Монголын эдийн засаг 6-7 хувиар өсөх төсөөлөлтэй байна

Хуучирсан мэдээ: 2021.05.24-нд нийтлэгдсэн

Монголын эдийн засаг 6-7 хувиар өсөх төсөөлөлтэй байна

Монголын эдийн засаг 6-7 хувиар өсөх төсөөлөлтэй байна

Манай улсын хувьд эдийн засгийн бүтцийн онцлогоосоо шалтгаалан гадаад эдийн засгийн "шок"-нд тогтмол өртөж, бодит эдийн засаг, санхүүгийн хямралд орох эрсдэл нэмэгддэг. Үйлдвэрлэл болон хэрэглээнд эзлэх импортын хувь өндөр, эдийн засгийн төрөлжит муу, гадаад валютын нөөц хүрэлцээ дутмаг, санхүүжилтийн дутагдлыг гадаад эх үүсвэрээр санхүүжүүлдэг зэрэг онцлогтой.

Нийт эдийн засгийн хувьд дотоод эрэлттэй холбоотойгоор бий болж буй хуримтлалаас давсан хөрөнгө оруулалтын эрэлт нь урсгал тэнцлийн алдагдлыг бий болгосоор ирсэн. Хадгаламж, хөрөнгө оруулалтын зөрүү буюу санхүүжилтийн дутагдлыг гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО), гадаад зээлээр санхүүжүүлж буй нь гадаад өрийн гол шалтгаан болж буй юм. ГШХО, гадаад зээл тасалдсан үед гадаад валютын цэвэр урсгал сөрөг болж, нөөц нь буурах, ханш сулрах дарамт үүсгэдэг. Дотоод эрэлтийн өсөлтийг тогтворжуулах нь эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангах билээ.

Цар тахал эдийн засгийн өсөлтийг хоёр жилээр ухрааж байгааг эдийн засагчид өгүүлж буй юм. Covid-19-ийн дотоод тархалт эдийн засгийн уналтыг гүнзгийрүүлж, сэргэлтийг удаашруулсан. Гэвч Төв банк өөдрөг төсөөлөлтэй байна. Өөрөөр хэлбэл, банкны салбарын зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж, мөнгөний эргэлтийг хэвийн түвшинд хүргэснээр эдийн засгийн сэргэлтийг дэмжинэ гэж үзжээ.

Төв банк энэ оны II улиралд улсын эдийн засаг 6-7 хувиар өснө гэсэн төсөөлөлтэй байна. Мөн дунд хугацааны төсөөллөөр инфляц төв банкны зорилтын орчимд хадгалагдахаар байгаа аж.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Эдийн засаг II улиралд 6-7 хувиар өсөх төсөөлөл бий. Гол шалтгаан нь уул уурхайн салбарт 35-36 хувийн өсөлт бий болох хүлээлттэй байна.

Харин уул уурхайн бус салбарын өсөлт Covid-19-ийн нөхцөл байдалтай холбоотой. Одоогоор Улсын онцгой комисс, Засгийн газар хөл хориог аль болох бага байлгах арга хэмжээ авч байгаа нь үйлчилгээ, худалдаа зэрэг уул уурхайн бус салбарт эергээр нөлөөлж байна.

Нөгөө талдаа эрүүл мэндийн салбарын хүчин чадалтай холбогдуулж энэ нөхцөл байдал хэр удаан үргэлжлэх вэ гэсэн болгоомжлол бий. Эдийн засгийн сэргэлтийн нөхцөл байдал уул уурхайн бус салбар дээр ажиглагдаж байж ажлын байр хадгалагдаж, шинээр бий болж, орлого нэмэгдэж, хэрэглээ тэтгэгдэнэ. Үүнтэй уялдуулж бодлогын арга хэмжээ авна” хэмээн мэдээлсэн.

Эдийн засаг болон санхүүгийн үзүүлэлтүүдийн суурь төсөөлөл 

Монголбанк энэ жил төлбөрийн тэнцэл 460-470 сая ам.долларын ашигтай гарах төлөвтэйг мэдэгдсэн. Худалдааны тэнцэл тал дээр экспорт сэргэж, зэс, нүүрс, төмрийн хүдэр зэрэг түүхий эдийн дэлхийн зах зээл дэх үнэ сайн, алтны үнэ 1700 ам.доллар орчимд байх төлөвтэй байгаа нь нөлөөлөх хүлээлт бий аж. Импорт, ялангуяа хөрөнгө оруулалтын шинж чанартай бараа, бүтээгдэхүүний импортод өндөр өсөлт ажиглагдаж буй нь эдийн засгийн улирлын онцлогтой холбоотой байна. Гэвч худалдааны тэнцэл ашигтай гарах хүлээлттэй байгаа аж.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын тухайд Төв банк Оюутолгойгоос 600-700 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн төсөөлөлтэй байгаа юм. Уул уурхайн салбарт орж ирдэг бусад жижиг хөрөнгө оруулалт үргэлжлэх хандлагатай. Мөн банкны салбарт орж ирдэг богино хугацаат зээлүүд өмнөх түвшнээс доголдохгүй бололтой.

Азийн хөгжлийн банк Монгол Улсын эдийн засаг 2021 онд алгуур сэргэх чиг хандлагатай байгааг танилцуулсан. Азийн хөгжлийн төлөв, эдийн засгийн шинжилгээ, төсөөллийн шинэ тайландаа “Гадаад худалдааны нөхцөл таатай байж, экспортын эрэлт нэмэгдсэнээр Монгол Улсын эдийн засаг 2021 онд алгуур сэргэнэ. Харин 2022 онд цар тахлын эрсдэл буурахын зэрэгцээ дэлхийн эдийн засгийн сэргэлт сайжирснаар эдийн засгийн өсөлт хурдсах чиг хандлагатай байна” хэмээн дурдсан билээ.

Азийн хөгжлийн банк Монгол Улсын эдийн засаг 2020 оны 5.3 хувийн огцом агшилтаас сэргэж, 2021 онд 4.8 хувиар, дотоод эрэлт, хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн зээл өснө. Мөн сэргэлт эдийн засгийн салбаруудыг бүрэн хамарснаар 2022 онд 5.7 хувиар тус тус өснө гэж төсөөлжээ.

“Монголын эдийн засаг Covid-19 цар тахлын өмнөх гурван жилд тогтвортой өссөн. Гэвч цар тахлын сөрөг нөлөөгөөр 2020 онд аж үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт буурч, дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн 11 жилд анх удаа агшсан. Үүнээс болж иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, нийгмийн хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх, ажлын байрыг хамгаалж ажил эрхлэлтийг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр хариу арга хэмжээ нэн яаралтай авах шаардлагатайг анхааруулсаар байгаа билээ.

Монгол Улсын 2021-2022 оны эдийн засгийн өсөлтийн төлөв нь Covid-19 цар тахлын нөхцөл байдал, Хятадын эдийн засгийн сэргэлтийн хурдац, эрдэс түүхий эдийн экспортын өсөлт сэргэлт, хөрөнгө оруулалтын орчин болон хувийн хэвшлийн зээлийн өсөлтөөс ихээхэн хамаарахыг Азийн хөгжлийн банк онцолсон.

2022 онд цар тахлын эрсдэл буурахын хэрээр бизнесийн хүлээлт, эдийн засгийн хандлага илүү сайжрах төлөвтэй байгаа аж. Эдийн засаг сэргэж эрэлт өсөх, түлш шатахууны үнэ нэмэгдэх, валютын ханшийн нөлөө импортын барааны үнэд шингэхтэй уялдан дундаж инфляци 2021 онд 6.9 хувь, 2022 онд 8.5 хувь болж өсөн, дунд хугацааны зорилтот 6 хувийн түвшнээс хэтрэх эрсдэлтэй байна.

Урсгал тэнцлийн алдагдал 2021 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 8.3 хувь, 2022 онд 10.7 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч өсөхөөр төсөөлөгджээ. Энэ нь уул уурхайн сэргэлтийн нөлөөгөөр машин механизм, тоног төхөөрөмжийн импорт өсөх, гадаад зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнээр түлш, шатахууны импорт нэмэгдэх, дотоод эрэлтийн нөлөөгөөр бараа, үйлчилгээний импорт өсөхтэй холбоотой аж.

Эдийн засгийн төлөв байдлыг төсөөлснөөс бууруулж болзошгүй эрсдэлүүд бий. Тухайлбал, вакцинжуулалт удаашрах, Covid-19 цар тахлын эдийн засаг дахь сөрөг үр дагавар илүү удаан хугацаанд үргэлжлэх, хөрөнгө оруулалтын орчин улам муудах зэрэг эрсдэл байсаар байна. Мөн эдийн засгийг идэвхжүүлэх зорилготой аливаа хөтөлбөр, түүний санхүүжилтийн схемийг оновчтой боловсруулж, зөв төлөвлөн хэрэгжүүлэх нь чухал. Эс бөгөөс эдийн засгийн сэргэлтэд сөрөг үр дагавар үүсч болзошгүйг Азийн хөгжлийн банкнаас анхааруулсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж