Мьянмарчуудын жагсаал иргэний дайн болж хувирав

Хуучирсан мэдээ: 2021.05.24-нд нийтлэгдсэн

Мьянмарчуудын жагсаал иргэний дайн болж хувирав

Мьянмарчуудын жагсаал иргэний дайн болж хувирав

Мьянмарт ардчиллыг дэмжигч залуучуудын байгуулсан зэвсэгт бүлэглэлүүд эхэндээ Мьянмарын хүчирхэг армийн эсрэг санаанд оромгүй амжилттайгаар цэргийн байрууд руу дайрч, гар аргаар хийсэн буу, тэсрэх бөмбөг зэргээрээ олон цэргийн аминд хүрч, ялалт байгуулж байв. Гэвч тэдний нэг Чинландын зэвсэгт хүчин хэмээх хунтын дэглэмийг эсэргүүцэгч партизанууд удалгүй хүнд эсэргүүцэлтэй тулгарч, улмаар ширэнгэн ойд дүрвэхээс өөр аргагүйд хүрцгээсэн гэнэ. Учир нь армийнхан байлдааны нисдэг тэрэг, явган цэргээр хүчээ нэмэгдүүлэн энгийн ард иргэдээр амьд бамбай хийж, хариу цохилт өгч, умард нутгийн Миндат тосгоныг иргэний дайны талбар болгосон байна.

Чинландын зэвсэгт хүчний цэрэг Салай Лин Яв “Армийнхан гурван эр, 12 эмэгтэйг амьд бамбай болгон тосгонд нэвтэрсэн. Тэр байтугай эмэгтэйчүүдийн нэг нь жирэмсэн байсан. Тиймээс бид хүмүүсээ гэмтээхгүйн төлөө ухрахаас өөр аргагүй болсон юм. Бид ялах хүртлээ тулалдсаар байх болно. Бид армийнхныг сэтгэлийн гүнээсээ үзэн ядсаар байх болно, бид тийм хүмүүстэй нэг газар дээр амьдарч чадахгүй” хэмээн ярьжээ.

Чинландын зэвсэгт хүчин бол ардчилсан удирдагч Аун Сан Су Чиг суллуулахын тулд тайван замаар эсэргүүцлээ илэрхийлж байсан залуучуудын байгуулсан зэвсэгт бүлэглэлүүдийн ердөө нэг нь юм.

Эх сурвалжийн мэдээлснээр өмнө нь тайван жагсаалд оролцож байсан мянга мянган залуучууд хунтын дэглэм нэгэнт тогтсон хотуудаас хилийн дагуух тосгод руу дүрвэцгээн, тэндээ хоргодож, олон жилийн турш армийг эсэргүүцсээр ирсэн зэвсэгт бүлэглэлүүдэд элсч байгаа гэнэ. Тийнхүү хүн хүчээ зузаатгасан зэвсэгт бүлэглэлүүд зэвсэг болгон ашиглаж болох бүхнийг ашиглан армийнхны эсрэг эрчимтэй тэмцэх болсон аж.

Тэднээс гадна энэ сард Аун Сан Су Чигийн намын гишүүд байсан хүмүүс, жагсаал зохион байгуулагч нар, үндэстний цөөнхийн төлөөллүүд нэгдэн үндэсний эв нэгдлийн засгийн газар байгуулж, хунтын дэглэмийг эсэргүүцэх өөрсдийн гэсэн зэвсэгт хүчинтэй болсон байна.

Ийнхүү гуравхан сарын өмнө тайван бөгөөд хөгжилтэй, бүтээлч замаар үзэл бодлоо илэрхийлж, ардчиллыг шаардан жагсацгааж байсан залуу үеийнхэн гартаа зэвсэг атган хөмсөг зангидаж, зэвсэгт бүлэглэлд элсэх, эсвэл өөрсдөө шинийг байгуулж, зэвсэгт бүлэглэлүүдийн тоог олшруулж, тэдгээрийн үйл ажиллагааг улам дэмжин эрчимжүүлж байгаа нь ажиглагчдын санааг ихээр зовоож байна. Учир нь энэ байдлаас харахад Мьянмарыг тэр аяар нь хамарсан зохион байгуулалттай байлдааны үйл ажиллагаа явуулах сүлжээ үүсч, нийт ард түмнийг хамруулсан иргэний дайн дэгдэж эхэлсэн бололтой. Тиймээс ажиглагчид “Хунтын дэглэмийн удирдагчид ард иргэдтэйгээ нэг биш, нэлээд хэдэн дайнд зэрэг ороход ойрхон байна” хэмээн сануулж байгаа юм.

Энэ долоо хоногт армийнхан умард нутгийн Шан болон Качин мужуудад босогчидтой ширүүн тулаанд оржээ. Учир нь эртнээс тус мужуудад үйл ажиллагаа явуулж буй зэвсэгт бүлэглэлүүд ардчиллыг дэмжигчидтэй нэгдэж, хурдны замуудыг отож, армид шатахуун, нэмэлт хүч тээвэрлэн нийлүүлж буй машинуудыг замд нь тонож, устгаж байгаагаас болоод армийн шатахууны хомсдол улам даамжирч байгаа аж.

НҮБ-ын мэдээлж байгаагаар гуравдугаар сарын дунд үед мөргөлдөөн эхэлснээс хойш Качин мужид 10 мянга орчим хүн гэр орноо орхин дүрвэцгээсэн бөгөөд энэ байдал улсын зүүн болон умард бүсийн хэд хэдэн мужид давтагдаж байгаа гэнэ.

Сүүлийн үед Миндат тосгоны 8000 орчим иргэн тулалдаанаас зугтаж, ихэнх нь ойролцоох ширэнгэн ойд бүгсэн гэнэ. Харамсалтай нь ширэнгэн ойд нуугдсан хүмүүст хүнс, эмийн хомстол гол асуудал болж байна.

1948 онд Их Британийн колоничлолоос чөлөөлөгдсөн тус улсад олон соёл, үндэстэн, угсаатан, хэлтэн холилдон амьдардаг бөгөөд нийт нутгийн гуравны нэг хэсгийг 20 өөр зэвсэгт бүлэглэл удирддаг бөгөөд зарим нь олон жилийн өмнөөс армитай тулалдсаар иржээ. Харин сүүлийн үед болж буй үйл явдал, үймээн самуунаас болж тулаан улам ширүүсч байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар армийг эсэргүүцэгч зэвсэгт бүлэглэлүүдийн нийт гишүүд өдгөө цэргүүдээс олон болсон бөгөөд олон тусдаа удирдлагатай учир армитай олон фронтод зэрэг тулалдах чадвартай болж байгаа гэнэ.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж