УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар өнгөрсөн долоо хоногт Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл өргөн барьж байгаа талаар мэдээлэл хийсэн билээ. Тэд энэ үеэрээ зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй өрхийг ипотекийн зээлд хамруулах цаашлаад байрных нь урьдчилгааг төлөх санаачилга гаргасан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулав.
Гишүүдийн хэлснээр зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй өрх улсын хэмжээнд 3600 гаруй байдаг бөгөөд өрх бүрт 20-30 саяын урьдчилгаа өгөх талаар судалсан гэнэ. Эндээс олон асуулт тавигдаж байна. Нэгд, ургаан хүүхэд гаргасан, хүүхдүүд нь тусдаа гарсан эцэг, эх энэ халамжинд багтах уу . Багтахгүй бол бусдыг нас хүйсээр нь ялгаварлан гадуурхсан үйлдэл болно. Хоёрт, 3600 өрхийн хэд нь байрны зээлээ цаашид төлөөд явах боломжтой вэ.
Банкны шаардлагыг хангаж чадах уу гэсэн бас нэг асуулт тавигдаж байна. Гуравт ийм хэмжээний мөнгийг даах эдийн засгийн боломж улсын төсөвт бий юу. Улсын төсвийн мөнгө бол баялаг бүтээгчдийн мөнгө. Гэтэл татвар төлөгчид нь өнөөдөр цар тахал, хөл хорионы улмаас татвараа ч төлж чадахгүйд хүрсэн байна.
Улсын төсөвт орж ирэх мөнгө багассанаас Монгол Улс хүүхдийн мөнгөө ч тавьж чадахгүйд хүрээд байгаа. Азийн хөгжлийн банкнаас авах 170 сая ам.долларын зээлийг хүүхдийн мөнгөний санхүүжилтэд зарцуулахаа Засгийн газар мэдэгдсэн. Энэ мэт гадны зээл тусламжийг халамжид зарцуулаад байвал удахгүй Монгол Улс дампуурлын ирмэгт ирэх биз. УИХ-ын гишүүн санаачлах хуульгүй болчхоод уйдаагүй бол улс орны эдийн засгаа хорлосон үг, үйлдэл гаргаж гүйхээ больчих хэрэгтэй. Ялангуяа эдийн засаг тамирдаж, иргэд аж ахуйн нэгжүүд орлогогүй болсон энэ үед ёстой л гавъяа байгуулахгүй юмаа гэхнээ гай тарихгүй байвал тэр нь өлзийтэй болжээ.
Ажил хийдэг нэг иргэн халамж авдаг гурван хүнийг тэжээдэг гэсэн судалгаа бий. Судалгаагаар давхардсан тоогоор 1.8 сая хүн халамж авдаг. Монгол Улс гурван сая хүнтэй гэвэл улсаараа халамж горьдоод суудаг гэсэн үг.
Зургаан хүүхэдтэй айлд байр өгнө гэж байхаар иргэдээ ажил орлоготой болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх нь УИХ-ын гишүүдийн үүрэг. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, экспорт, импортоо нэмэгдүүлэх, уул уурхайн ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах, аж ахуйн нэгжүүдийг элдвийн дарамтаас чөлөөлөх, чөлөөт эдийн засгийг хамгаалах, хувийн өмчийг дээдлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхэд УИХ-ын гишүүд анхаарах учиртай юм.
Сонгууль болгоны өмнө ямар нэгэн халамж, бэлэн мөнгөний амлалтууд дуулдаж, иргэдийг төөрөгдөлд оруулдгаа хэзээ болих вэ, улстөрчид өө. Сонгогчдын саналыг бэлэн мөнгө, нийгмийн халамжийн амлалтуудаар худалдаж аваад хулхин дээр нь цэцэг ургуулдаг энэ мэт явдлаа зогсоох ёстой.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 10 их наядын цогц төлөвлөгөөгөө танилцуулах үеэрээ Засгийн газрын бодлого халамж биш ажлын байр болгоход чиглэнэ, хамгийн сайн халамж бол баталгаатай, цалин сайтай ажлын байр, урьдын адил халамжийн бодлого хэрэгжүүлэхгүй гэж амласан. Мөн дундаж давхрагыг чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ гэсэн. Гэтэл нэг намынх нь УИХ-ын гишүүд гарч ирээд иргэдээ угжих, халамжлах тухай ярьж байгаа нь Засгийн газрын бодлоготой зөрчилдөж буй бус уу. Цар тахлын энэ хүнд хэцүү цаг үед улсын төсвийн төгрөг бүр эдийн засгаа сэргээхэд, аж үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдээ дэмжихэд чиглээсэй гэж их олон хүн хүсч байгаа нь лавтай.
Холбоотой мэдээ