Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн малчин айлд жирэмсэн эх цус алдлаа гэсэн дуудлага тус аймгийн Түргэн тусламжийн газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Н.Ержан, мэдээгүйжүүлгийн эмч Б.Сураужан, Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмч Х.Өмиргүл, эмч А.Саулен, сувилагч М.Жаныл, Лена, Цусны лабораторийн ажилтан Кенжебек нарын хагалгааны баг жирэмсэн эхийн гэрт очиход биеийн байдал нь хүнд, тээвэрлэх боломжгүй байжээ.
Эхийн амь насанд эрсдэл тулгарсан тул яаралтай журмаар кесар хагалгаа хийж, хүүхдийг эсэн мэнд эх барьж авсан байна. Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр, эх, хүүхдийн биеийн байдал сайн, сумынхаа Сум дундын эмнэлэгт байгаа ажээ.
Мөн энэ сарын 9-ний өдөр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч С.Гүндэгмаа, нойрсуулах эмч С.Энхбаяр нараар ахлуулсан хагалгааны баг малчин айлд кесар хагалгаа хийж, эх хүүхдийн амийг аварсан билээ. Тодруулбал, Жинст сумаас 60 км-ын зайтай жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэртэй, даралт их жирэмсэн эхэд хөдөө гэрт нь кесар хагалгаа хийж, эх хүүхдийн амийг аварсан юм.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ