Мьянмарын 2020 оны гоо бүсгүй Тузар Винт Лвин болон олон улсын 2020 оны гоо бүсгүй Хан Лэй нар хунтын дэглэмийг эсэргүүцэн, дуу хоолойгоо өргөснөөсөө болж эх орондоо буцаж чадахааргүй болжээ.
Өдгөө 22 настай Тузар эх оронд нь өнгөрсөн онд болсон сонгуульд ардчилсан удирдагч Аун Сан Су Чигийн Үндэсний ардчилсан лиг нам үнэмлэхүй ялалт байгуулсныг болон тэрхүү ялалтыг хоёрдугаар сард армийнхан үгүйсгэж, төрийн эрх мэдлийг цэргийн хүчээр булаан авсан талаар олны өмнө нээлттэй ярьсан юм.
Тэрбээр 69 дэх удаагийн "Miss Universe" гоо бүсгүйн тэмцээнд оролцохоор явах хүртлээ Янгун хотын гудамжинд залуустай нэгдэн, хунтын дэглэмийн эсрэг жагсаалд оролцож байжээ. Харин тэмцээний үндэсний хувцасны төрөлд өрсөлдөхдөө Тузар АНУ-д урласан “Аймшиггүй хатан хаан” нэртэй хувцсыг амилуулж, “Мьянмарын төлөө!” хэмээх бичиг бүхий самбар барин алхаж, цахим хуудастаа эх оронд нь болж буй хүчирхийллийн тухай нийтлэл бичжээ. Мөн тэрбээр шилдэг 21 гоо бүсгүйн нэгээр шалгарсан үдшээ олны өмнө үг хэлэхдээ хунтын дэглэмийн эсрэг байр сууриа илэрхийлсэн байна.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар "Miss Myanmar" 2020 тэмцээний тэргүүн байрын шагналт Тузар Винт Лвин болон түүний хамтрагч "Miss Grand International 2020" тэмцээний ялагч Хан Лэй нарт Мьянмарын армиас баривчлах тушаал ирсэн аж.
Эргэн санавал, гуравдугаар сард болсон "Miss Grand International 2020" тэмцээний эцсийн шатны шалгаруулалт дээр Хан Лэй эх орондоо болж буй үйл явдлын тухай ярьж, олон улсаас тусламж хүссэн юм.
Армийн эсрэг олон улсын өмнө үзэл бодлоо илэрхийлсэн тул дээрх гоо бүсгүйчүүд эргэж эх орондоо очиход тун аюултай болж, тэмцээн дууссанаас хойш Тузар АНУ-д, Хан Лэй Тайландад орогнож байгаа билээ.
Хунтын дэглэм тогтоосон 505 дугаар дүрмийг зөрчсөн гэх шалтгаанаар Мьянмарт олны танил, телевизийн од тэргүүтэй олон хүн баривчлагдсан юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар 505 хэмээн нэрлэсэн дүрмийн дагуу хэн нэгэн хунтын дэглэмийн эсрэг байр суурьтай үг хэлэх болон нийтэлсэн тохиолдолд түүнийг үймээн самуунд турхирсан, худал мэдээлэл тараасан хэмээн буруутгаж, гурван жил хүртэл хорих ялаар шийтгэдэг аж.
Эх сурвалж: NEXTSHARK
Холбоотой мэдээ