Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар дулаан сүлжээ” ТӨХК-иас цахимаар зохион байгууллаа. Уулзалтын эхэнд нийслэлд вакцинжуулалт ямар байгаа талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж мэдээлэхдээ дархлаажуулалтын төлөвлөгөөгөөр зургаадугаар сарын 3-нд дуусах ёстой. Хойшиллоо гэхэд зургаадугаар сарын 10-нд нийслэлийн иргэдийнхээ II тунг дуусгахаар төлөвлөж байна гэдгийг онцолллоо.
ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГА Ц.ТУЛГА:
-Улаанбаатар хот төлөвлөлтгүй хот биш. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу зорилт тавин ажиллаж байна. Салбарын мастер төлөвлөгөөнүүд бүрэн батлагдаж дуусаагүй байна. Нийслэлийн суурьшлын 35200 га нутаг дэвсгэрийг 47 нэгж хороолол болгож төлөвлөсөн байдаг. Үүнээс 28 нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Мөн 15 дагуул тосгонтой байхаар төлөвлөсөн. Үүний хүрээнд барилга байгууламжийн компаниудад олгосон чиглэл, зөвшөөрлийн хүрээнд барилга бариагүйгээс асуудал үүсэх тохиолдол гардаг. Энэ тохиолдолд дэд бүтцийг хариуцаж байгаа нэгж, тус барилга барих компани асуудлыг харилцан шийдвэрлэж ажиллана. Ерөнхий төлөвлөгөөг дагалдан гарч байгаа төлөвлөгөөнүүд батлагдаж дуусаагүй нөхцөлд инженерийн дэд бүтэц дээр барилга байгууламж барих асуудал яригдах боломжгүй байгаа.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Д.СУМЪЯАБАЗАР:
-Дулаан хангамж бол Улаанбаатар хотын тулгамдаж байгаа асуудал. Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэх түүхэн шийдвэр гаргаж, жил бүр 420 тэрбум төгрөгийг өгөхөөр болсон. Мөн Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хороо УИХ-д байгуулагдаж байгаа. Том бүтээн байгуулалт хийхэд мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулах шаардлагатай. Метроны төслийн хажуугаар хонгилын системийг хийх судалгаа хийнэ. Үүнээс гадна сүүлийн 30 жилийн хугацаанд зөвшөөрөлгүй, зориулалтын бусаар, өөрийн дураар барьсан байгууламж Улаанбаатар хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байна. Ийм барилга, байгууламжийг нураах нь зүй ёсны зүйл. Гэхдээ хууль, тогтоомжийн хүрээнд ажиллах болно.
“УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Г.БАЯРСАЙХАН:
-Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК нь дулааны цахилгаан II, III, IV станцууд, Амгалан дулааны станцад үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг өөрийн эзэмшлийн дулааны шугам болон даралт өргөх насосын станцаар дамжуулан Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон 2838 аж ахуйн нэгжийн хэрэглэгчийг хангаж байна. Мөн улсын болон хувийн орон сууцны конторуудын 12500 орчим барилга, объектын халаалт, халуун ус, салхивчийн дулааны эрчим хүчний хэрэглээг жилийн турш тасралтгүй ханган ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд дулаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд 358 тэрбум орчим төгрөг, газар чөлөөлөлтөд 600 тэрбум гаруй төгрөг шаардлагатай. Тиймээс уг асуудлыг шийдвэрлэхэд хууль, эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатай байгаа.
Холбоотой мэдээ