Эрүүл мэндийн яам өнөөдөр (2021.05.23) Covid-19-ийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт 539 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 52470 болж нэмэгдлээ. Нийт 485 хүн эдгэрэн эмнэлгээс гарч, дөрвөн хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 248 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 491, орон нутагт 48 тохиолдол илэрлээ.
Сүүлийн 24 цагт орон нутагт:
Төв аймагт – 9
Сэлэнгэ аймаг – 1
Өвөрхангай аймаг – 6
Говь-Алтай аймаг – 4
Орхон аймаг – 14
Булган аймаг – 1
Дорнод аймаг – 2
Архангай аймаг – 7
Баян-Өлгий аймаг – 2
Хөвсгөл аймаг – 2 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр дөрвөн иргэн нас барсан байна. Тодруулбал:
Дөрөвдүгээр сарын 23-нд онош нь батлагдсан, 76 настай эмэгтэй,
Тавдугаар сарын 1-нд онош нь батлагдсан, 64 настай эрэгтэй,
Тавдугаар сарын 7-нд онош нь батлагдсан, 68 настай эмэгтэй,
Тавдугаар сарын 12-нд онош нь батлагдсан, 88 настай эрэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барлаа.
Улсын хэмжээнд 4091 хүн Covid-19-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Нийт эмчлүүлж байгаа хүмүүсээс:
- 2091 хүний бие хөнгөн
- 1357 хүний бие хүндэвтэр
- 529 хүний бие хүнд
- 115 хүний биеийн байдал нэн хүнд байна. Өнөөдрийн байдлаар 1771 хүн Covid-19-ийн хөнгөн хэлбэрээр гэрээр эмчлүүлж байна.
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:
-Иргэд вакцин хийлгээд, 21 хоносон бол хоёрдугаар тундаа хамрагдах боломжтой. Өчигдөр нийт 24125 хүн вакцинжуулалтад хамрагдлаа. Улаанбаатар хотод 938440 хүн нэгдүгээр тун хийлгэсэн байгаа бол хоёрдугаар тунд 579400 хүн хамрагдаад байна. Хөдөө орон нутагт вакцины нэгдүгээр тунд 889386, хоёрдугаар тунд 173736 хүн хамрагдсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш 1827826 хүн буюу нийт вакцинд хамрагдах ёстой хүн амын 88 орчим хувь нь нэгдүгээр тундаа хамрагджээ. 25-29 насны иргэдийн вакцинд хамрагдах идэвх хамгийн бага байна. Нас баралт бүртгэгдсээр байгаа нь эрсдэл өндөр байгаагийн илрэл. Иймээс залуучууд вакциндаа хамрагдах хэрэгтэй байна.
Халдварт өвчний дэгдэлт хаа саагүй байна. Улаанбаатар хот бүхэлдээ халдварын голомт болсон. Тиймээс Улаанбаатар хотын иргэд хөдөө, орон нутаг руу зорчихдоо маш их хариуцлагатай байх хэрэгтэй байна. Хөдөө, орон нутгаас ирж буй иргэд Улаанбаатарт ирэхдээ эрсдэл рүү ирж байгаа гэдгээ бодолцох хэрэгтэй. Сүүлийн өдрүүдэд орон нутгуудад өдөрт бүртгэгдэж буй халдварын тоо 40-өөс дээш байна.
Өнгөрсөн Даваа гаригаас хойших хугацаанд 45 хүн Covid-19-ийн улмаас нас баржээ. Зөвхөн настай хүмүүс Covid-19-ийн улмаас нас барж байгаа биш юм. 20-30 насны залуус ч нас барж байна.Иймээс залуучууд вакциндаа хамрагдах хэрэгтэй байна.
Вакцин хийлгэхэд хамгийн том хоёр ач холбогдол үүснэ. Нэгдүгээрт, Covid-19-өөс урьдчилсан сэргийлж чадна. Хоёрдугаарт, хэрвээ халдвар авсан тохиолдолд хөнгөн хэлбэрээр тусах нөхцөл бүрдэнэ. Вакцин хийлгэсэн нийт иргэний 0,45 орчим хувь нь халдвар авсан. Гэхдээ эдгээр халдвар авсан иргэд нь хөнгөн хэлбэрээр туссан.
Зарим улс орнуудад 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн. Хамруулж эхэлсэн улс орнуудын бүхий л мэдээллийг цуглуулж, судалж байна. 12-17 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах албан шийдвэр гараагүйг хэлье. Ямар нэгэн байдлаар хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах шахалтыг аливаа байгууллагаас үзүүлээгүй гэдгийг дахин хэлмээр байна.
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Saturday, May 22, 2021
Холбоотой мэдээ