Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадам эхлэхэд хоёр сар хүрэхгүй хугацаа үлджээ. Ирэх түүхт ойн гол анхаарал үндэсний бөх дээр төвлөрч байна. Наадамд 1024 бөх зодоглоно. Өнгөрсөн жилийн наадмаар бөхчүүд Ерөнхийлөгчийн зуслан дээр зодоглосон бол энэ жил баяр наадмынхаа дэвжээн дээр барилдах зар хэдийнэ түгсэн.
Баяр наадмын комиссоос наадам зохион байгуулах шийдвэр гарсан биш бөхчүүдийн ужиг хэрүүл дахин сэдрэв. Дахиад л бөөн талцал, дуусашгүй хэрүүл маргаан. Ядаж байхад допингийн дуулианд холбогдсон бөхчүүдийнхээ асуудлыг бөх Ерөнхийлөгч нь шийдэж өгөхгүй байсаар бүрэн эрх нь дуусах бололтой.
Уг нь энэ хэрүүлийн хайнааг хагалах хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга байлаа.
Допингийн хэрэг, цолны эрэмбэ, цол хураах, цол олгох маш олон асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй байна. Үүнээс болж бөхчүүд нь хоёр талд гараад үзэж байна. Наадам ахиад л допигтой, хэрүүлтэй, найраатай болох шинжтэй, энэ янзаараа бол. МАН-ынхан зуун жилийнхээ ойг өргөн дэлгэр тэмдэглэхээр бэлтгэж байгаа. Гэтэл зуун жилийн төрсөн өдөр дээр нь зодоглох бөхчүүдийн хэрүүл нь хэвээрээ.
Тэр ч бүү хэл хэрүүл маргааныхаа зангилааг тайлж, баяр наадмаа элдэв будлиангүй зохион байгуулах гэсэн Монголын үндэсний бөхийн холбоо ч өөрөө дотооддоо асуудалтай болж таарлаа.
Саяхан Ц.Магалжав тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр нь ажиллаж буй Монголын үндэсний бөхийн холбооноос дараалсан олон мэдэгдэл гаргасан. Тус холбооны зүгээс Э.Оюунболдын цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөн олгохыг Ерөнхийлөгчөөс хүссэн. Дараа нь улсын аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдавга, харцага Бат-Орших нарын барилдах эрхийг 11 сараар хассаныг шүүмжлээд, хууль дүрмийнхээ дагуу эрхийг нь хасахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас Б.Баасандоржоос хүссэн. Тэрчлэн 2010-2019 онуудын хооронд допингтой нэр холбогдсон 38 бөхийн нэрийг зарлахыг шаардсан юм.
Гэтэл Л.Чинбатын толгойлж буй Монголын үндэсний бөхийн холбооноос гэнэтийн мэдэгдэл гаргаж, Ц.Магалжав тэргүүлж буй бөхийн холбоог хууль бус гэв.
Л.Чинбатын холбооны мэдэгдэлд “МҮБХ-ны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ц.Магалжавын тэргүүлж буй МҮБХ дангаар хуралдаж энэ сарын 29-ны өдөр ээлжит бус Их Эеийг зарласанд харамсаж байна. Хэдийгээр Ц.Магалжавын тэргүүлж буй МҮБХ гэгч нь хууль бус боловч тэнд бөхийн төлөөлөл байгаа учраас бид хүндэлж ирсэн бөгөөд нийт бөхчүүдийн эрх ашгийн үүднээс хамтран ажиллахыг эрмэлзсээр буйг онцлон тэмдэглэж байна.
Монгол Улсын гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу хуралдсан МҮБХ-ны ээлжит бус Их Эеэс байгуулагдсан албан ёсны МҮБХ нь Л.Чинбат тэргүүнтэй холбоо мөн болно. Тиймээс тус холбоо дангаараа Их Эеийг зарлан хуралдуулах эрх зүйн боломжтой боловч үүсч буй нөхцөл байдалд ул суурьтай ухаалаг хандахыг чухалчилж хууль, дүрмийн хүрээнд эцэслэн шийдвэрлэхийг эрхэм болгож эв эеийг эрхэмлэсэн алхмыг хийж ирснийг дурдах нь зүйтэй. Тухайлбал, Улсын бүртгэлд бүртгэгдсэн тамга тэмдгийг түр ашиглуулахаар шилжүүлж, Их Эеийг хамтран хуралдуулах саналыг удаа дараа тавьж бодит алхмуудыг хийж ирсэн билээ.
Монгол Улсын гурван шатны шүүхийн шийдвэрийг үл хэрэгжүүлж хууль завхруулж ирсэн өмнөх бусармаг явдлыг давтаж, бөхчүүдийн эрх ашгийг уландаа гишгэж, талцал хуваагдлыг дахин дэвэргэж буй хэсэг бүлэг хүмүүс МҮБХ-ны нэрийг барьж дангаар хүч түрэн Их Эеийг зарласан нь зохих түвшинд зөвшилцөлд хүрсэн нэгдмэл байр суурийг нурааж нийт бөхчүүдийн нийтлэг эрх ашгийг ноцтой зөрчиж байна” гэжээ.
Л.Чинбат нь 2019 оны есдүгээр сарын 18-ны өдөр Б.Бат-Эрдэнэ аваргад хадаг барьж, холбооны тамгаа гардуулан өгсөн билээ.
Харин 2020 оны дөрөвдүгээр сард Б.Бат-Эрдэнэ аварга өөрийн хүсэлтээр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүний ажлаа хүлээлгэн өгч, дараагийн Их Эе хурал болох хүртэл дэд тэргүүн Ц.Магалжав тэргүүний үүрэг гүйцэтгэгч болсон байдаг. Цэцдийн зөвлөл ч саяхан хуралдаж, ирэх тавдугаар сарын 29-ний өдөр Их Эе хурлаа хуралдуулж, ээлжит тэргүүнээ сонгох шийдэлд хүрээд байв. Гэтэл Л.Чинбат тамгаа хүлээлгэн өгсөн ч улсын бүртгэл дээр нэрээ шилжүүлээгүй аж. Ийнхүү МҮБХ-г тойрсон хэрүүл баяр наадмын өмнө сэдрэв.
Холбоотой мэдээ