Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль албан ёсоор өчигдөр /2021.05.24/-өөс эхэллээ. МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нар өрсөлдөж байгаа юм. Өнгөрсөн 2017 оных шиг хоёр шатны сонгууль болно гэсэн таамаглал, хүлээлт ч байна. Энэ удаагийн сонгуульд цагаан сонголт хэвээр үйлчилнэ. Цах тахалтай зэрэгцэн монголчууд улс төрөөр ид халуурч байна. Олзуурхууштай нь, өнгөрсөн 2017 оны сонгуулийг бодвол хар технологи харьцангүй багасчээ. Элдэв янзын бичлэг энэ удаад цацагдсангүй. Гэхдээ сонгуулийн сурталчилгаа мөн л цахимд голлох нь. Энэ нь нэг талаасаа цар тахалтай холбоотой. Нөгөө талаасаа Монголд 2.2 сая хүн интернэт хэрэглэдэг гэсэн тоо баримт байдаг.
2019 онд УИХ-аар батлаж, Х.Баттулга баруун гараараа ёсчилсон шинэ Үндсэн хуулийн дагуу шинэ Ерөнхийлөгчөө сонгоно. Нэг хэсэг нэр дэвшихээр улс төр үймүүлж, бужигнуулж явсан Х.Баттулга төмөр замын бүтээн байгуулалттай танилцан сүү өргөсөн шигээ салхилж яваад иржээ. Тэрбээр Төрийн ордны гурван давхраасаа явахад 14 хоног л үлдлээ.
СЕХ сонгуулийн бэлтгэл ажлаа базааж дууссан байна. СЕХ-ны Мэдээлэл судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаагийн өгсөн мэдээллээр саналын хуудас болон санал тоолох төхөөрөмж /хар машин/ орон нутагт хүргэгдэж дууссан байна. Мөн сонгуулийн бүх шатны хороодыг байгуулж дуусчээ. Сурталчилгааны хугацаа хоёр долоо хоног үргэжилнэ. Нэр дэвшигчид хоёр долоо хоногийн хугацаанд бодлогын мөрийн хөтөлбөрөө Монгол Улсын 21 аймаг болон гадаадад суугаа монголчууддаа таниулах ёстой. Ингээд найм дахь удаагийн сонгуулийн онцлогуудыг тоймлон хүргэе.
ХАЛДВАРААС ХАМГААЛАХЫН ТУЛД ЗАДГАЙ ТАЛБАЙД УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА
2017 оны буюу дөрвөн жилийн өмнөх сонгуультай харьцуулахад цар тахлын гамшиг нүүрлэж, эрүүл мэнд болон эдийн засгийн томоохон сорилт тулгарсан хүнд хэцүү бэрхшээл дундуур монголчууд Төрийн тэргүүнээ сонгох гэж байна.
Тэрчлэн өнгөрсөн 2020 оны УИХ сонгуулиар Монгол Улс дотооддоо халдвар тархаагүй цөөн улсын нэг байсан бол өдгөө өдөртөө хэдэн зуугаараа халдвар авч, цөөнгүй хүний амийг авч одсон covid-19 монголчуудын сонголтод нөлөөлөх нэг хүчин зүйлс болж буй юм.
Иргэдийн уулзалтыг аль болох задгай талбайд хийх зөвлөмжийг СЕХ нэр дэвшигчдэд хүргүүлжээ. Цар тахлын үеийн халдвар хамгаалалтын дэглэм баримталж хүгн хоорондын зай барих, маск, бээлий өмссөн байх шаардлага тавьж байгаа юм байна. Мөн битүү талбайд уулзалт хийх бол агааржуулалтаар хангахыг ч СЕХ нэр дэвшигчдэд зөвлөж буй.
Санал өгөх байранд очих боломжгүй хүмүүсийн саналыг зөөврийн хайрцгаар зургадугаар сарын 8-ны өдөр авах юм байна.
Covid-19-өөс болж эмнэлэгт хэвтсэн, гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүсийн саналыг журамд зааснаар өөр зохицуулалтаар авахаар төлөвлөжээ.
ГАДААДАД БАЙГАА ИРГЭД САНАЛАА ӨГНӨ
Өнгөрсөн 2017 оны сонгуулиар гадаадад байгаа иргэд санал өгөх боломжгүй байсан бол энэ удаагийн сонгуульд хуулийн дагуу оролцох эрх нь нээгдсэн.
Гадаадад байгаа монголчуудын саналыг тавдугаар сарын 30-31-ны /Ням, Даваа/ гаригт авахаар товложээ. Тодруулбал, тухайн орон нутгийн 07.00-22.00 цагийн хооронд 30 улсын 45 дипломат төлөөлөгчийн газарт өөрийн биеэр саналаа өгнө. Харин санал өгөхдөө заавал биечлэн очих хуулийн зохицуулалттай юм байна. Гадаадад байгаа иргэдийн өгсөн саналыг битүүмжлэн дипломат шуудангаар Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. Хорооноос битүүмжилсэн саналыг зургадугаар сарын 9-ний 22.00 цаг хүртэл хадгална. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад санал авах ажиллагаа дууссанаас хойш Сонгуулийн ерөнхий хорооны байран дээр тоолох ажиллагааг зохион байгуулах аж. Өөрөөр хэлбэл, улс орнууд тус бүрээр нь тоолох боломжгүй юм байна.
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД ХӨНДЛӨНГИЙН ХЯНАЛТ ТАВИНА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явц, санал тоолох үйл ажиллагаанд төрийн бус байгууллагууд хяналт тавих аж. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 63-р зүйлийн 63.13 дахь хэсэгт “Төрийн хэргийг удирдахад иргэдийг оролцуулах зорилт бүхий дүрэмтэй, улс төрийн намын дэргэд үйл ажиллагаа явуулдаггүй, хараат бус төрийн бус байгууллага нь сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх эрхтэй” гэж заасан.
Тиймээс энэ удаагийн сонгуульд
- Монголын мэдээллийн холбоо “МИДАС” ТББ,
- Монголын багш эцэг, эхийн холбоо НҮТББ;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгууллагуудын Шүхэр нэгдсэн бодлогын ерөнхий зөвлөл НҮТББ
- Бодлогод залуусын хяналт ТББ гэсэн дөрвөн ТББ хөндлөнгийн хяналт тавих аж
ГАРААР ДАВХАР ТООЛНО
Сонгууль болгоны дараа хар машин хакердсан гэх гомдол, шүүмжлэл гардаг. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд саналын хуудсыг давхар гараар тоолохоор суулгаж өгсөн. Өмнө нь 50 хүртлэх хувийг гараар тоолдог байсан бол энэ удаад зуун хувь давхар гараар тоолох юм байна.’
Б.БАТ