Хүүхдийн төлөө санд 2 тэрбум 25 сая төгрөг хүлээлгэн өглөө

Хуучирсан мэдээ: 2021.05.21-нд нийтлэгдсэн

Хүүхдийн төлөө санд 2 тэрбум 25 сая төгрөг хүлээлгэн өглөө

Хүүхдийн төлөө санд 2 тэрбум 25 сая төгрөг хүлээлгэн өглөө

“Хүүхдийн төлөө фонд” төрийн бус байгууллагад хандивын тоглолтоор цугларсан хоёр тэрбум 25 сая төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хүүхдийн төлөө санд албан ёсоор хүлээлгэн өгч буй талаар өнөөдөр /2021.05.21/ албаныхан мэдээлэл хийлээ.


Соёлын дэд сайд М.БАТБАЯР:

-Тэртээ 1972 онд Хүүхдийн төлөө фондыг тухайн үеийн БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн шийдвэрээр байгуулж, түүнээс хойш маш олон бүтээн байгуулалтуудыг хийсэн байдаг. Тэр үед өсч хүмүүжсэн хүүхдүүд өнөөгийн нийгэмд ажиллаж, амьдарч байна. Сүүлийн 30-аад жил хүүхдэд зориулсан олон бүтээн байгуулалт хувьчлагдаж, устаж үгүй болсон. Өнгөрөгч 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Соёлын яамнаас санаачлан цахим хандивын тоглолт зохион байгуулж, 350 гаруй уран бүтээлчид оролцсон. Тухайн үдэш нийт 43 мянган хүний хандалттай, арилжааны таван банкны дансанд хоёр тэрбум 25 сая төгрөг цугларсан. Засгийн газрын Тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэд тусгай сан байгуулснаар цугласан хандиваа албан ёсоор шилжүүлнэ гэдгээ хэлж байсан. Өнөөдөр УИХ-аар хууль батлагдаж, шилжүүлж өгөхөд бэлэн болсон байна.

Энэ хугацаанд 1.1 га газрыг хотын захиргаанаас шийдвэрлэж, Хүүхэлдэйн театр, номын сан байгуулах барилгын загвар зургийг боловсруулж, батлагдсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА:

-Монгол Улсад 1972 онд Хүүхдийн төлөө фондыг байгуулж, маш олон бүтээн байгуулалтыг хийж байсан. Саяхныг хүртэл Хүүхдийн төлөө тусгай сан үйл ажиллагаагаа явуулж байсан. Сүүлд 2015 онд Тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, тусгай сан татан буугдсан. Оронд нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын агентлаг байгуулагдаж байсан түүхтэй. Агентлаг маань үйл ажиллагаа явуулж байсан ч бусдын оролцоо нээлттэй биш байсан учраас Хүүхдийн төлөө фондыг сэргээх талаар олон иргэн, төрийн бус байгууллагууд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд санал тавьж байсан. Сая он шилжих мөчид соёл урлагийнхан салбарын яамтай хамтран хандив цуглуулж, маш их хөрөнгө мөнгө цуглуулж, тэр мөнгөөрөө Хүүхдийн театр, Хүүхдийн номын сан байгуулахаар болсон.

Засгийн газрын Тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад нэлээд цаг орсон. Тэгэхээр тусгай санг хүлээлгүйгээр төрийн бус байгууллага байгуулж, хандивыг цуглуулсан. Хандивын мөнгөнөөс гадна Хүүхдийн төлөө фондод улсын төсвөөс 10 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн. Төрийн тусгай сан өчигдөр /2021.05.21/ байгуулагдаж, албан ёсны 100900039503 гэсэн данс нээгдсэн. Засгийн газрын тусгай сангуудад нэмэлт өөрчлөлт оруулах хууль дөрөвдүгээр сарын 8-нд батлагдсан. Өнөөдөр Хүүхдийн төлөө фонд төрийн бус байгууллагад таван банкны дансад төвлөрсөн мөнгөн дүнг албан ёсны Хүүхдийн төлөө төрийн санд шилжүүлэх ажиллагаа болж байна.

Жүжигчин Г.УНДАРМАА:

-Таван банкны дансанд хоёр тэрбум 25 сая төгрөг хадгалагдаж байгаа. Өнөөдрийг хүртэл нэг төгрөг ч энэ данснаас гараагүй гэдгийг хэлье. Таван банкнаас тодорхойлолт авч, хүлээлгэж өгнө. Банкны хуулга гэхэд маш зузаан байгаа. Нийт 500, 300 сая, 38, зургаа, нэг сая гэх мэт төгрөгийн хандив өгсөн. Жишээлбэл, 1-5 сая хүртэлх мөнгө хандивласан 39 байгууллага, хувь хүн байгаа бол 2399 байгууллага, хувь хүнээс 1000 төгрөгөөс доош хандив өгсөн байна. Бас нэг ширхэг уран зураг хандивласан. Хамгийн гол нь хандив цугласны дараа хүмүүстэй холбогдож, баярласан талархсанаа илэрхийлсэн. Зарим хүмүүсийн хардаж сэрдэж байгаа шиг асуудал байхгүй.

Hero” интэртайнментийн захирал, найруулагч Б.БААТАР:

-Бидний дурсамж болсон Хүүхдийн төлөө фондын үйл ажиллагаа албан ёсоор эхэлж байгаад баяртай байна. Сүүлийн хэдэн жилд хүүхдийн төлөөх ажлуудад нааштай зүйл гарч байна. Хандивын тоглолтод оролцож, хандив өгсөн хүмүүстээ маш их баярлалаа. Бидэнд ямар нэгэн хувийн эрх ашиг байгаагүйг хэлье. Одоо сангийн үйл ажиллагаа албан ёсны болоод ирвэл сангийн дансанд мөнгө нэмэгдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж