Улаанбаатар хотод таван суурьшлын шинэ бүсийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээлэв. Баянзүрх дүүргийн 11-р хороо, Хонхор орчим, Налайх дүүргийн 1, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинэ суурьшлын бүс байгуулах санал гаргажээ.
Жишиг суурьшлын бүсийн зорилго нь ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хот байгуулалтын бодлоготой хослуулсан, эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн, ухаалаг амьдралыг хэвшүүлсэн, ажлын байртай, амьдрахад таатай орчин бүрдүүлэх аж.
Налайх дүүрэгт байгуулах шинэ суурьшлын бүсийн нутаг дэвсгэрт 4725 өрхийн 16065 хүн ам байнга оршин суухаар төлөвлөж буй юм байна. Мөн төслийн хүрээнд 6400 ажлын байр бий болгох аж. Шинэ суурьшлын бүсэд 900 мянган төгрөгөөс дээш орлоготой иргэд хамрагдах боломжтой бөгөөд санал асуулгад оролцсон иргэдийн 54.1 хувь нь боломжтой гэсэн хариу өгчээ.
Шинэ суурьшлын бүсийг нийт таван газар байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэдгээр газруудыг нарийвчлан судлах үүрэг өгсөн байна.
Суурьшлын бүсийг 2021-2025 он, 2026-2030 он, 2031-2040 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ