсын түүхэнд олимпийн наадамд оролцох болсон хамгийн залуу тамирчин гэнэ. Түүнээс өмнө 1968 оны олимпод Юкари Такэмото 13 насандаа усан сэлэлтийн төрөлд оролцож байжээ. Уг нь Хироко Нагасаки 11 насандаа 1980 оны Москвагийн олимпод оролцох байсан ч Япон улс бойкот хийж, тус олимпод оролцоогүй аж.
Ирэх зуны Токиогийн олимпод зургаан спорт, гурван спортын төрөл шинээр танилцуулагдана. Тухайлбал, каратэ, скейртборд, спорт авиралт, сөрфин, бейсбол, софтбол гэсэн зургаан шинэ спорт, 3х3 сагсан бөмбөг, буухиат дугуйн уралдаан, дугуйн чөлөөт үзүүлбэр гэсэн спортын гурван шинэ төрөл хөтөлбөрт багтжээ.
Холбоотой мэдээ