Засгийн газрын зүгээс дотоодын бизнесээ таг зогсоочихгүйн тулд хөл хорионы дэглэмийг сулруулах бодлого барьж буй. Зарим салбарынхан бүтэн жил хагас хөл хорионд үйл ажиллагаа нь нам зогслоо. Хэдийгээр сүүлийн өдрүүдэд батлагдсан халдварын тоо буурсан ч шинжилгээ өгч байгаа хүмүүсийн тоотой харьцуулахад Covid-19-ийн тархалт буураагүй өндөр хэвээрээ байна гэсэн үг. Өмнө нь 12 мянган хүнээс шинжилгээ авахад мянган хүнээс халдвар илэрдэг байсан бол өдгөө зургаан мянган хүнээс шинжилгээ авахад зургаан зуу гаруй хүнээс халдвар илэрч байгаа нь халдварын тархалт огт буураагүй. УОК нүглийн нүдийг гурилаар хуурсна шийдвэр гаргаж байна гэсэн үг. Аж ахуйн нэгжүүд үүдээ дөнгөж нээхтэй зэрэгцээд ахиад хөл хорионд орох эрсдэлтэйг Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн Бямба гаригт /2021.05.22/ дуулгасан. Энэ бол эдийн засгийн хувьд тун таагүй мэдээлэл юм.
Аль болохо ахиад хөл хорихгүй халдвар хамгааллаа бариад үйл ажиллагаа явуулах ёстойг эдийн засагчид зөвлөж сануулсаар ирсэн. Гэвч халдварын тохиолдол, нас баралт болон маш хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүсийн тоо богино хугацаанд огцом нэмэгдсэн. Амралт, жуулчны баазууд нээгдсэнээр халдварын эрсдэл эргээд нэмэгдсэн.
2020 онд цар тахлын улмаас эдийн засгийн хямралд 548 мянган ажлын байр өртөж, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 94.4 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оноос ойролцоогоор 2 дахин өссөн үзүүлэлт юм.
Хөл хорионд ч халдварын тархалт буухгүй байна. Хэдийгээр эрх баригчид ковидгүй зуныг амлаж буй ч бодит байдлыг харахад халдвар мөд буурахгүй шинжтэй. Он гарсаар хоёр ч удаа Монгол Улс хөл хорионы арга хэмжээ авсан. Олон удаа хөл хорио тогтоох юм бол 2020 онд зургаан хувийн алдагдал хүлээсэн эдийн засаг дахин сэргэхэд дарамт болох нь тодорхой. Ийм нөхцөл байдлаас зөв оновчтой, алдаа эрсдэлгүй шийдвэр гаргахад эдийн засгийн болоод улс төрийн хувьд ч ихээхэн төвөгтэй болсон.
ХЯМРАЛААС ХОХИРОЛ БАГАТАЙ ДАВАХЫН ТУЛД АЛЬ БОЛОХ ИХ ХЭМЖЭЭГЭЭР УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЭКСПОРТЛОХ ХЭРЭГТЭЙ
Эдийн засагч Л.ЛАКШМИ:
-Зарим аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн. Гэхдээ удаан хугацаанд зогссон тул хуучин шигээ орлого олж чадахгүй байгаа. Тиймээс түрээс, ажилчдийнхаа цалин мөнгө, зээл, татвар гээд олон асуудлуудтай тулгарч байгаа байх. Олон удаагийн хөл хорионы улмаас үед ААН-ийн үйл ажиллагаа сэргэж, тогтворжиж чадахгүй байна. Хөл хорио удаан үргэлжлэх тусам эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Монгол Улсын эдийн засаг 2020 онд -5.5 хувьтай гарсан. Энэ жилийн хувьд эдийн засаг агшихгүй бага зэрэг өсөлттэй гарна гэсэн хүлээлт байна. Азийн Хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудын таамгаар Монгол Улсын эдийн засаг энэ жил бага зэрэг өснө ойролцоо 4.5- 5 хувь , 2021 онд 5.5-7 хувь байна. Гэхдээ урсгал дансны алдагдал бас нэлээд өсөхөөр байгаа. Эдийн засаг 2022 оноос сэргэнэ гэсэн хүлээлттэй байна. Нөгөөтэйгүүр уул уурхай дээр Монголын эдийн засаг явдаг. Дэлхий нийтээр цар тахлын улмаас улс орнууд төсвөө бүрдүүлэх гээд хэцүү байхад дэлхийн түүхий эдийн үнэ өсч суперциклийн мөчлөг давхцаж байна.
Түүхий эдийн үнэ өндөр байх суперциклийн мөчлөг богино байдгийг бид анхаарах ёстой. Энэ нь бидэнд маш их боломж олгож байгаа. Харин энэ боломжийг ашиглаж чадах уу үгүй юу гэдгээс хамаарна. Тэгэхээр энэ богино хугацаанд үнэ өндөр байхад бид аль болох их экспортолж ашиг хийх хэрэгтэй. Тиймээс уул уурхайн компаниудын үйл ажиллагааг аль болох саадгүй, түргэн явуулах хэрэгтэй. Бараа бүтээгдэхүүнийг хилээр гаргахад нь хүртэл дэмжиж туслах, лиценз бусад төрлийн зөвшөөрлийг нь хурдан олгох гээд төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгох. Улмаар орж ирсэн ашигаас нь бусад эдийн засгийн салбаруудаа дэмжиж хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж байж л цар тахалтай хүнд үеийг эдийн засгийн хувьд хохирол багатай даван туулна.
ИДЭВХЖИЛТЭЙ САРУУДАД ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООХ НЬ ЭНЭ ОНЫ ЭДИЙН ЗАСАГТ СӨРГӨӨР НӨЛӨӨЛНӨ
Эдийн засагч Б.ДЭЛГЭРСАЙХАН:
– Монголын эдийн засаг үндсэндээ хавар, намар гэсэн хоёр улиралд хамгийн идэвхтэй байдаг. Энэ нь манай орны эдийн засагт улирлын нөлөөлөл өндөр байдагтай холбоотой. Өвлийн улиралд барилга, уул уурхай зэрэг гол бүтээн байгуулалтын салбарууд зогсдог. Хаврын улиралд тухайн жилийн үйл ажиллагааны сууриа тавьж, намар нь түүнийхээ үр дүнг хүртдэг олон бизнес бий. Хамгийн өндөр идэвхжилтэй сард хатуу хөл хорио тогтоох нь энэ оны эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Уг нь 2020 оны дөрөвдүгээр улирлаас дэлхийн түүхий эдийн зах зээл сэргэж эхэлсэн нь Монгол Улсын эдийн засагт эергээр нөлөөлсний үр дүнд 2021 оны нэгдүгээр улиралд эдийн засгийн сэргэж, өсөлт өндөр гарах хүлээлттэй байна. Харин хөл хорио, цар тахлын тархалтаас шалтгаалсан өмнөд хилийн боомтуудын үйл ажиллагааны хязгаарлагдмал байдал нь үүнд сөргөөр нөлөөлж байна. Энэ байдлаар бид дотооддоо цар тахлаа бууруулж чадахгүй, нөхцөл байдал хэвээр удаан хугацаанд үргэлжлэх юм бол дахиад л Монгол Улсын эдийн засаг болон төсөвт маш хүчтэй сөрөг нөлөө үзүүлнэ.
Үүнийг 2020 оны эхэнд Монгол Улсын Засгийн газраас хилийн хорио тогтоосны улмаас эдийн засаг хүчтэй агшсантай адилтгаж болох юм. 2021 оны эхний улиралд эдийн засгийн сэргэлт эхэлсэн. Тухайн улирлын эдийн засгийн өсөлт ч тоон үзүүлэлтийн хувьд өндөр гарах байх. Мөн энэ оны эдийн засгийн өсөлт 5 орчим хувийн хүлээлттэй байгаа нь бас үнэн. Харин цар тахлын сөрөг нөлөөллийг хэзээ арилгаж, эдийн засаг хэвийн байдалдаа орох, цаашид бодит өсөлтийг бий болгож чадах вэ гэдэг нь өөр асуудал. Бид 2021 онд өмнөх оны ухралтаас эдийн засгийн хувьд дээшилж сайн явж чадвал оны төгсгөл, үгүй бол дараа жилийн эхнээс эдийн засгийн бодит өсөлт бий болж эхэлнэ гэж харж байна. Гэхдээ үүнд бид одоогийн төлөвлөж байгаагаар энэ оны эхний хагаст цар тахлыг намжааж чадах эсэх нь хамгийн голлох нөлөөтэй гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДЭД ЭДИЙН ЗАСГИЙН ӨРШӨӨЛИЙГ НЭГ УДАА ҮЗҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.АМАРТҮВШИН:
-Дэлхийн эдийн засгийн форумын эрсдэлийн шинжээчдийн үзэж байгаагаар Covid-19-ийн тархалтаас улбаатай энэ удаагийн нийгэм, эдийн засгийн хямрал нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн хохирол ихтэй хямралд тооцогдож байна. Монголын бизнесийн орчны судалгаагаар, оролцогчдын 79.7 хувь нь бизнесийн зээлийн хүүг бууруулах, зээлийн нөхцөлийг сайжруулах хэрэгтэй байна гэж хариулсан. Бизнес эрхлэгчдээс авсан асуумжийн дүнгээр, зээл хүсэгч бизнес эрхлэгчдийн 51 хувь нь зээлийн нөхцөл хатуу, 32 хувь нь банкны барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй, 8 хувь нь бизнесийн эрсдэл өндөр, 5 хувь нь зээлийн мэдээллийн санд сөрөг бүртгэлтэй байна.
Ерөнхийдөө НДШ болон татвар, Зөрчлийн хуулиар тавьсан өр төлбөр, алданги торгуулиас чөлөөлж хөнгөлөх, Монголбанкны мэдээллийн санд сүүлийн таван жилд ангилал буурсан буюу хэвийн бус эргэлзээтэй, муу зээлдэгч ААН, иргэдийн ангиллыг сайжруулах хэрэгтэй байна. МҮХАҮТ нийгэм, эдийн засаг, бизнесийн орчинд нүүрлэсэн хямралыг богино хугацаанд гэтлэх, даван туулах, эдийн засгаа эргэн сэргээхийн тулд цар тахлын улмаас хүнд байдалд орсон аж ахуйн нэгжүүд, иргэдэд эдийн засгийн өршөөлийг нэг удаа үзүүлэх шаардлагатай. Ингэхдээ:
- Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр, алданги торгуулиас чөлөөлөх, хөнгөлөх,
- Татварын өр төлбөр, алданги торгуулиас чөлөөлөх,
- Зөрчлийн хуулиар тавьсан торгууль, алданги чөлөөлөх,
- Монголбанкны мэдээллийн санд сүүлийн таван жилд ангилал буурсан буюу хэвийн бус, эргэлзээтэй муу зээлдэгч аж ахуйн нэгж, иргэдийн ангиллыг сайжруулах саналыг МҮХАҮТ гаргасан.
Холбоотой мэдээ