Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нарын хамт Дорнод аймгийн Чойбалсан хотод өчигдөр (2021.05.22) ажиллав.
Чойбалсан хотын хүн амын тоо сүүлийн гурван жилд тасралтгүй өсч, 2020 оны байдлаар 83087 буюу өнгөрсөн оноос 1033-аар өссөн үзүүлэлттэй байна. Тус аймгийн төв Чойбалсан хотод нийт хүн амын 55.9 хувь нь оршин суудаг.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Дорнод аймаг хийжээ. Энэ дагуу иргэдийн амьдарч, ажиллаж, амрахад таатай нөхцөлийг бүрдүүлсэн, хотын хүн амын суурьшлын шинэ төвлөрлийг бий болгосон ухаалаг шийдэлтэй орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг тус аймгийн удирдлагууд танилцууллаа.
Чойбалсан хотын баруун хойд хэсэгт хотын төвөөс 5 км зайд, Хэрлэн сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт “Бумбат” гэдэг газарт 48 га талбайд 1800 айлын орон сууцны хороолол барихаар төлөвлөгдсөн байна. Дэд бүтцэд шаардлагатай 10 тэрбум төгрөгийг улсын төсвөөр санхүүжүүлж, Дорнодын барилга бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ гэж Ерөнхий сайд хэллээ.
Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймгийн ДЦС-ын 50МВт өргөтгөлийн ажлын явцтай танилцав. Төслийн барилга угсралтын ажил 2020 оны наймдугаар сарын 26-ны өдөр эхэлсэн. Өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажлын гүйцэтгэл 37.5 хувьтай байна. Төслийн нийт үргэлжлэх хугацаанд 500 орчим монгол ажилчин, 300 орчим БНХАУ-ын ажилчин тус тус ажиллах төлөвлөгөөтэй.
Төслийн явцад хэд хэдэн асуудал тулгарч байна. Тухайлбал, Монгол талын зарим санхүүжилтээс шалтгаалж барилга угсралтын ажил удааширсан, бараа материалыг хилээр нэвтрүүлэхэд хүндрэл гарч байгааг гүйцэтгэгч компанийн төлөөлөл хэллээ.
Холбоотой мэдээ