Бизнесийн ёс зүйн төв нээгдэв

Хуучирсан мэдээ: 2021.05.23-нд нийтлэгдсэн

Бизнесийн ёс зүйн төв нээгдэв

Бизнесийн ёс зүйн төв нээгдэв

“Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийн нээлт (2021.05.21) болов. Төслийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ болон “Рио Тинто Монгол” ХХК хамтран хэрэгжүүлэх ажээ. Улмаар бизнесийн орчин дахь авлигын тархалтыг зогсоох, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэх замаар урт хугацаанд бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэн ажиллах юм байна.

Төслийг хэрэгжүүлэх үндсэн нэгж нь МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн ёс зүйн төв байх бөгөөд хамтрагч талууд өнгөрсөн Баасан гаригт төслийн гэрээг ёсчлон баталж, төвийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлснээ зарлав.

Энэ үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Нийгэм, эдийн засаг, бизнесийн орчинд нүүрлэсэн хямралыг богино хугацаанд даван туулах, эдийн засгаа идэвхжүүлэх үүднээс “Ковидын дараах эдийн засгийн Их сэргэлт” санаачилгыг МҮХАҮТ дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүнд цаг үетэй зэрэгцэн “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг Транспэрэнси Интернэшнл, Рио Тинто зэрэг олон улсын байгууллагуудын Монгол дахь салбаруудтай хамтран хэрэгжүүлэх болсонд баяртай байна” гэв.

“Рио Тинто”-гийн Монгол дахь Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал хэлсэн үгэндээ “XXI зуунд бизнесээ амжилттай явуулах хамгийн эхний суурь зарчим нь бизнесийн ёс зүй болоод байна. 148 жилийн түүхтэй Рио Тинто групп 35 улсад үйл ажиллагаагаа тогтвортой явуулж ирсний нууц нь бизнесийн ёс зүй, ил тод байдал. Аливаа бизнесийн хөгжих шат, үндсэн шалгуур болж байдаг бизнесийн ёс зүйн дүрэм, журам, түүнийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагаа “Рио Тинто” Монголын бизнес эрхлэгчидтэй хуваалцах гэж буйдаа таатай байна” гэж онцлов.

Мөн нээлтийн үйл ажиллагаанд АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэн, “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-ын ТУЗ-ийн дарга Л.Төр-Од, гүйцэтгэх захирал О.Батбаяр нар болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд, Элчин сайдын яамдын зочид төлөөлөгчид оролцож, нээлттэй санал бодлоо солилцсон юм.

Авлигын эсрэг, ёс зүйн хоёрдмол байдалд орох эрсдэлийн талаарх бизнесийнхний ойлголт, мэдээллийг бататгаж, хэрэглэгч төвтэй, практикт суурилсан үйлчилгээг Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим гишүүн байгууллагууддаа үзүүлэх юм. Энэхүү төслийн хүрээнд дараах бүлэг ажлуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • ​Ёс зүйн хоёрдмол байдалд орох эрсдэлээс бизнесээ хэрхэн хамгаалах, түүнийг таньж мэдэх талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх соён гэгээрлийн ажлыг зохион байгуулах
  • ​Бизнесийн орчин дахь авлига, түүнийг бууруулах болон бизнесийн ёс зүйн асуудлаарх хэлэлцүүлгийг улирал бүр зохион байгуулах
  • ​Бизнесийн байгууллагууд ёс зүйн дүрмээ боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэхэд нь мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлж, бизнесийн болон мэргэжлийн ёс зүйн сургалт тогтмол зохион байгуулах
  • ​Өдөр тутмын үйл ажиллагаанд түгээмэл тулгамддаг ёс зүйн хоёрдмол байдал, түүний эрсдэлээс урьдчилан сэргийлэх гарын авлага, ном, товхимол, стандартууд болон дотоод, гадаадын авлигын эсрэг хууль тогтоомж, судалгаанууд бүхий цахим номын сан байгуулах зэрэг ажлууд багтаж байна.

Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд МҮХАҮТ манлайлж оролцох бол бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх чиглэлээр дэлхийн 100 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг “Транспэрэнси Интернэшнл” олон улсад амжилттай хэрэгжүүлсэн сайн туршлага, хөтөлбөр, сургалтын агуулга зэрэг мэдээллээ хувийн хэвшлийнхэнтэй хуваалцах юм. “Бизнесийн ёс зүйн төв”-ийн үйл ажиллагаа жигдрэх хүртэл буюу эхний жилийн үйл ажиллагааны зардлыг “Рио Тинто Монгол” ХХК санхүүжүүлэх юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж