Дуугарахгүй ч дугтардаг улстөрч

Хуучирсан мэдээ: 2021.05.25-нд нийтлэгдсэн

76:1

Дуугарахгүй ч дугтардаг улстөрч

Дуугарахгүй ч дугтардаг улстөрч

NEWS агентлаг УИХ-ын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулдаг 76:1 буландаа УИХ-ын 6-р тойрог Дундговь, Говьсүмбэр аймгуудаас сонгогдсон УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдыг онцолж байна.


УИХ-д тав дахь удаагаа сонгогдож буй С.Батболдын хувьд Монгол Ардын намын том улстөрчдийн нэг. Түүний хувьд 2004 оноос  УИХ-д сонгогдож, Гадаад харилцааны сайд, Ерөнхий сайд, намын даргаар ажиллаж байсан улс төрийн намтар арвинтай, өсч, дэвшиж дээшилсэн цөөн улстөрч.

Гадаад харилцааны дэд сайдын албанаас М.Энхболд, Ц.Мөнх-Оргил нарын лидерүүдтэй хамт улстөрд хүч түрэн орж ирсэн нэгэн. Тэр сайн улстөрч, бас сайн бизнесмен.

Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байхдаа АНУ-д зорчих визийг 10 жилийн хугацаатай болгосон, Европын холбооны 25 оронд “Made in Mongolia” шошготой 7200 нэр төрлийн барааг 10 жилийн турш татваргүй гаргах эрхийг олсон гээд дипломат албаараа дамжуулж, бизнесмений сэтгэлгээгээ ашигласан олон ажлын автор нь болсон нэгэн. Түүнийг Монгол Улсын Гадаад харилцааны яамыг нэг хэсэг толгойлохдоо гадаад харилцааг эдийн засагжуулах гэсэн нэр томъёог гаргаж, тэр чиглэлээр ажилласан нь цоо шинэ алхам байсан гэж тодорхой хүрээнд дүгнэдэг. Засгийн газрын тэргүүн асан С.Баярын дараа 2009 оны намраас тэрээр Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар сонгогдсон. С.Баяр түүнд “Дипломатч зангаар дандаа “yes” гэж болохгүй, хааяа ч гэсэн “no” гэж хэлж сураарай” хэмээн захиж байсан гэдэг. Сайн муугаар хэлүүлдэг ч “Эрдэнэс-Тавантолгой” төслийн үр шимээс иргэдэд хүртээж хүний хөгжлийн сангаас 21 мянган төгрөг тараасан, эдийн засгийн өсөлтийг авчирсан гээд хийж бүтээснийг нь дурдвал олон зүйл бий гэдэг.

С.Батболд улстөрчийн хувьд төлөвшсөн, соёлтой, бас том тоглогч байж чаддаг. Монгол ардын нам дотор олон фракциуд бий ч “Сү”-ийн фракц томилгоо, тохиролцоо бүхэнд оролцдог нь түүний улстөрчийн хувьд хэр нөлөөтэй вэ гэдгийг нь тодотгож байна гэсэн үг.

Сүүлийн хоёр Засгийн газар байгуулагдахад “Сү”-ийн фракцын хоёр ч хүн Гадаад харилцааны яамыг ээлжлэн толгойлж байснаас нь харж болно.  Засгийн газрын тэргүүн байхдаа АН-тай хамтарч, АН-аас сонгогдсон Хотын даргыг батламжлаад ажлаа өгч байснаас нь харвал улстөрчийн хувьд тэр буруу ишилсэн сүх шиг биш цаг үеэ зөв мэдэрдэг зөөлөн хүч байж болох. Одоогийн намын дарга У.Хүрэлсүх нь намынхаа нариын бичиг байхдаа намын дарга С.Батболдыг “Ардын намын дарга Дамдины Сүхбаатарын Батболд. Ээж нь Янжин шүү” хэмээн “цоллож”, МАХН нэрээ МАН болгож байсан гэдэг. Гэхдээ цагаа ололгүй намынхаа нэрийг сольсон энэ алхам 2012 оны сонгуульд МАН амжилт тааруу оролцох нэг шалтгаан болсон гэдгийг үгүйсгэж болохгүй. Тиймдээ ч улс төрийн хариуцлага хүлээж, намынхаа даргын ажлыг өгснөөс хойш тэр сул гишүүн байсаар ирсэн.

С.Батболд УИХ-ын чуулганы танхимд попордоггүй, дуу цөөтэй, хэвлэлд ярилцлага өгч тодроод байдаггүй учраас түүнийг дуу цөөтэй улстөрч гэж хэлж болно. Гэхдээ дуу цөөтэй ч улстөрчийнх нь, фракцых нь нөлөөлөл өндөр учраас тэр Засгийн газрын томилгоо, намынхаа томилгоо, албан тушаалд дугтраад ч оролцохчихдог “залжин” хүн. Бизнес, улс төрийг хослуулан баригч, МАН-ын цөөн лидерүүдийн нэг С.Батболдыг том улстөрч гэж тодорхойлдог. С.Баяраас халааг нь авч, Ө.Энхтүвшин, М.Энхболд нартай мөр зэрэгцэж явсан ч тэднийг улс төрөөс жийгдэхэд С.Батболд улс төрийн тоглолтод оролцож, одоо Засгийн газрын томилгоо, улс төрийн тохиролцоонд тэр хүчтэй, нөлөөтэй хэвээр байна. Тиймээс ч зөөлөн бодлогоо хүчээр дугтардаг улстөрч гэж тодорхойлж болохоор.

С.БАТБОЛДЫН НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1980 ондНийслэлийн 10 жилийн 14 дүгээр дунд сургууль
  • 1986 ондЗХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль, Олон улсын эдийн засагч
  • 1991 ондЛондон хотын Бизнесийн удирдлагын их сургууль
  • 2002 ондОХУ-ын Москва хотын Дипломатын академи, дипломатч, 2004 онд эдийн засгийн ухааны доктор (Ph.d)-ын зэрэг хамгаалсан.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1986-1988 ондЭдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яаманд мэргэжилтэн
  • 1988-1992 ондГадаад харилцааны Монголимпекс нэгдэлд Экспорт фирмийн захирал
  • 1993-2000 онд"Алтай Трейдинг" ХХКомпаний Ерөнхий захирал
  • 2000-2004 ондГадаад хэргийн дэд сайд
  • 2004-2006 ондМонгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайд
  • 2004-2008 ондМонгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008-2012 ондМонгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008-2009 ондМонгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд
  • 2009-2012 ондМонгол Ардын Намын дарга
  • 2009-2012 ондМонгол Улсын Ерөнхий сайд
  • 2012-2016 ондМонгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2020 ондМонгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноосТусгай хяналтын дэд хорооны дарга
  • 2020 оноосМонгол Улсын Их Хурлын гишүүн

ГАДААД ХЭЛ:

  • Англи, Орос, Франц

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
20
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж