УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2021.05.24/ ээлжит хуралдаанаараа Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны 05 дугаар дүгнэлт болон бусад асуудлыг хэлэлцжээ.
Монгол Улсын иргэн Т.Сумъяабазар, Л.Эрдэнэхүү нар Үндсэн хуулийн Цэцэд хандан гомдол гаргасныг Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцжээ. Дээрх хоёр иргэн Төрийн болон албаны нууцын тухай хуулийн зарим зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм. Тус хуульд “Албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг тухайн хариуцсан байгууллага боловсруулж, асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр батална” гэж хуульчилсан. Гэвч Үндсэн хуульд “Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, Үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох байгууллага хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална. Нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй” гэж заасан.
Тиймээс Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дээрх зохицуулалт Үндсэн хууль зөрчиж байна гэж тэд үзсэн байна. Цэц энэхүү гомдлыг хэлэлцээд Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэжээ. Үүндсэн хуулийн Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлэв. Зарим гишүүний хувьд, төрийн байгууллагууд энэ хуулийн хүрээнд, хууль бус асуудлаа төрийн болон албаны нууц болгон далдалдаг учраас Үндсэн хуультай зөрчилдөж байгаа гэсэн байр суурийг илэрхийлэв. Мөн Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар улс төрийн болон цаг үеийн асуудлыг хэлэлцсэн байна.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ