БНХАУ-ын эрх баригч намын дарга Ши Жиньпин дараагийн гурван жилийн хугацаанд хөгжиж буй орнуудад цар тахлын хямралаас сэргэхэд нь дэмжлэг болгож гурван тэрбум ам.долларын тусламж үзүүлэх болсноо зарлаж, олон улсын вакцины хамтын ажиллагааны форум байгуулах санаачилга дэвшүүлжээ.
Ши Жиньпин "Их 20"-ийн дэлхийн эрүүл мэндийн дээд хэмжээний уулзалтад оролцохдоо ийнхүү хэлсэн бөгөөд “Тус тусламж цар тахлын хариу арга хэмжээ, эдийн засаг, нийгмийг сэргээхэд багагүй хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна” гэжээ. Тэрбээр мөн өндөр хөгжилтэй орнууд өөрсдөө вакцинаа үйлдвэрлэж, өөрсдийгөө вакцинжуулж, хангалттай хэмжээний вакцин нөөцөлсөн байхад буурай орнуудад хангамж муу байгааг анхааруулан, эл байдлыг "Ёс суртахууны гамшиг" хэмээн ДЭМБ-д сануулсан байна.
Ши Жиньпин “Өдгөө вакцины жигд бус хүрэлцээний талаар асуудал улам хурцдаж байна. Тиймээс вакциныг улс төржүүлэн ялгаж, салгахын оронд хөгжиж буй орнуудад хямд үнээр илүү хүртээмжтэй байлгах зайлшгүй шаардлага үүсээд байна. Бээжин одоогийн байдлаар олон улсад нийт 300 сая вакцин нийлүүлсэн, цаашид ч чадлынхаа хэрээр нийлүүлсээр байх болно. Цаашлаад БНХАУ вакцин үйлдвэрлэлийн технологио хөгжиж буй орнуудтай хуваалцан, улмаар хамтран вакцин үйлдвэрлэх талаар бодож байна. Тиймээс бусад вакцин үйлдвэрлэгч улс орнууд ч гэсэн хамтын ажиллагааны форумд нэгдэж, дэлхий даяар вакциныг нэгэн жигд, тэгш хуваарилах тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ