Ерөнхий сайдын БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажил үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2021.05.23-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажил үргэлжилж байна

Ерөнхий сайдын БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажил үргэлжилж байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.


Засгийн газар байгуулагдаад 100 хоногт хийсэн ажлаа Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ танилцууллаа. Шинэ Засгийн газрын тавьсан үндсэн дөрвөн зорилтын хүрээнд ГХЯ тоймтой ямар ажлуудыг хийж хэрэгжүүлсэн бэ?

-Засгийн газрын дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх ажилд ГХЯ бусад яамтай адилхан үүрэг, хариуцлагатай оролцдог. Аль нэг яам зөвхөн өөрийн чиглэлийн ажлыг хариуцна гээд Засгийн газрын бодлого шийдвэрийг ялгаварлах, өөрийн үзэмжид нийцүүлэх боломжгүй.

ГХЯ-ны хувьд коронавирусийн эсрэг вакцины нөөцийг бүрдүүлэх, хилийн чандаас иргэдээ татан авах ажилд түлхүү оролцох шаардлага гарсан. Засгийн газрын өгсөн үүрэг чиглэлийн дагуу бид дөрвөн төрлийн нийт 3.6 сая тун вакцин авчирч, шаардлагатай нөөцийг бүрдүүлэхэд тэргүүлэх үүрэгтэй оролцлоо. Нийт 16 удаагийн нислэгээр вакцин татан авах ажилд ГХЯ-ны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашигласан.

Энэ ажилд хилийн чанд дахь нийт дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд идэвх зүтгэлтэй оролцсоныг хэлэх хэрэгтэй. Дээр нь тусгайүүргийн 43 нислэгээр, мөн урд, хойд хилийн боомтоор 5000 гаруй монгол иргэнийг эх орондоо авчрахад манай яамны ажилтнууд хэдэн сарын ажлаа зориулсан. Засгийн газрын дэвшүүлсэн эдийн засгаа сэргээх зорилтын хүрээнд ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолой Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжих төсөл амжилттай урагшилж байна, олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг ашиглалтад оруулах, газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулах, орон сууцны шинэ хорооллууд барих томоохон төслүүд ч тохиролцооны дагуу хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд ГХЯ тэргүүлэх үүрэгтэй оролцож байна.

Засгийн газар богино хугацаанд коронавирусийн эсрэг вакцины нөөцийг бүрдүүлсэн нь томоохон амжилт байлаа. Тавакцин татаж авах ажилд ГХЯ голлох үүрэгтэй оролцлоо гэж байна. Яг ямар үүрэг гүйцэтгэсэн юм бэ?

-Вакцины талаарх яриа хэлцэл хоёр талт, олон талт хамтын ажиллагааны хүрээнд яригдсан. Дипломат харилцааны шугамаар ярьж тохирч байж бодит үр дүнд хүрэх нь эхнээсээ тодорхой байсан юм. Энд манай улс цаг алдаагүй, бүх үйл явцад эхнээсээ зохион байгуулалттай сайн оролцсон. Вакцин нийлүүлэх боломжтой үйлдвэрлэгчдийг судлах, тэдэнд хүсэлт гаргах, гэрээний нөхцөлийг тохирох, тээвэрлэх нислэг, маршрутыг тогтоох, хүлээн авах ёслолыг зохион байгуулах гээд олон ажлыг урт удаан хугацааны туршид ярьж хэлэлцэж явсны үр дүнд бид харьцангуй сайн нөхцөлд ард иргэдээ вакцинжуулах боломжтой болсон. Өмнөх Засгийн газар цаг үеийн нөхцөл байдлыг мэдэрч, 10 сарын турш вирусийн тархалтыг хумьж чадсан нь ч энэ амжилтад хүрэхэд чухал нөлөөтэй байлаа. Шинэ Засгийн газар энэ бодлогыг амжилттай үргэлжлүүлж, бодит үр дүнд хүргэж чадсан. Манай Төрийн нарийн бичгийн даргын төлөөлөлтэй ажлын хэсэг яриа хэлэлцээг үр дүнтэй хийсний үр дүнд вакцины үнийг хөнгөлж, улсын төсвийн зардлыг хэмнэсэн гэдгийг ч энд тэмдэглэх нь зүйтэй. Энэ бүх ажил амжилттай болсон нь манай Гадаад харилцааны үндэс суурь зөв, манай дипломатуудын ур чадвар өндөр гэж дүгнэхээс өөр аргагүй юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улс нийт 3,800,540 тун вакцин татан аваад байгаа. Дархлаажуулалтад хамрагдах ёстой зорилтот бүлгийн 1,792,657 хүн буюу 86.7 хувьд нь вакцины нэг дэх тунд, 651,588 хүн буюу 30.6 хувьд нь хоёр дах тундаа хамрагдсан нь хүн амд эзлэх хувиараа дэлхийд нэлээд өндөр үзүүлэлт болоод байна. Монгол Улс бүс нутагтаа вакцинжуулалтын явцаар тэргүүлж байгаа бол, хүн амаа бүрэн вакцинжуулсан хувиар дэлхийн улс орнуудын 16-д жагсаж байгаа нь бидний ажлын үр дүн гэж харж байна. Түүнчлэн энэ оныг дуустал манай улс вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрийн шугамаар 1.2 сая орчим тун вакцин нэмж авна. Зургадугаар сарын 1-нээс өмнө 100 мянган тун пфайзер вакцин ирнэ. Пфайзер вакциныг ойрын үед нэмж оруулах талаар яриа хэлэлцээ хийж байна. Японы Засгийн газрын буцалтгүй тусламж, НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар “КОВИД-19 цар тахал болон онцгой байдлын үед нийгмийн эрүүл мэндийн чадавхыг бэхжүүлэх” хоёр үе шаттай төсөл хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд 2.6 сая тун вакцин худалдан авах 15.6 сая ам.долларыг Японы Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангийн манай дансанд шилжүүлсэн.

СаяханМонгол Улсын вакцины дипломат ажиллагаагэдэг нийтлэл гадаадын хэвлэлд гарсан байсан. Өнгөрсөн хугацаанд манай улс зөвхөнвакцины гадаад бодлогоявуулсан гэсэн үг үү?

-Засгийн газрын вакцины бодлого амжилтай хэрэгжиж байгаа нь гадаад ертөнцийн анхааралд өртсөн байж магадгүй. Дэлхийн олон улс энэ жилдээ багтаж вакцинжуулалтад хамрагдахгүй нь гэсэн тооцоо,судалгаа байгаа. Ер нь Монгол Улс цомхон мөртлөө, гадаад харилцааны чадварлаг бүтэцтэй гэдэг ойлголт олон улсын улс төрийн харилцааны хүрээнд нэгэнт тогтчихсон юм шиг санагддаг. Ялангуяа академик хүрээлэлд. Өнгөрсөн түүхийг судалдаг эрдмийн хүрээний хүмүүс зүй тогтол хайж байгаад тийм гаргалгаанд хүрсэн байж магадгүй. Вакцины гадаад бодлого гэж байсан уу, байсан бол тэр нь зөв үү, үгүй юү гэсэн асуултад Гадаад харилцааны сайдын хувьд өнөөдөр би тийм, ийм гэж хариулах боломжгүй. Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэл нь вакцинжуулалт байсан уу гэвэл би тийм гэж хариулна. Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд манай яам тэргүүлэх байр суурьтай оролцсон уу гэвэл мөн л тийм гэж хариулна. Түүнээс биш манайд зөвхөн “вакцины” гэсэн тодотголтой богино хугацааны гадаад бодлого байж болохгүй байх. Алтан аргамж бол урт хугацааны, тогтвортой, ойлгомжтой, шинжлэх ухааны үндэслэлтэй үзэл баримтлалын тогтолцоо гэдгийг манай Гадаад бодлогын үзэл баримтлалд тодорхой заачихсан байгаа.

Иргэдийн татан авалтад ГХЯ яаж оролцдог юм бэ. Хилийн чанд дахь дипломат төлөөлөгчийн газруудын ачаалал өндөр байсан уу?

-Хилийн чанд дахь монгол иргэдийн аливаа асуудал ГХЯ-ны хариуцах үндсэн чиг үүрэгт хамаарна. Үүнийг манай яамны зөвхөн консулын үйл ажиллагаанд хамаатуулж болохгүй, гадаадаас нутаг буцах хүсэлтэй иргэд байгаа бол тэднийг эх оронд нь авчрахад энэ яам бүр онцгой үүрэг гүйцэтгэх ёстой. Энэ хүрээнд нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, тусгаарлалтын хоногийг бууруулах, тусгай үүргийн нислэгийн тийзийн үнийг багасгах гээд хэд хэдэн санаачилга гаргасан. Засгийн газар ч дэмжсэн. Гадаадын 87 улсаас 40 орчим мянган иргэнээ эх оронд нь ирүүлэхэд бид сайн оролцсон. Энэ амаргүй ажлыг хэрэгжүүлэхэд төрийн олон байгууллага оролцсон гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Ер нь аливаа Засгийн газрын үйл ажиллагаанд төрийн бүх байгууллага оролцож байж бодлогыг нь хэрэгжүүлдэг. Нэгэнт бодлого гарсан бол дипломатууд төвд, эсвэл хилийн чандад үүрэг гүйцэтгэж байгаагаас үл хамаарч, шийдвэрийг хэрэгжүүлэх үйлсэд бүх нийтээрээ оролцох ёстой. Бодлогын шийдвэрүүдийг хэрэгжүүлэх нь хаана ч хүнд хэцүү зорилт болдог, тиймээс хилийн чанд дахь дипломат ажилтнуудын ачаалал их өндөр байсан.

ГХЯыг улс орны дотоодод хэрэгжүүлдэг ажлуудад тэр бүр оролцоод байдаггүй гэж хүмүүс ойлгодог. Эдийн засгийг сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд танай яам яаж оролцсон бэ?

-Төр, засгийн аливаа шийдвэр ард иргэдээ яаж сайн сайхан амьдруулах вэ гэдэгт л чиглэгддэг. ГХЯ-ны үндсэн чиг үүрэг нь энэ улсын үндэсний аюулгүй байдлыг дипломат шугамаар сахин хамгаалах явдал гээд Үндэсний аюулгүй байдлын, Гадаад бодлогын үзэл баримтлалд заачихсан байгаа. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах дотоод гол хүчин зүйлийн нэг нь ард иргэд нь баян чинээлэг байх явдал гэсэн нэг гаргалгаа байдаг. Хэрэв тэр үнэн бол ГХЯ-ны өдөр тутмын хийдэг ажилд тэр хөдөө хээр явдаг малчид, үйлдвэрлэл эрхэлж байгаа ажилчид, зах дээр худалдаа хийж байгаа хүмүүсийн ахуй амьдрал хамгийн их хамаатай. Эцсийн эцэст тэдний ажиллаж амьдрах сайн сайхан нөхцөлийг бүрдүүлэх явдал дипломатуудын хийдэг ажлын гол зорилго байж таарна. Иргэдийн эрх ашгаас давсан гадаад харилцаа гэж угаасаа байж болохгүй шүү дээ. Тэгэхээр эдийн засгийг сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө манай яаманд хамгийн их хамаатай. Энэ чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил харин овоо бий. Хилийн ачаа тээврийн боомтын үйл ажиллагааг сэргээж хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, экспорт, импортыг ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмд оруулах, гадаад худалдааны бараа эргэлтийг нэмэгдүүлэх, дор хаяж цар тахлын өмнөх хэмжээнд хүргэх гээд олон ажил яг энэ цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл болно. Яг одоо бол экспорт, импортын үйл ажиллагаа сэргэж байгаа. Алтанбулаг, Замын-Үүд дэх боомтын бөөгнөрлийг багасгах, Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, голлох хилийн боомтууд дээр ариутгал, халдваргүйжүүлэлт хийх цэг байгуулах, импортын барааг тээвэрлэх ачааны автомашиныг Улаанбаатар хот руу саадгүй явуулах гаалийн хяналтын нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ажлууд ГХЯ-ны үндсэн чиг үүрэгт огт хамааралгүй мэт харагдаж болно. Гэвч үнэн хэрэгтээ эдгээр ажлууд ихэнхдээ хоёр талын, заримдаа гурван талын харилцааны шугамаар зохицуулагддаг. Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2021 оны эхний дөрөвдүгээр сарын дүнгээр 4.45 тэрбум ам.доллар болж, экспортын дүн импортын дүнгээс 535.4 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсанд манай яам зохих хувь нэмрээ оруулсан гэж би боддог. Экспортод 2.5 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн, түүхий эд гаргаж, хэмжээ нь цар тахлын өмнөх буюу 2019 оны мөн үетэй тэнцүү болсон. Статистикийн тоо баримт зүгээр бий болчихоогүй, олон хүний хүч шингэсэн хөдөлмөр гэдгийг дурдах хэрэгтэй.

Ерөнхий сайд цар тахалгүй наадмаа хийхээ мэдэгдсэн. Цар тахалгүй наадам хийхэд танай оролцоо юу вэ?

-Монгол Улс долдугаар сарын 1-нд хилээ нээнэ гэдгийг Улаанбаатар дахь гадаадын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нартай хийсэн уулзалтын үеэр би зарласан. Засгийн газар надад тийм үүрэг чиглэлийг өгсөн. Ингэж зарласнаар манай яаманд вакцинжуулалтад хамрагдсан иргэдээ харилцан хүлээн зөвшөөрөх яриа хэлцлийг эхлүүлэх давхар үүрэг ногдож байгаа. Аялал жуулчлалын аюулгүй бүсийн нэгээр зарлагдаж чадвал манайд ирэх сонирхолтой гадаад иргэдийн тоо нэмэгдэж болно. Тэдэнд виз өгдөг нөхцөлийг нь хялбаршуулбал аялал жуулчлалын салбарт нэмэр болно гэсэн тооцоо судалгаа байдаг. Бид цахим Монгол хөтөлбөрийн хүрээнд цахим виз олгодог системийг хэрэгжүүлэх боломжийг судалж байгаа. Цар тахлын дараах хүнд үеийг даван туулахад вакцинжуулалтаа сайн хийж чадсан улс орнууд давуу талтай болж магадгүй. Хэрэв тийм бол визийн уян хатан бодлого зайлшгүй хэрэгтэй. Ер нь долдугаар сард гадаадын хэдэн жуулчинд виз олгосон бэ гэдгээр тухайн жилийн наадмын гадаад цар хүрээг тодорхойлдог нэг хэмжүүр тогтоож ч болох юм.

Засгийн газар цаашдаа хүүхдүүдийг вакцинжуулах ажилд гол анхаарлаа хандуулна гэсэн. Вакцины хангалт, нийлүүлэлтийн талаар ГХЯ хамгийн сайн мэдээлэлтэй байгаа гэж ойлголоо. Хүүхдийн вакцины талаар олон нийтэд тодорхой, албан ёсны ойлголт өгөөч?

-Хүүхдийн вакцин том хүнийхээс өөр найрлагатай байна гэж би бодохгүй байгаа. Тунгийн хувьд хэмжээ нь бага байж магадгүй. Туршилт хийж байгаа дөрвөн компани байгаа гэсэн, эмнэл зүйн туршилт хийх тодорхой үе шаттай, тэр нь амжилттай болчихвол эрүүл мэндийн байгууллагууд үе шаттай зөвшөөрөл өгөх бололтой. Хамгийн сүүлчийн мэдээгээр пфайзер компани 12-15 настай хүүхдүүдэд вакцин хийх зөвшөөрөл авчээ. Туршилтыг насны ангиллаар хийдэг юм байна. 12 хүртэлх насны хүүхдэд хийх вакцины зөвшөөрөл жаахан удаж гарч магадгүй гэнэ. Тэр нь бас дотроо таваас 11 хүртэлх насныханд, зургаан сартайгаас тав хүртэлх насныханд гээд өөр өөр түвшинд цаг хугацааны ялгамжтай гарч магадгүй юм шиг байна. Гэхдээ энэ бол эрүүл мэндийн салбарын, мэргэжлийн хүний үнэлэлт биш, вакцины нийлүүлэлтийн талаарх яриа хэлэлцээг яг одоо хариуцаж байгаа гадаад харилцааны салбарын хүмүүсийн одоо цаг дээрх ойлголт. Цаашдаа энэ ойлголт ч тогтмол өөрчлөгдөх юм шиг байна. Цаг хугацааны хувьд зөвшөөрөл нь яаж ч гарсан Засгийн газар хүүхдүүдийг вакцинжуулах асуудлыг эн тэргүүний зорилт болгож ГХЯ-нд тодорхой үүрэг чиглэл өгсөн. Бид хэлэлцээрийн эхний үе шатыг эхлүүлсэн, удахгүй тодорхой тохиролцоонд хүрэх байх.

Төрийн үйлчилгээг цахимжуулах, нэгдсэн сүлжээ нэвтрүүлэх зорилтын хүрээнд хийсэн ажлуудын талаар мэдээлэл өгөөч?

-ГХЯ-ны иргэдэд хүрдэг гол ажлын нэг нь консулын үйлчилгээ байдаг. Апостиль гэдэг гэрчилгээний баталгааг консулын байгууллага гаргадаг. Нотариатын үйлчилгээ хийдэг. Монгол Улс цахим үндэстэн болох зорилт дэвшүүлсэн, иргэд төрийн үйлчилгээг хилийн гадна, дотор хаана амьдарч байгаагаасаа үл хамаарч түргэн шуурхай авдаг болох боломжийг бүрдүүлэхэд бид анхаарч ажиллаж байна. Одоогийн байдлаар төрийн үйлчилгээний нэгдсэн “E-Mon­golia” платформаар дамжуулан гадаадад байгаа монгол иргэд түгээмэл 40 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн. Цаашлаад гадаадад байгаа иргэдэд нотариатын үйлчилгээг цахимаар хүргэх ажлыг монгол иргэд олноор оршин суудаг улс орнуудад туршилтын журмаар нэвтрүүлэхээр ажиллаж байна. Хилийн чандад оршин суугаа иргэд энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн сайн дурын нийгмийн даатгалд цахимаар хамрагдах боломжийг нээсэн. Цар тахлын үед ард иргэдээ дэмжих 300 мянган төгрөгийг гадаадын 87 улсад оршин суугаа 170 гаруй мянган иргэнд и-баримт цахим системээр дамжуулан шуурхай олгосон. Цахим гарын үсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, гадаадад байгаа иргэдэд тоон гарын үсэг олгох нөхцөлийг хялбарчилж чадвал консулын үйлчилгээ иргэдэд хаана оршин суугаагаас нь үл хамааран илүү хурдан, илүү хялбар хүрэх боломж бүрдэнэ.

Засгийн газрын 100 төсөл хөтөлбөрт танай салбарын оролцоо ямар байгаа вэ?

-Засгийн газрын 100 төсөлд гадаад улс орнуудын оролцоо чухал. Гадаадын хөрөнгө оруулалт, шинэ техник технологид суурилсан бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгдсөн байгаа. Ийм нөхцөлд ГХЯ сонирхогч байгууллагуудыг холбож өгөх үүрэг хүлээдэг. Яг бодитой үр дүн нь ил тодорхой харагддаггүй мөртлөө, сүүлд бодоод байхад гадаад, дотоодын олон байгууллагыг холбож өгч, дараа нь тоймтой ажлын эх суурь тавигдсан байдаг. Би хилийн чанд дахь дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нартайгаа онлайнаар нэг бүрчлэн уулзаж Засгийн газрын зорилтуудтай холбоотой үүрэг өгсөн. Ялангуяа хувийн хэвшлийн хооронд харилцаа холбоо тогтооход ГХЯ онцгой үүрэг гүйцэтгэх ёстой. Ер нь манай бүтээгдэхүүнийг хэзээ, хэн ирж авах бол гэж хүлээж суухгүй, өөрсдөө хэрэглэгчдэд нь хүргэдэг арга замыг эрж хайх нь бүтээлч санаачилга гэж үздэг хандлага сүүлийн үед гарч байгаа. Энэ хандлага, ялангуяа Засгийн газрын томоохон төслүүдийг урагшлуулахад хилийн чанд дахь манай дипломат төлөөлөгчийн газруудын удирдамж болох ёстой. Дээр нь ХЗДХЯ-тай хамтран бид цахим виз нэвтрүүлэх төслийг эхлүүлсэн. Жуулчдын тоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдад хялбар үйлчилгээ үзүүлэх зэрэг ач холбогдолтой энэ төслийн хүрээнд бид цахим визийн системийг боловсруулж, нууцлал, аюулгүй байдал, төлбөр тооцооны шийдлийг тодорхойлсон. Монгол Улсад оршин суух гадаадын иргэдийн статус, визийн хураамж, нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан зэрэг харилцааг зохицуулсан захиргааны хэм хэмжээний актуудын төслийг боловсруулсан. Цахим визийн системийн туршилтыг зургадугаар сард багтаан эхлүүлж, аялж жуулчлах, спорт, урлагийн арга хэмжээнд оролцох зорилгоор ирж буцах, дамжин өнгөрөх хүмүүст цахим виз олгох төлөвлөгөөтэй байна.

Ерөнхий сайд БНХАУд айлчилна, айлчлалын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

-Хоёр талын урьдчилан тохиролцсон төлөвлөгөөний дагуу Ерөнхий сайд 2021 онд БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын бэлтгэл ажлыг хийж байгаа, тодорхой товыг эцэслэн тохиролцсоны дараа олон нийтэд мэдээлнэ.

Монгол Улс хилээ нээсний дараа ГХЯ өндөр, дээд хэмжээний ямар ямар айлчлал хэрэгжүүлэх вэ?

-ГХЯ өндөр, дээд айлчлалын асуудлыг түнш орнуудтайгаа тогтмол ярилцдаг. Тодорхой шийдэлд хүрснийхээ дараа хоёр тал харилцан тохиролцож байж товыг нь нэгэн зэрэг зарладаг. Коронавирусийн тархалтын улмаас хойшлогдсон олон арга хэмжээ бий. Гэвч дэлхийн улс орнууд гадаад харилцааны үйл ажиллагааны тасралтгүй, тогтмол чанарыг хадгалахад чиглэгдсэн янз бүрийн шийдлийг олж хэрэгжүүлж байна. Манай гадаад харилцаа бүх чиглэлд хэвийн үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж