Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 73 дахь ёкозүна болоход нэг алхам ойртлоо

Хуучирсан мэдээ: 2021.05.24-нд нийтлэгдсэн

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 73 дахь ёкозүна болоход нэг алхам ойртлоо

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 73 дахь ёкозүна болоход нэг алхам ойртлоо

Мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё өчигдөр/2021.05.23/ өндөрлөж, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дээд зиндааны дөрөв дэх түрүүгээ хүртсэн билээ. Энэ өдөр тэрбээр озэки Такакэйшотой хоёр чухал барилдааныг хийсэн. Эхний барилдаанд Тэрүнофүжи давбал түрүүлэх байсан бол Такакэйшо давбал нэмэлт барилдаан гарах байсан юм.

Ийнхүү эхний барилдаанд Такакэйшо давж, хоёр бөх хоёулаа адил 12 даваа, гурван унаатай болсон. Харин Нацү башёгийн аваргыг тодруулах шийдвэрлэх барилдаанд озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ давж, сүүлийн хоёр башё дараалан түрүүлэв.

Барилдааны дараа Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ “Баяртай байна. Би өмнө нь дандаа л башёгийн аваргыг тодруулах шийдвэрлэх барилдаанд ялагдаад байсан юм. Миний хүчин чармайлт бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгч байх шиг байна” хэмээжээ. Тэрүнофүжи сүүлийн дөрвөн башёгийн хоёрт нь түрүүлж, хоёрт нь үзүүрлээд байна. Тэрбээр ирэх долдугаар сарын Нагоя башёд том зорилго өвөртлөн оролцоно. Тодруулбал, ёкозүна цолны төлөө дайралт хийх болно. Сүмогийн дүрмэнд озэки цолтой бөх хоёр дараалан түрүүлбэл ёкозүна цол хүртэнэ гэж заасан байдаг.

Тэгэхээр Тэрүнофүжи ирэх башёд түрүүлвэл мэргэжлийн сүмогийн 73 дахь их аварга болох боломжтой.

Өдгөө 29 настай Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ одоогоор хоёр дараалан түрүүлээд байгаа ч эхний түрүүгээ сэкивакэ цолтой байхдаа хүртсэн юм. Харин саяны Нацү башёд озэки цолтой зодоглож түрүүлсэн. Өмнө нь 2015 онд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки цол хүртэж байсан боловч бэртэл гэмтлийн улмаас тогтвортой барилдаж чадалгүй цолоо хураалгаж, доод зиндаа руу чансаа буурсан билээ.

Ёкозүна цолны талаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ “Зөвхөн хүсээд энэ цолонд хүрчихгүй шүү дээ. Хөдөлмөрлөх хэрэгтэй. Би энэ цолыг хүртэхийг үнэхээр хүсч байгаа. Гэхдээ ёкозүна цол хүртсэн хүртээгүй надад ялгаагүй. Би зүгээр. Бүх хүч чадлаа дайлчлан чадах бүхнээ хийгээд харамсахгүй алхах болно. Урьдынх шигээ байгаад байвал нэмэргүй шүү дээ. Би улам сайжирмаар байна” гэв.

2015 оны тавдугаар сард дээд зиндаанд анх удаагаа түрүүлсэн шинэхэн озэки 23 настай Г.Ган-Эрдэнийг Монголын их аваргуудын залгамж халааг үргэлжлүүлэн ёкозүна болно гэж олон хүн харж байсан.

Гэвч 2016 он түүний хувьд мартахыг хүссэн жил болж өнгөрсөн. 2016 оны нэгдүгээр сарын башёгийн тав дахь өдөр мөрөндөө хүнд бэртэл авч, барилдаанаа орхисон. Түүнээс хойш Тэрүнофүжигээс нэг хэсэгтээ бэртэл гэмтэл салаагүй юм. 2017 оны тав болон долдугаар саруудад дараалсан өвдөгний хагалгаанд орж, мөн бөөрний чулуугаа авхуулж хүнд цаг хугацааг тэрбээр туулж өнгөрүүлсэн билээ.

Гэмтлийн улмаас нэг хэсэгтээ барилдах боломжгүйд хүрсэн тул түүний цол буурсаар сүмогийн доороосоо хоёр дахь буюу жонидан зиндаанд барилдах болов. Дээд зиндаанд озэки цолтой барилдаж байсан Тэрүнофүжи ийнхүү доод зиндааны 48-т эрэмбэлэгдэн барилдаж, энэ асуудлаас болж ихэнхи бөхчүүд сэтгэл гутралд орж, шантарч, зодог тайлдаг бол тэр бууж өгөөгүй.

Дэвжээний багшийнхаа зөвлөгөөг дагаж бэртэл гэмтлээ бүрэн эдгээж, 2019 оны гуравдугаар сарын башёд жонидан зиндаандаа нэг ч ялагдалгүй долоо даван энэ эрчээрээ санданмэ, макүшита, жүрёо зиндаануудад дэвшин дараалан түрүүлж эргэн макүүчи буюу дээд зиндааны хамгийн сүүлд буюу маэгаширигийн 17-т эрэмбэлэгдэн 2020 оны долдугаар сарын нагоя башёд барилдсан юм. Одоо харин тэрбээр мэргэжлийн сүмогийн 73 дахь их аварга болох гээд хөдөлмөрлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж