Тариачин бүсгүйн гунигт хайрын түүх

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Тариачин бүсгүйн гунигт хайрын түүх

Өнгөрсөн ням гаригт Дуурь бүжгийн эрдмийн театрынхан А.Аданы “Жизель” бүжгэн жүжгийг тайзнаа дахин амьдруулав. Тариачин бүсгүй Жизелийн гунигт хайрын түүхийг энд өгүүлдэг. Бүжгэн жүжгийн үйл явдал жижигхэн тосгонд өрнөдөг. Тариачин бүсгүй Жизель, Алберьт хоёр энэ тосгоны хамгийн жаргалтай хос. Учир нь тэд ариун хайртайгаа учирчээ. Харамсалтай нь Алберьтийн зүрхийг эзэмдсэн тариачин бүсгүй Жизель түүнийг язгууртан гэдгийг үл мэднэ. Альберт өөрийгөө язгууртан гэдгийг тосгоныхноос нууна. Харин тосгоны захирагч Ганс түүнийг тариачин гэдэгт байнга эргэлзэнэ. Ганс Жизельд ухаангүй дурласан учир Альбертийн үнэн төрхийг илчлэхийг хамгийн ихээр хүсдэг нэгэн. Гэсэн хэдий ч Жизель тосгоны захирагчийн үгэнд бус хайрт Алберьтад л итгэнэ.
Иймд тосгоны захирагч Ганс Альбертийн хөлсний байшинд нууцаар орж, сүлд тэмдэгтэй мөнгөн сэлэмийг нь хулгайлснаар жүжгийн үйл явдал цааш өрнөнө. Энэ үед ихэс ноёд ан ав хийж, амрахаар олон дагуулын хамт тосгонд ирнэ. Тэдний дунд Алберьтийн сүйт бүсгүй Батильда байв. Батильдад Жизелийн бүжиглэх нь таалагдаж, түүнд өөрийн зүүлтнээс бэлэг болгон өгнө. Баярласан Жизель тэднийг гэртээ орохыг урих аж. Алберьт Жизелийн гэрт ирэхэд түүний сүйт бүсгүй Батильда байхыг хараад балмагдан, тэвдэж, өөрийн язгуур угсаагаа нуухыг оролдовч ойн захирагч Ганс Альбертийн гэрээс хулгайлсан сэлмээ олны өмнө гаргаж, түүний үнэн төрхийг илчилнэ. Амраг хайрт нь өөрийг нь хуурсанд сэтгэлээр унасан Жизель ухаан санаа нь балартаж, үхэтхийн унаснаар жүжгийн нэгдүгээр бүлэг өндөрлөнө.

Жизелийг дүрийг гоцлол бүжигчин Г.Цолмон бүтээжээ. Зөөлөн, зөөлөн алхаа уян налархай хөдөлгөөн, уянгалаг хөгжим энэ бүгд үгээр хэлэхийн аргагүй гайхамшигтай байлаа. Хоёрдугаар бүлэг эхэлж, хөшиг нээгдэхэд шөнийн нам гүмд тосгоны оршуулгын газар сарны гэрэлд сүүтгэнэх сүнснүүд гарч ирцгээнэ. Цагаан даашинзтай цэцгийн эрхтэй сүнснүүд сарны туяанд гайхам бөгөөд сэтгэл сэртхийм харагдана. Гэтэл энэ үед тосгоны захирагч Ганс хайрт Жизелийг энэ хорвоогоос халисанд харамсан уй гашууд автаж, Жизелийн булшийг эргэхээр ирэхэд сүнснүүд түүнийг тойрон бүжиж, амийг нь авч одно. Хайртай бүсгүйгээ үгүйлэн санасан Алберьт мөн л энэ шөнө Жизелийн булшин дээр ирлээ. Цаанаа л нэг сүрлэг их сүнс Мирта сүнснүүддээ зарлиг буулгаж түүний амийг авахаар шийднэ. Сүнснүүд Алберьтийг тэр даруй тойрон бүжиж эхлэх үед Жизелийн сүнс гарч ирэн түүнийг сүнснүүдээс хамгаална. Хэдийгээр энэ хорвоогоос халисан ч хайртай залуугаа аврах гэж бүх л шөнийн турш сүнснүүдийн эсрэг тэмцсээр эцэст нь үүр цайж, мандах нарны эхний цацраг тэнгэрийн хаяанаас туяаран алсад алсад хонх дүнгэнэхэд сүнснүүдийн сүүдэр дүр ч алсад замхарна. Жизелийн сүнс ч  бүдгэрэн бүдгэрсээр. Амраг хосууд хагацаж үл чадна. Альбертийн сэтгэлд Жизель мөнхөд оршино…

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж