СЕХ-ноос нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг гардсан МАН-ын дарга У.Хүрэлсүх Тусгаар тогтнолын ордонд сонгуулийн нээлтээ хийх үеэр төрхөмдөө буцаж ирсэн Н.Энхбаяр сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Тэрбээр " Би өдгөөгөөс 12 жилийн өмнө МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд индрийн ард зогсож байсан. У.Хүрэлсүхийн Засгийн газар ковид цар тахлыг улсдаа оруулж ирэхгүй, хилийн цаана удаан хугацаанд барьж чадсаныг энэ ташрамд онцлон тэмдэглэж байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ард иргэдээ вакцинжуулах ажлыг цаг нартай уралдан хийж, хамтын дархлааг бий болгохын төлөө хичээн зүтгэж байгааг сайшааж байна. У.Хүрэлсүх бол итгэвэл итгэсэн шиг итгэдэг, тусгаар тогтнолоо нүдний цөцгий мэт хайрладаг, үр хойчийнхоо сайн сайхны төлөө ямагт сэтгэл гаргадаг хүн. МАНАН-тай тэмцэх ажил эхэлсэн. Одоо дуусгая. Байгалийн баялгийг ард түмэнд ижил тэгш хүртээх ажил эхэлсэн. Одоо эцэслэе" гэжээ.
Н.Энхбаяр жил хүрэхгүйн өмнө буюу 2020 оны есдүгээр сард орон нутгийн сонгуулиар АН-тай эвсэн нэгдэхдээ эрх баригч МАН-ыг их эвгүйгээр шүүмжилж байсан бол энэ удаад хайр зарлан зогсож байна.
Тэрбээр "МАН-ын дарангуйлал, авилга, ажилгүйдэл мөн ядуурлын эсрэг Монголчуудын бүгд эвсэх хэрэгтэй байна. МАН-ын хийж чадахгүй байгаа алдааг нь засахын төлөө эвсэх ёстой. МАН-ын дарга ард түмнийхээ амьдралаас дэндүү тасарчихсан байна. Дэргэдээ байгаа дарга нарыг магтахаас өөрийг хэлэхээ больжээ. Бодит байдалд ажилгүйдэл хэтэрлээ гэж хэлэхэд сонсохгүй байна. Тийм учраас бид орон нутгийн сонгуульд АН, ИЗНН, Шинэ намтай нэгдэж МАН-ын дарангуйллыг таслан зогсооно" гэх үгээ аль хэдийнэ мартсан бололтой. Ноён урваач, нохой шарваач гэж Н.Энхбаярын эл үйлдлийг л хэлэх биз.
Б.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ