“Ньюс” агентлаг өнгөрч буй долоо хоногийн үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Ардчилсан намыг Ц.Туваан гэх хүн төлөөлөх эрхгүйг шүүхээс тогтоож, цаашид хоёр тамганы утгагүй маргаан үргэлжлэхгүй болсон нь өнгөрч буй долоо хоногт Монголын улс төрд өрнөсөн онцлох үйл явдлын нэг байлаа. Энэ талаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр хэлэхдээ “Ардчилсан нам тамга, улсын бүртгэлийн гэрчилгээн дээр тогтохгүй. Мөн Ардчилсан нам мөхөж алга болохгүй. Аливаа ардчилалд сорилт бэрхшээл байдаг. Ардчилсан нам 30 жил алдаж онож ирсэн, цаашид ч байх болно.
Ачааны хүндийг үүрч чадах улс төрийн хүчин байна гэдэгт би итгэдэг. Өмнө нь манай нам үүнээс илүү хүнд зүйлийг давж гарсан. Гэхдээ бид холын зорилгоо харахгүй бол ойрын зовлон дуусахгүй. Тиймээс бидний уналт босолт нэг тул нэгдэхийг уриалж байна. Бид удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулах холын зорилго харж, хүчээ нэгтгэх хэрэгтэй. Ардчилсан намын даргаар ажиллаж байсан үе үеийн лидерүүд, УИХ-ын гишүүд, Ардчилсан намын төлөөлөл болсон бүх хүмүүст хандаж хэлэхэд холын зорилгоо харж чадахгүй бол ойрын зовлон салахгүй. Бидний ойлгосноор АН дотор манай, танай гэсэн ойлголт байхгүй” хэмээн хэлсэн билээ.
Тус намаас энэ долоо хоногт уламжлал болгон зохион байгуулдаг 4:11 уулзалтаа хийж, ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил, бусад нэр дэвшигчид хүргүүлж буй уриалга болон хууль ёсны Ардчилсан намын тамганы үйлчлэл баталгаажсан асуудлаар мэдээлэл хийв. Энэ үеэр 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуулийн дүнг луйвардсан байх магадлалтай баримтын талаар иргэдэд мэдээлэх хүсэлтээ илэрхийлэн хандсан нэгэн иргэний ноцтой мэдэгдлийг нийтэд хүргэсэн юм.
Хэвлэлийн хуралд санал тоолох хар машины IT инженерээр ажиллаж байхдаа "сонгогчийн саналыг хууль бусаар өөрчилж, төрийн эрхийг авсан" хэрэгт холбогдон, шалгагдаж буй иргэн н.Ган-Очир оролцож, нам болон төрийн хүмүүс иргэдийн саналыг хууль бусаар өөрчилж байгааг мэдэгдэв. Тэрбээр "Монгол Улсын хууль хэргийн гэрч болох надад сэтгэлзүйн дарамт үзүүлсэн. Сонгуулийн хар машины программын хугацаа 2018 онд дууссаны дараагаар МАН-ын удирдах албан тушаалтан ямар ч нууцлалгүй болгосон. Уг хэрэгт МАН-ын удирдах албан тушаалтан, СЕХ-ны хар машиныг хариуцаж ажилладаг IT инженер, мөн АН-ын хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа нар хамрагддаг. МАН сонгуулийн хар машинаар сонгогчийн саналыг луйвардаж, хууль бус аргаар төрийн эрхийг авсан.
Сонгуулийн цахим машины программчлалын хугацаа дууссан учир өөрчилсөн. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд мөнгө өгвөл ямар ч хүн сонгогдоно. Д.Сумъяабазар надад сонгуулийн хар машиныг хакердуулахаар 500 сая төгрөг өгье, хамтарч ажиллая гэсэн, би зөвшөөрөөгүй. Дараагаар нь Улаанбаатар хот дахь "Эрдэнэт"-ийн төлөөлөгчийн газраас нэг тэрбум төгрөг гаргуулахаар МАН-ын удирдлагууд ярилцаж тохирсон” гэсэн юм.
Энэхүү ноцтой мэдээллийн дараа Ардчилсан нам Сонгуулийн ерөнхий хороонд хандаж, Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах хүсэлт гаргав. Ардчилсан намын дарга М.Тулгат “2020 оны УИХ, орон нутгийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн байж болзошгүй асуудал дэлгэгдэж байна. Программ хангамжид захиалгаар нөлөөлж, УИХ-ын нэр дэвшигчдээс тодорхой хүмүүсийг ялуулсан гэх хэргийг зургаан сар шалгаад хохирогчгүй гээд хаасан байна. Хэрэв ард түмний сонголтыг МАН луйврын аргаар авсан бол энэ жил Ерөнхийлөгчийн сонгууль явуулах боломжгүй. Мэргэжлийн байгууллага олон нийтийн оролцоотойгоор онц зөвлөл байгуулж, энэ асуудлыг тодорхой түвшинд шийдтэл Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах шаардлагыг тавьж байгаа юм. Бид Сонгуулийн ерөнхий хороонд Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуул гэсэн шаардлагыг тавьж байна” гэв.
Улс төрийн хүрээнд өрнөсөн бас нэг онцлох үйл явдлын нэг нь Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан явдал байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тавдугаар сарын 6-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хоёр заалтад бүхэлд нь хориг тавьсан. Ерөнхийлөгч хориг тавьсан тохиолдолд тухайн заалтыг түдгэлзүүлдэг хуультай.
Хоригт "Үндсэн хуулийн цэц шийдвэртээ “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “… зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт, мөн энэ хүрээнд тус хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсон нь агуулгын хувьд урьд өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан болон ажиллаж байгаа иргэн дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй байх утгыг илэрхийлж байна.” гэж Үндсэн хуульд огт нийцэхгүй шийдвэр гаргасан" хэмээн дурджээ.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр, тухайн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийг “зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж шийдвэрлэсэн атал Үндсэн хуулийн цэц “зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн дөрвөн үг өнгөрсөн гучин жилийн хугацаанд эргэж үйлчлэх ёстой гэсэн хууль зүйн ямар ч онол, номлолд нийцэхгүй, хүний эрх, эрх чөлөөг хааж, хязгаарлаж болох нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн үзсэн байна.
УИХ-ын байнгын хороодоос гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн дүгнэлтийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад гишүүдийн дийлэнх дэмжсэнээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр үлдлээ.
С.Баярцогт нарын таван хүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүх (2021.05.19) хэлэлцэж, С.Баярцогтод 4.8 жилийн хорих ял оноож, С.Бямбасайхан, Да.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал нарын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хүчингүй болгож суллах шийдвэр гаргав.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны долдугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд, С.Баярцогтыг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг давтан үйлдсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө, орлогын эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч нийт 10 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Б.Ариунсан, Б.Бадрал, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт тус бүр албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 4 жил хорих, Б.Ариунсан, Б.Бадрал нарт тус бүр албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сар хорих ял оногдуулсан байна. Мөн С.Баярцогтоос гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн биет хөрөнгийг хурааж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн юм.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос С.Баярцогтод 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, өөрийн эхнэр Ч.Нарантуяагийн хувьцаа эзэмшдэг нэр бүхий компаниудаар дамжуулж их хэмжээний орлого олж, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.
Улмаар С.Баярцогтод холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 2.3, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, нийт 4 жил 8 сар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Б.Ариунсан, Б.Бадрал, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутай гэж өөрчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт тус бүр нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 3 сар хорих, Б.Ариунсан, Б.Бадрал нарт тус бүр нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ял шийтгэсэн юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд, С.Баярцогтод холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан (үндэслэлгүйгээр хөрөнгөжих/ гэмт хэргийг тус хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан) мөнгө угаах/ гэмт хэрэгт нэгтгэн зүйлчилж, түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар нийт эдлэх ялыг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 8 сар хорих ялаар тогтоов. Мөн С.Баярцогтоос 1 сая 345 876 ам.долларыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх өдрийн төгрөгийн ханшаар тооцон гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Прокуророос Б.Ариунсан, Б.Бадрал, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг даруй суллахаар шийдвэрлэсэн.
Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг хилс хэргээр шүүсэн гэж үзсэн тул олон улсын хүний эрхийн байгууллагад хандахаар болсон талаараа мэдээлэл хийсэн юм. Тус намын дарга М.Тулгат “ШШГЕГ-ын 411 хорих ангид ял эдэлж байгаа Ерөнхий сайд асан М.Энхсайханыг эргэсэн. Ардчилсан намаас Монголд үзэл санааны хоригдлууд бий болсон гэж үзээд, хүний хууль ёсны эрхийг хамгаалах, хүний шударга ёсны шүүх эрхийн төлөө ажлын хэсэг байгуулсан. Урьд өмнө нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан 7 хүнийг хилсээр цаазалсан. Хоёрдугаар зууны Монголын тусгаар тогтнолын хамгийн харамсалтай түүх.
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, С.Баяр нар шоронд хоригдож байна. Мөн Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүст хэрэг үүсгэж, айлгаж, дарамтлах боллоо. Монгол Улс ардчиллыг шоронд хүртэл аваачих ёстой. Шударга шүүх бий болгох ёстой. М.Энхсайхан гуай хэлж байна лээ. "АН-ын удирдлагууд шоронд ирж байгаа нь улс төрийн намын удирдлагууд шоронгоо эргэж байгаа анхны тохиолдол болж байна" гэсэн. Ер нь цаашдаа Ардчилсан нам шоронгоо эргэе хөдөлгөөн өрнүүлнэ” гэсэн юм.
Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх олимпийн аварга Н.Түвшинбаярын хилээр гарах эрхийг хязгаарлаж суллах шийдвэр гаргав. Н.Түвшинбаярыг “Хүний биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан” гэмт хэрэгт яллагдагчаар татан, цагдан хорьж шалгаж байсан юм. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд улсын начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан юм. Э.Энхбат начин БНСУ-д эмчлүүлж байгаа билээ.
Холбоотой мэдээ