Дэлхий ертөнц хөгжин тэлж, өргөжихийн хэрээр түүнийг дагасан асуудлууд урган гарсаар ирсэний нэг нь замын түгжрэл. Өнөөдөр монголчуудын тэр дундаа нийслэлчүүдийн хувьд энэ асуудал иргэдийн уур уцаар барах гол шалтгаан болоод байгаа билээ. Гэр бүлдээ зарцуулах, ажиллаж хөдөлмөрлөх, сурч боловсрох цагаа бид зам дээр хий дэмий түгжирч өнгөрөөж байгаа гэхэд буруудахгүй.
Жил бүр л энэ тухай ярьж, мөнгө төсөвлөж, санаа зовдог ч гоц гойд шийдлийг хараахан олоогүй л байна. Нийслэл хотын 400 мянга гаруй иргэнээс хотын тулгамдаж байгаа асуудлын талаар судалгаа авахад иргэдийн 85 хувь нь түгжрэлийг яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэж үзжээ. Учир нь 2010 онтой харьцуулахад гол авто замуудын сүлжээний даац гурав дахин хэтэрсэн байна.
Тодруулбал, 2010 онд авто замын сүлжээний урт 954 км, 234 мянган тээврийн хэрэгсэлтэй байсан бол 2020 онд замын урт 1136 км, машины тоо 632 мянга болж нэмэгджээ. Ингэснээр нийслэлийн иргэд дунджаар өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөж байна.
Түгжрэлийн алдагдсан боломжийн нийт өртөгийг шатахууны зардал болон нөөцийн үр ашиггүй хуваарилалт, цагийн зарцуулалт зэргээр тооцож гаргахад 2020 онд алдагдлын хэмжээ 2.7 их наяд орчим буюу ойролцоогоор 1 тэрбум ам.долларын алдагдлыг хүлээжээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 11.8 их наяд төгрөг буюу 4.1 тэрбум ам.долларын алдагдлыг хүлээсэн байна. Энэ байдлаараа түгжрэлийн алдагдсан боломжийн нийт өртөг 2024 онд 24.3 их наяд төгрөг 8.5 тэрбум ам.долларт хүрэхээр байгааг албаныхан дуулгасан. Тиймээс олон жил яригдаж байгаа түгжрэлийн асуудлыг шийдэхийн тулд нийслэл, Засгийн газартай хамтран багтаамж ихтэй нийтийн тээвэр, замын сүлжээг нэмэгдүүлэх, дагуул хот, дэд төвүүд, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Богдхан төмөр замыг байгуулах шаардлагатай гэж үзжээ.
Энэ сарын 19-ний өдрийн Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар хотын түгжрэлийг шийдэхэд жилд 420 тэрбум төгрөг зарцуулах түүхэн шийдвэр гаргасан хэмээн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъябазар танилцуулсан юм.
Жил бүр, Хотын дарга болгоны хэлдэг, амладаг, шийдэл хайдаг түгжрэлийг үнэхээр арилгаж чадах уу, энэ удаагийн түүхэн шийдвэр. Ийм л эргэлзээ иргэдэд байна.
Д.СУМЪЯАБАЗАРЫН ТҮГЖРЭЛИЙГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМУУД
Эхний ээлжид нэн яаралтай хэрэгжүүлэх арга хэмжээний хувьд багтаамж ихтэй нийтийн тээвэр буюу метрог нэвтрүүлэх, нийтийн тээврийн парк шинэчлэлт хийх, зам дэд бүтцийг сайжруулах, машины зогсоолыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ.
- Яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээнд явган зам, дугуйны замыг нэмэх, сургууль цэцэрлэгүүдийг барих, ачаа тээвэр логистикийг боловсронгуй болгох,
Харин дунд, урт хугацаанд хотын төвийн төвлөрлийг бууруулах, томоохон зах худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх, машины даатгал хурамжыг бүсчилж тогтоох, дагуул хотыг хөгжүүлэх шаардлагатай,
- Багтаамж ихтэй нийтийн тээвэр буюу хөнгөн гал тэргийг 2021-2024 онд нэвтрүүлнэ. Энэ нь түгжрэлийг 17-22 хувиар бууруулна. Нэг чиглэлд 20-30 мянган хүнийг тээвэрлэх хүчин чадалтай. Зураг төслийн ажлыг эхлүүлэхээр бэлдэж буй.
Нийтийн тээврийн салбарт 2009 оноос хойш парк шинэчлэлт огт хийгдээгүй бөгөөд 2021 онд 531 автобус, 2022 онд 121 автобус, 2023 онд 151 автобус, 2024 онд 60 автобусны ашиглалтын хугацаа дуусч, үйлчилгээнээс гарна. Өөрөөр хэлбэл, 2021-2024 онд нийтийн тээврийн үйлчилгээний автобусны 81 хувь нь үйлчилгээнээс хасагдана. Тиймээс нийтийн тээврийн парк шинэчлэлтийг 2021-2024 онд үе шаттайгаар хийхдээ байгальд ээлтэй 500-1000 автобус, 290 автобусны зогсоол, 5000 автомашины зогсоол шинээр байгуулах юм байна.
- Нийслэлийн гол авто замын сүлжээг 2022-2024 онд нэмэгдүүлнэ. Шинээр баригдах тойрог зам болох Баянзүрхийн гүүрнээс Зайсан, Яармаг, Сонсголон, Баруунтуруун, Тахилт, Найрамдал, Баянхошуу, Дамбадаржаа, Улиастай, Баянзүрхийн гүүр гэсэн их тойруу хийхээр төлөвлөж байна. Энэ нь хотын төвийн түгжрэлийг бууруулахад гол нөлөө үзүүлнэ.
Үүн дээр нэмэгдээд холбоос зам болох туслах замуудыг шинээр тавих болон өргөтгөн шинэчилнэ. Тухайлбал, гол гудамжны замын өртгөтгөл 82.43 км, хотын тойрог замын сүлжээ 71.5 км, хороолол дундах холбоос зам 70.26 км, 6 нүхэн гарц, 6 уулзвар, 7 гүүрний шинэчлэл, явган зам 98 км, дугуйн зам 249 км хийнэ. Үүний үр дүнд авто замын сүлжээний даац 35 хувиар нэмэгдэж, түгжрэлийг 30-40 хувиар бууруулах аж.
"БОГДХАН" ТӨМӨР ЗАМЫН УРТ 174.8 КМ БАЙНА
Улаанбаатар хотын гол замын дөрвөн хэсэгт төмөр зам, авто зам хоёр огтлолцдог. Дунджаар дөрвөн гарамд хоногийн 144 минутыг галт тэрэгний хөдөлгөөнд зориулж, авто замыг хаадаг байна. "Богдхан" төмөр замыг ашиглалтад оруулснаар энэ хугацааг 62 минут болгож буюу 57 хувиар бууруулах тооцоо бий. Нүхэн гарц болон гүүрэн байгууламж буюу авто зам, төмөр зам хоёрыг хоёр өөр түвшинд огтлолцуулах үед 62 минутыг 0 болгох боломжтой юм байна. Энэ долоо хоногт “Богдхан” төмөр замын техник эдийн засгийн үндэслэлүүдийг боловсруулах, бэлтгэл ажлыг хангуулахад шаардлагатай хөрөнгө мөнгөний асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулна.
Ямар ч гэсэн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъябазар түгжрэлийг бууруулах, арилгах төлөвлөгөөгөө танилцуулж, түүхэн шийдвэрээ гаргуулсан гэлээ. Гэхдээ түүхэн шийдвэр гаргаж, төлөвлөгөө танилцуулах Хотын дарга бүрийн хийдэг ажил байсан. Харин энэ удаад УИХ-ын танхимаа орхиж ирсэн Хотын даргын түүхэн шийдвэр, түгжрэлийг бууруулах амбиц биелэлээ олох эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.
Холбоотой мэдээ