PCR шинжилгээний цэгүүдээ нэмж, цагийг нь уртасгая

Хуучирсан мэдээ: 2021.05.24-нд нийтлэгдсэн

COVID-19

PCR шинжилгээний цэгүүдээ нэмж, цагийг нь уртасгая

PCR шинжилгээний цэгүүдээ нэмж, цагийг нь уртасгая

Хөдөө орон нутгийн зам өнгөрөгч Бямба гаригаас эхлэн нээгдсэнтэй холбогдуулан авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод болон PCR шинжилгээний цэгүүд хөл хөдөлгөөн ихтэй байна. Ялангуяа PCR шинжилгээний цэгүүд. Төр засаг вакцин гэсээр байгаад халдварыг илрүүлэх шинжилгээний цэгүүдээ багасгасан. Өнөөдөр л гэхэд Улаанбаатар хотын хэмжээнд PCR шинжилгээний зургаан цэг 09.00-12.00 цагийн хооронд ажиллаж байна. Засгийн газар, УОК нэгэнт шийдвэрээ гаргачихсан. Хөдөө орон нутгийг зорих бол заавал PCR шинжилгээ өөх ёстой, эсвэл иргэд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон бол, хөдөө орон нутагт ажилтай иргэд гээд шинжилгээний цэгүүд ачааллаа дийлэхгүй, шинжилгээ авах цаг олдохгүй байгаад иргэд бухимдалтай байна.

Гэхдээ хүссэн хүн бүр нь очоод шинжилгээ өгч болохгүй. Суурин гурван цэг буюу 96, 143, 74-р цэцэрлэгүүд дээр зөвхөн жирэмсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах иргэд үйлчлүүлэх бол явуулын гурван цэг дээр нь хөдөө орон нутаг руу зорчих, оршуулгад оролцох иргэд шинжилгээ өгнө.

Гэтэл хөдөө орон нутгийг зорих, вакциндаа бүрэн хамрагдаагүй иргэдийн тоо их бий. Гуравхан цэг дээр, гуравхан цагийн дотор шинжилгээ өгөх гэсэн иргэд бөөгнөрч, дэндүү их ачаалал үүсч байгаа нь үнэн. Зарим иргэд нь үүрийн таван цагаас эхлээд дугаарлаж зогссон ч тухайн өдөртөө шинжилгээ өгч чадахгүй байх нь элбэг.

Эрүүл мэндийн яамны өдөр тутмын мэдээллийг ажихад батлагдсан тохиолдлын тоо буурсан мэт харагдаж байгаа боловч үнэн хэрэгтээ өмнөхөөсөө бага шинжилгээ авч байгаа. Өөрөөр хэлбэл, өмнө нь 15 мянга, 20 мянган хүнээс шинжилгээ авч батлагдсан тохиолдол 1000 давж байсан бол одоо ердөө 6-7 мянган хүнээс шинжилгээ авч байгаа бөгөөд батлагдсан тохиолдлын тоо 500-600 байгаа юм. Тиймээс ч иргэд халдварын тоо буурсан нь шинжилгээ авах цэгүүд буурсантай холбоотой хэмээн шүүмжилж, яаралтай шинжилгээний цэгийн тоог нэмэхийг шаардаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, цэгүүдээ багасгаж, шинжилгээний тоогоо бууруулахаар халдварыг хумиж байгаа мэт харагдаж байна.

Улсын PCR шинжилгээний цэгүүдийн ачааллыг хөнгөлөх гэж Гялс, Мөнгөн Гүүр, Итгэл ба Сос Медика, Интермед тэргүүтэй хувийн эмнэлгүүд чадахаараа түргэвчилсэн болон PCR шинжилгээг төлбөртэй авч байгаа. Гэхдээ л PCR шинжилгээ өгөх гэсэн иргэдийн хөл тасрахгүй байна. Тиймээс халдварыг цааш тархахаас нь өмнө эрт илрүүлэх ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй. Шинжилгээний цэгүүдээ нэмье, сорьцыг нь хангалттай тоогоор нийлүүлье, ажиллах цагийг нь уртасгая.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж