УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачилга, БШУЯ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “Залуус-Хөгжлийн түүчээ” сорил, тест, эссэ бичлэг, видео илтгэлийн уралдаанд улсын хэмжээнд 1630 сурагч өрсөлдөж, эцсийн шатанд шалгарч, шагналт байруудад орсон сурагчдын шагналыг гардууллаа.
БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан:
-ЭЕШ-ын өмнөх хамгийн том сорил бол С.Бямбацогт гишүүний санаачилсан энэ сорилго. Энэ жил 12-р ангийн 30 гаруй мянган төгсөгч ЭЕШ өгнө. Үүний 1630 төгсөгч нь энэ сорилгод оролцсон гэдэг сайн хэрэг. Энэхүү олимпиадыг санаачилсан С.Бямбацогт гишүүндээ хүүхдүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-2003 оны хонь жилтэй ЕБС-ийн 30 гаруй мянган төгсөгчдийнхөө дунд ЭЕШ-ын өмнөх сорилго олимпиадыг зохион байгуулъя гэж бодсон. Өмнө нь Ховд аймгийнхаа сурагчдын дунд “Их сорилго” тэмцээнийг зохион байгуулж байлаа. Энэ жил цар тахлын улмаас Л.Энх-Амгалан сайдтайгаа нийлээд улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдсэн. Нийт 1600 гаруй хүүхэд, гурван шатны сорилд хамрагдсан. ЭЕШ бол төгсөгчдийн хувьд түүхэн алхам. Хэр зэрэг шалгалтаа өгнө, хэн хүссэн сургуулиа авсан нь үлдэж буй амьдралдаа амжилт гаргаж, өөртөө болоод аав ээждээ нутаг улс эх орондоо хэрэгтэй хүн болж ихийг хийж бүтээдэг. Тиймээс хүн бүр ЭЕШ-д анхаарч, хичээдэг. Уралдаанд оролцсон нийт хүүхдүүдээ амжилт хүсч, ЭЕШ-даа амжилттай оролцохыг хүсье.
- Тэргүүн байранд Нийслэлийн ерөнхий боловсролын 23-р сургуулийн 12а ангийн суралцагч А.Цэлмүүн,
- Дэд байранд Өвөрхангай ерөнхий боловсролын Мэргэд сургуулийн 12б ангийн сурагч Ч.Оюунзул,
- Гуравдугаар байранд Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн ЦС-ийн 12г ангийн сурагч М.Мөнх-Эрдэнэ,
- Тусгай байранд Ховд аймгийн Жаргалант сумын Прогресс ахлах сургуулийн 12б ангийн сурагч Н.Энхжин, Нийслэлийн Орчлон сургуулийн 12а ангийн сурагч А.Далайзаяа нар тус тус шалгарчээ.
Холбоотой мэдээ