Улсын онцгой комиссын 18 дугаар хурлын тэмдэглэлийн 3.1 заалт болон Улсын онцгой комиссын даргын 46 дугаар тушаалаар баталсан “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах журам”-ын дагуу уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн туслан гүйцэтгэгчид, ханган нийлүүлэгчид, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, тээврийн гэрээт аж ахуйн нэгжүүдийн ажилчдын ээлж солих ажлыг 2021 оны тавдугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлж байна.
Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс болон Өмнөговь аймгийн онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу тавдугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаагаар уурхайн ажилчдын ээлж солилтыг зогсоож, уурхайн ажилчдыг вакцинжуулах ажлын бэлтгэлийг хангаж, дархлаажуулалтыг эрчимжүүлжээ.
Уул уурхайн салбарын гол нэрийн бүтээгдэхүүнийг экспортлогч томоохон 25 аж ахуйн нэгжийн нийт ажилчдын 76 хувь буюу 33644 ажилчныг дархлаажуулалтын нэгдүгээр тунд, 55 хувь буюу 24203 ажилчныг хоёрдугаар тунд нэгдсэн зохион байгуулалттайгаар хамруулжээ. Вакцины хангалт хэвийн байх тохиолдолд эдгээр компанийн нийт ажилчдыг вакцины бүрэн тунд хамруулж дуусгах аж.
Өмнөговь болон Дорноговь аймгуудад уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд ээлж солих тухай хүсэлтээ ээлжинд гарах болон ээлжээс буух ажилчдын судалгаа (Хавсралт 1)-ны хамт Улсын онцгой комисс (УОК)-ын шуурхай штабт хүргүүлж, хувийг Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын алба (ГХУУХҮУА)-ны Шуурхай штабын цахим хаяг(erdenetsetseg@mmhi.gov.mn)-аар илгээх юм байна.
Тус штабаас ээлж солихыг зөвшөөрсөн аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг УОК-ын Шуурхай штабт хүргүүлснээр тухайн аж ахуйн нэгжийн хүсэлт хянагдаж, зөвшөөрөл олгогдох аж. УОК-ын Шуурхай штабаас Цагдаагийн ерөнхий газарт зөвшөөрлийг хүргүүлж, нийслэл, орон нутгийн постуудад мэдэгдсэн даруй аж ахуйн нэгжүүд ээлжинд гарах болон ээлжээс буух ажилчдын тээвэрлэлтийг хийж эхлэх юм байна.
Бусад аймаг, орон нутагт уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд тухайн орон нутгийнхаа Онцгой комиссоос тавьж буй шаардлага, мөн “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах журам”-д заасан шаардлагуудыг хангаж, ажилчдынхаа ээлжийг солих аж.
Нийслэл болон орон нутагт амьдарч буй иргэдийг вакцины 1 ба 2 дугаар тунд харъяалал харгалзахгүйгээр хамруулж байгаа тул ажилчдаа вакцинд хамруулах талаар санал санаачилгатай байж, тэдний дархлаажуулалтыг дэмжих, халдвараас хамгаалах, халдваргүйжүүлэлт, хамгаалалтын дэглэмийг чанд сахихыг анхааруулжээ.
Жич: Өмнөговь болон Дорноговь аймгуудад үйл ажиллагаа эрхэлж буй уурхайнуудын туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, тээврийн гэрээт аж ахуйн нэгжүүд толгой компаниараа дамжуулан нэгдсэн журмаар хүсэлтээ илгээх юм байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ