Крипто валютын тэрбумтнууд есөн өдрийн дотор 15.5 тэрбум ам.доллар алдсан нь тус зах зээлийн эмзэг талыг харуулсан үйл явдал болж байна.
2021 он эхэлснээс хойш Bitcoin, Dogecoin тэргүүтэй цахим валютуудын үнэлгээ тэнгэрт хадаж, олон ч хүний сонирхлыг татсан билээ. Гэвч ийнхүү тэрбумтнууд асар их мөнгө богино хугацаанд алдсанаас болж хүмүүст эргэлзээ төрж эхэллээ.
Тухайлбал, тавдугаар сарын 10-ны байдлаар Bitcoin тус бүр нь 59.423 ам.доллараар үнэлэгдэж байсан боловч гэнэт 36 хувиар огцом буурсан нь харьцуулж үзвэл 12 тэрбумтны нийт хөрөнгөтэй тэнцэхүйц хэмжээ юм.
Цахим валютын үнэлгээ огцом унаснаар бүх крипто тэрбумтнуудын нийлбэр хөрөнгө 62.3 тэрбум ам.доллартой тэнцэж байснаас 46.8 тэрбум ам.доллар болон багасчээ. Хамгийн их хохирол амссан 29 настай тэрбумтан Сэм Банкмэн Фрайд болсон үйл явдлыг цахим валютын түүхэн дэх хамгийн хүнд цохилт хэмээн тодорхойлжээ.
Тэрбээр тавдугаар сарын 10-нд нийт 16.7 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хөрөнгөтэй байсан боловч одоо 11.5 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хөрөнгөтэй үлджээ. Түүнээс гадна цахим валютын ертөнцөд нэрээ цуурайтуулж байсан Винклевоссын ихрүүд, хөрөнгө оруулагч Майкл Сэйлор, "Ethereum" компанийн үүсгэн байгуулагч залуу тэрбумтан Виталий Бутерин нар ихээр хохирсон гэнэ.
Хэдий тэд ийнхүү сүүлийн есөн хоногийн дотор асар их хохирол амссан ч хоёр сарын өмнөхөөсөө илүү хөрөнгөтэй болсон байна. Тухайлбал, гуравдугаар сарын эхэн үеэр тэрбумтнуудын нийлбэр хөрөнгө 37.3 тэрбум ам.доллартой тэнцэж байсан бол өдгөө 15.5 тэрбумаар хасагдсан ч 46.8 тэрбум ам.доллартой тэнцэх хөрөнгөтэй үлджээ.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ