Ухань хотын вирус судлалын хүрээлэнгийн гурван судлаач 2019 оны арваннэгдүгээр сард буюу цар тахлын анхны тохиолдол албан ёсоор бүртгэгдэхээс сар гаруйн өмнө халдвар авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан талаар АНУ-ын тагнуулын албаны мэдээнд дурджээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар АНУ-ын тагнуулын албаны тайланд халдвар авсан судлаачдын мэдээлэл, хэдийд халдвар авсан, хэр ойр давтамжтай эмнэлэгт хандсан зэрэг баримтууд багтсан нь цар тахал үүсгэгч SARS-cov2 вирус анх лабораториос алдагдсан гэх таамаглалын баталгаа болж болзошгүй гэнэ.
Эл тайланг АНУ-ын тагнуулын алба ДЭМБ цар тахлын үүслийг олж тогтоох дараагийн шатны судалгааг эхлүүлэх талаар хэлэлцэх хурлын өмнөх өдөр дэлгэсэн байна. АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч “Байдены захиргаа БНХАУ дахь цар тахлын дэгдэлт болон халдвар тарсан эхний өдрүүдийн тухай нухацтай эргэн харах хэрэгтэй. АНУ-ын засгийн газар ДЭМБ болон олон улстай хамтран энэ асуудлыг улс төрөөс ангид байдлаар судалж, цар тахлын үүслийг тогтоох хэрэгтэй. Бид аль нэг улсыг буруутгах гээгүй юм. Гэхдээ боломжит бүх таамгийг мэргэжлийн өндөр түвшинд шалгаж үзэх нь зүйтэй юм” хэмээн ярьсан байна.
Хэдийгээр өмнө нь ДЭМБ-ын баг Ухань хотод айлчлан вирусийн гарал үүслийг тогтоохоор ажилласан боловч олон улсын мэргэжилтнүүд судалгааг дэндүү дутуу бөгөөд лавшруулан дахин судлах зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж байгаа юм.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ