Улсын начин Э.Энхбат ухаан орсон тухай мэдээ хэвлэлээр цацагдахтай зэрэгцээд түүний биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт баривчлан 44 хоног саатуулсны эцэст шүүхээс МҮОХ-ны ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зөвлөх Н.Түвшинбаярыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьжээ.
Түүнд согтуугаар бусдын хүнд санаатайгаар хүнд гэмтэл учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Э.Энхбатын бие дээрдсэн ч урьдын шигээ цоо эрүүл болоход тун хэцүү. Эрүүл мэнд талаасаа тэр асар их хохирол амссан. Эргээд зүлэг ногоон дэвжээн дээрээ барилдах боломжгүй, спортын карьераа өндөрлөхөөс өөр аргагүйд хүрч ч магадгүй. Учир нь түүний тархины суурь яс гэмтсэн.
Эсрэгээрээ Н.Түвшинбаярын албан тушаал, амжилтын карьер хэвээр үлдэх бололтой. Бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан түүний хэргийг шүүх шударгаар шийдэх эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь тэр жирийн иргэн биш. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хуурай дүү, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх.
Монгол Улс жингийн илүүдэлгүй, эртэч, эрүүл, идэвхтэй иргэдтэй болоход Н.Түвшинбаяр аварга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөвлөнө.
Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ засгийн газрынхаа 100 хоногийн “угаалга” дээр Н.Түвшинбаярыг алдаа оноотой нь хүлээж авахаа шуудхан илэрхийлсэн. Монгол Улс Токиогийн олимп амжилттай оролцоход Н.Түвшинбаяр хэрэгтэй, цаашлаад МҮОХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалтай нь үлдээх нь зөв гэх байр суурийг илэрхийлсэн.
Н.Түвшинбаяр оноотой юу гэвэл оноотой. Монгол Улсад анхны алтан медаль авчирсан амжилт нь спортын түүхэнд үлдэнэ. Авчиг түүний амжилт, алтан медаль хүний амь насанд заналхийлсэн, эрүүл мэндийг нь хохироосон үйлдлийг нь зөвтгөх ёсгүй. Алдаа гаргасан бол Ерөнхий сайдын зөвлөх, Ерөнхийлөгчийн дүү байлаа ч хуулийн дагуу ял шийтгэлээ хүлээх ёстой.
Л.Оюун-Эрдэнэ хувь хүнийхээ үүднээс Н.Түвшинбаярыг алдаа оноотой нь хайрлаж, хүндэтгэж болно. Харин Ерөнхий сайдын хувиар зөвлөхтөө ийм ялгаатай хандлага гаргаж болохгүй юм. Энэ бол иргэдийн эсэргүүцээд байгаа дабль стандарт бөгөөд ийм үг хэлснийхээ төлөө Ерөнхий сайд өөрөө ч хариуцлага хүлээх ёстой. Гэвч, Монголд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх орцны жижүүрээс илүү эрхтэй хойно доо.
Хэн хүнгүй л Монгол Улс Токиогийн олимпод амжилттай оролцож, тамирчид маань энгэртээ медальтай ирээсэй гэж хүсч байгаа. Гэхдээ олимпийн медалиас илүү Монголд нэн хэрэгтэй болсон зүйл нь шударга ёс. Олимпийн медальтай, медальгүй ч монголчууд урагшилна, хөгжинө. Авчиг шударга ёс байхгүй бол ардчилал, хүний эрх эрх чөлөөгүй болно. Дабль эрхтэй дарангуйлал тогтно.
Иймээс яг өнөөгийн нөхцөлд Монголд алтан медалть биш хуулийн тэгш эрх, тэгш үйлчлэл хэрэгтэй юм.
Х.Баттулга, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж, Х.Нямбаатар нар шударга ёсыг Монголд тогтоохоо хэлдэг, амалдаг. Гэхдээ тэдний шударга ёс өөрсдөөс нь эхлэх ёстой. Л.Оюун-Эрдэнэ үнэхээр жинхэнэ шударга ёсны төлөө тэмцэж байгаа бол Н.Түвшинбаярыг алдаа, оноотой нь хайрлах ёсгүй юм. Харин ч дабль эрхтэй хүмүүст дабль шийтгэл оноож байж Х.Баттулга, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж, Х.Нямбаатар нарын хүсээд байгаа шударга ёс Монголд тогтоно.
Даанч харамсалтай нь, орцны жижүүрээс олимпийн аварга ДАБЛЬ ЭРХТЭЙ байдаг бичигдээгүй хуульд бидэнд үйлчилж байна даа.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ