АНУ-ын “Pfizer” компани энгийн хөргөгчинд хадгалах боломжтой Covid-19-ийн эсрэг шинэ вакцин боловсруулж байгаа тухай тус компанийн ерөнхий захирал Альберт Бурла мэдээлсэн байна.
Уг шинэ вакциныг энгийн хөргөгчинд буюу цельсийн 2-8 хэмд зургаан сар хүртэл хугацаанд хадгалж, тээвэрлэх боломжтой гэнэ. Ийнхүү вакцины хадгалалт тээвэрлэлтийн шаардлагыг сулруулснаар илүү хол газар аюулгүй тээвэрлэж, вакцины хүртээмж нэмэгдэхээс гадна хадгалалтын өндөр шаардлага бүхий үнэтэй агуулах хөлдөөгч шаардлагагүй болох юм.
Германы “BioNTech” компанитай хамтран гарган авсан “Pfizer” компанийн одоо ашиглагдаж буй вакциныг цельсийн -60-аас -80 хэмд зургаан сар хадгалах боломжтой юм.
Энэ шаардлагаа сулруулж, цельсийн -25-аас -15 хэмд тээвэрлэх, хадгалах боломжтой болгож өөрчлөх хүсэлтээ тус компани хоёрдугаар сард АНУ-ын Хүнс, эмийн удирдах газарт /FDA/ хүргүүлжээ. FDA одоогоор тус компанийн өгсөн мэдээллүүдийг шалгаж байгаа аж.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ