Цагтаа NBA-ийн хамгийн шилдэг тоглогчдын нэг байсан Деррик Рөүз өнөөдөр/2021.05.22/өөрийн цахим хуудаснаа сэтгэл хөдөлгөм пост оруулжээ. Өдгөө 32 настай Чикаго хотын унаган тэрбээр бүрэн өөрчлөгдсөн гэнэ.
Деррик Рөүз цахим хуудаснаа “Мөрөөдлийн ажлаа эсвэл мөрөөдлийн компанидаа 10-аас дээш жил ажиллаж байна гээд төсөөл дөө. Цус, хөлс, нулимс дусалсан жилүүд. Нэг өдөр өөр компанийн хүн чам дээр ирээд “Чи ч хуучных шигээ харагдаж байна” шүү гэнэ. Гол нь чи тэднийг танихгүй. Тэд чамайг өмнө нь ганц, хоёр удаа харж байсан учраас өөрсдийгөө чамайг танина гэж бодож байгаа. Ажлаа өмнөхөөсөө илүү хичээж хийж байхад хүмүүс чамайг хуучин шигээ байна гэж хэлэхэд хэцүү байгаа биз? Ажилдаа өгсөх, уруудах үе байдаг биз дээ? Чи бол хүн.
Миний тоон үзүүлэлт оргил үеийнхээсээ илүү үр өгөөжтэй, би өмнөхөөсөө өөр тоглогч болсон бол яах вэ? Энэ миний хуучны тоглолтын хэв маяг биш ээ. Миний хөөргөсөн шидэлтүүд сайн байгаа нь үнэн. Харин би дахиж хэзээ ч тохож эсвэл өндөр үсэрч чадахгүй. Би хэн нэгний хурдаараа ялж эсвэл саш хурдан довтолгоонд ганцаараа гарч чадахгүй. Би цагирагны эсрэг талаас шидэж чадахгүй. Би бүхэлдээ өөр тоглогч болсон. Би шатар тоглох дуртай. Хэрэв өөрийнхөө нөхцөл байдлыг шатартай зүйрлэвэл тоглолтын эхэнд бэрсээ алдсан ч хүүгээрээ түүнийгээ буцаан авчрахын тулд тэмцэж байгаа хүн. Хэрэв чи шатар мэддэг бол үүнийг ямар хэцүү нүүдэл гэдгийг ойлгож байгаа байх. Мастеруудын тулаан ч хэдхэн нүүдлээр шийдэгдэж болно. Энэ бол бүхэлдээ стратеги, зүрх сэтгэл, ур чадварын асуудал. Би гайгүй сагс тоглодог гэж хэлэхэд янзтай л даа. Би чинь үүнтэй амьдралынхаа туршид тэмцэж ирлээ. Би одоо сагс тоглохдоо жаргалтай байдаг. Учир нь би хамгийн хүнд замыг нь туулсан. Чикагогийн бяцхан жаалын туулсан зовлон, мөрөөдсөн мөрөөдлийг хэн ч ойлгохгүй. Зөвхөн би өөрөө л мэднэ. Би үнэхээр ивээгдэж, туршлага суусан хүн” хэмээжээ.
Деррик Рөүз замналынхаа эхэн үед үнэхээр шилдэг тамирчин байсан бөгөөд түүний хурдтай, тэсрэлттэй тоглолтууд үзэгчдийг байлдан дагуулж байлаа. Харамсалтай нь, түүний өвдөг энэ их хурд, тэсрэлтийг нь тэсч чадалгүй гэмтсэн билээ. Зүүн өвдгөндөө авсан гэмтлээсээ хойш Деррик Рөүз хэзээ ч урьдынх шигээ байж чадаагүй. Гэвч тэрбээр бууж өгсөнгүй үргэлжлүүлэн тэмцсээр өдгөө Нью-Йорк Никс багийн амин хэсэг болоод байна. Цагтаа MVP буюу “Лигийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч” болж байсан тэрбээр өдгөө сэлгээний шилдэг зургаа дахь тоглогчийн шагналыг дуртайяа хүртэнэ гэдгээ илэрхийлжээ.
Холбоотой мэдээ