Цагаан ордноос явсан Д.Трамп АНУ-ын улс төрөөс яваагүй

Хуучирсан мэдээ: 2021.05.25-нд нийтлэгдсэн

Цагаан ордноос явсан Д.Трамп АНУ-ын улс төрөөс яваагүй

Цагаан ордноос явсан Д.Трамп АНУ-ын улс төрөөс яваагүй

Нью Йоркийн ерөнхий прокурорын газрын мэдээлснээр Трампын компанийг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн шалгаж байгаа гэнэ.

Прокурорын газрын хэвлэлийн төлөөлөгч Летита Жеймс “Трампын үл хөдлөх хөрөнгийн компанийг шалгах ажил зөвхөн иргэний хэрэг байхаа больсон. Тиймээс бид өдгөө Манхэттаны ерөнхий прокурорын газартай хамтран Трампын компанийг идэвхтэй шалгаж байна” гэжээ.

Гэхдээ дээрх мэдэгдэлд Трампын компани чухам ямар шалтгаанаар гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа, Трамп өөрөө холбоотой эсэх талаар нарийн ширийн зүйл дурдаагүй байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар Жеймс өмнө нь Трампыг Ерөнхийлөгч болохоос өмнө санхүүгийнх нь асуудлуудыг нягтлан шалгаж байсан туршлагатай аж. Түүгээр зогсохгүй өдгөө Трампын компанийг гэмт хэрэгт сэжиглэн шалгаж байгаа нь Ардчилсан намын гишүүн Жеймсийн хувьд Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдож байсан Трампаас авч буй улс төрийн өс байж болзошгүй хэмээн зарим ажиглагчид үзэж байгаа юм.

"BBC" агентлагийн ажиглагч Уилл Грантын үзэж байгаагаар Трампын бизнесийг эрүүгийн хэрэгт сэжиглэн мөрдөж байгаа нь чухал ач холбогдолтой алхам бөгөөд нэгэнт Цагаан ордноос нүүсэн Трамп аливаа ялаас хамгаалагдах боломжгүй болсон учир үр дүнд хүрж, түүний цаашдын улс төрийн ирээдүйд нөлөөлөх боломжтой гэнэ.

Тэгвэл Трамп Ерөнхийлөгчийн суудлаас бууснаасаа хойш өнөөг хүртэл юу юу хийсэн бэ?

Сонгуулийн дүнг эсэргүүцээд бүтэлгүйтсэн

Жо Байден 2020 оны арваннэгдүгээр сарын 7-нд сонгуульд ялалт байгуулснаа зарламагц Трамп сонгуулийн дүнг үгүйсгэн, саналын хуудсыг дахин тоолох, будлиан орсон эсэхийг нарийн шалгах зэрэг уйгагүй кампанит ажил өрнүүлсэн билээ.

Тэгвэл Трамп одоог хүртэл Цагаан ордонд үлдэж чадаагүйдээ дургүйцсэн хэвээрээ яваа гэнэ. Тухайн үед Трамп болон түүний багийнхан зургаан ч мужид сонгуулийн үр дүнд хөндлөнгөөс оролцсон, луйвардсан, будлиантуулсан гэх мэтээр 60 гаруй зарга үүсгэн шүүхэд хандсан ч талаар болсон юм.

Цахим хуудаснуудаа алдсан ч эргэн ирсэн

Энэ оны нэгдүгээр сарын эхээр Капитал Хиллд болсон үймээн самуунаас болж, Трамп цахим сүлжээнүүдэд нэвтрэх эрхгүй болсон юм. Гэхдээ энэ үйл явдал Трампыг цахим орчноос холдуулж дөнгөсөнгүй. Учир нь тэрбээр гуравдугаар сард Цагаан ордонд өнгөрүүлсэн жилүүдээ санагалзсандаа 450ffice.com хэмээх өөрийн сайтаа нээсэн байна.

Тус сайтад Трампын Ерөнхийлөгч байх үеийн бүх түүх, дурсамжийг маш нарийн, цэгцтэй эмхлэн байршуулсан байхаас гадна Трампын гэр бүлийн мэндчилгээ, зургийн цомог, хүссэн хүн нь Трампын гэр бүлд дурын арга хэмжээний урилга илгээх эрхтэй цонх зэрэг бий аж.

Түүнчлэн хамгийн сүүлд тус сайтад өнгөрсөн долоо хоногт харилцаа холбооны платформ нэмэгджээ. Шинэ платформын танилцуулга дээр “Энэ бол хүн бүрийн эрх чөлөөтэй, аюулгүйгээр дуу хоолойгоо өргөх орчин” хэмээн тайлбарлажээ.

Тус платформ дээрх Трампын нийтлэлүүд дээр хүссэн бүхэн нь эрхий хуруу дарж болох хэдий ч одоохондоо сэтгэгдэл үлдээх боломжгүй аж. Нью Йорк Таймс сэтгүүлийн технологийн мэргэжилтэн Кара Свишерийн тодорхойлсноор Трампын сайтын харилцаа холбооны хэсэг үнэндээ 2000-аад оны блогтой үнэхээр төстэй гэнэ.

Сайтад Трампын өмнө нь хийж байсан бүх мэдэгдэл байх агаад  шинэ мэдээлэл авахыг хүссэн хүмүүс цахим шуудангаа бүртгүүлж болох гэнэ. Мөн сайтын нүүр хуудас дээр хамтран ажиллах хүмүүсийн холбоо барих хэсэг багтжээ. Тайлбар хэсэгт бичсэнээр тус сайтыг байгуулах, удирдан зохион байгуулах ажлыг Трампын “АНУ-ыг аваръя”, “АНУ-ыг дахин агуу гүрэн болгоё” хөдөлгөөнүүдээс санхүүжүүлдэг аж. Гэвч энэ бол Трампын эртнээс ярьж байсан нийгмийн цахим сүлжээ хараахан биш юм.

Улс төрд эргэн ирэх бэлтгэлээ хангаж эхэлсэн

Трамп гуравдугаар сард ойрын хугацаанд улс төрд эргэн хөл тавихаар төлөвлөж буйгаа ярьсан билээ. Эх сурвалжууд Трампыг эргэн улс төрд орохдоо Бүгд найрамдах намын дэд даргатай төстэй суудалд очиж магадгүй хэмээн мэдээлж байгаа юм. Түүнчлэн Бүгд найрамдах намынхнаас ч гэсэн Трампыг 2022 оны дундын сонгуульд өрсөлдүүлэх санал олноор ирж байгаа гэнэ.

Тухайлбал, энэ сарын эхээр Флорида мужид болсон арга хэмжээн дээр Трамп Бүгд найрамдах намын ахмад гишүүн Майк Пенс, Митч Макконнелл нарыг олны өмнө загнасан нь түүний намынхаа хаан болох амбицын илрэл хэмээн ажиглагчид дүгнэсэн байна.

Мөн тус арга хэмжээн дээр Трамп “Бид 2022 онд Сенатын олонх болж төлөөлөгчдийн танхимыг эргүүлэн авна. Харин түүний дараа би 2024 онд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж дахин Ерөнхийлөгч болно” хэмээн ярьжээ.

Гэвч Нью Йоркийн Ерөнхий прокурорын газрын мөрдөн байцаалт амжилттай болбол Трампын дээрх төлөвлөгөө цаасан дээр л үлдэхээс өөр аргагүй билээ.

Эх сурвалж: THEWEEK REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж