"Шинжлэх ухааны салбарт итгэж ачаа үүрүүлэх цаг нь болсон"

Хуучирсан мэдээ: 2021.05.21-нд нийтлэгдсэн

"Шинжлэх ухааны салбарт итгэж ачаа үүрүүлэх цаг нь болсон"

“Инновацийн  7 хоног” арга хэмжээг дэлхийн олон оронд тогтмол зохион байгуулдаг. Монгол Улсын хувьд 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ. Энэ жилийн “Инновацийн 7 хоног” арга хэмжээ тавдугаар сарын 17-нд албан ёсоор эхэлж, өнөөдөр /2021.05.21/ хаалтаа хийлээ. Тус арга хэмжээ нь үндэсний инновацийн тогтолцоог бэхжүүлэх, инновацийн тэргүүлэх таван чиглэлийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт, үндэсний чадавхыг төвлөрүүлэх, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн,  үйлчилгээний төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг чиглүүлэх зорилготой юм. Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд төр, хувийн хэвшлийн их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, бизнесийн салбарын 1000 орчим төлөөлөгч оролцжээ.

“Инновацийн  7 хоног” арга хэмжээний хаалтын үеэр  Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Монгол Улс цаашдаа хөгжил дэвшилд хүрч, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд инновацийг хөгжүүлэх шаардлагатай. УИХ-аас шинжлэх ухаанаа хөгжүүлэх эрх зүйн шинэчлэлийг эхлүүлсэн он жилүүд байлаа. Инновацийн тухай хуулиа баталсан, Шинжлэх ухааны эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг явж байна. Удахгүй УИХ-аар батлагдана гэдэгт огт эргэлзэхгүй байна. УИХ өөрийнхөө бүтцэд Инноваци технологийн бодлогын байнгын хороог байгуулсан. Өөрөөр хэлбэл, Монголын төр буюу хууль тогтоох дээд байгууллага шинжлэх ухаан, инновацийг төрийн бодлогоор дэмжинэ гэсэн үг. Энэ жил төсөвт  анх удаа дээрх салбарт зориулж хоёр тэрбум төгрөгийг суулгасан. Энэ бол томоохон хөрөнгө оруулалт юм.

Бидний өмнө шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн статусыг тодорхой болгох, лаборатори төвүүдийг дэлхийн түвшинд гаргах зэрэг тулгамдаж буй олон асуудал байна. Инновацийн  салбарт эрдэм шинжилгээ хийж, шинэ санаа гаргаж байгаа хүмүүсийг төрийн бодлогоор дэмжих, хөдөлмөрийн үнэлэмж бүтээмжийг сайжруулах чиглэлд анхаарлаа хандуулах цаг нь болсон. Өнгөрсөн хоногуудад шинжлэх ухааны байгууллагуудаар явж үзэхэд  Монголын төр шинжлэх ухааны  салбарт итгэж ачаа үүрүүлэх цаг нь болсон гэдэгтэй би санал нэгдсэн. Улс орны тулгамдсан асуудлыг шийдэж чаддаг шинжлэх ухаанч эрдэмтэн олон байж л улс орон урагшлах ёстой гэж ойлгодог. Нийгмийн өмнө тулгамдсан Covid-19 халдварын үед шинжлэх ухааны эрдэмтэд маш том үүрэг гүйцэтгэсэн.

Хоёрхон жишээ дурдъя. Эхнийх нь Анагаахын их сургуулиудын эрдэмтэд хүрээлэнгүүдтэй хамтраад шүлснээс халдвар илрүүлэх оношлуурыг бүтээж хэрэглээнд нэвтрүүлж чадсан. Энэ бол маш том ололт амжилт. Хоёрдугаарт биотехнологийн хүрээлэн дээр вакцины хоёр тунгаа хийлгэсэн хүмүүсийн дархлааг тогтоох оношлуурыг хийж дууссан. Эрүүл мэндийн яамнаас тусгай зөвшөөрлөө авах л үлдсэн" гэдгийг онцоллоо. 

НҮБ-аас гаргасан улс орнуудыг мэдлэгийн үзүүлэлтээр эрэмбэлэх чансаагаар Монгол Улс 2019 онд 138 орноос 76 байранд бичигдэж байсан бол 2020 онд 72 дугаар байр руу урагшилжээ. Судалгаа хөгжүүлэлт, инновацийн индексээр 2018 онд 138 орноос 71 дүгээр байрт орж байсан бол 2020 онд таван байраар урагшилж, 66 дугаар байрт бичигдсэн байна. 

Эдгээр үзүүлэлтүүдээс харахад уул уурхай, хөдөө аж ахуй түүхий эдэд тулгуурласан эдийн засгаас аж үйлдвэржилт, мэдлэг мэдээлэлд түшиглэсэн эдийн засагт шилжих шилжилтийг хэрэгжүүлэх, улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн төрөлжилтийг сайжруулахад технологи, инновацийн үйл ажиллагааг бүхий л салбарт нэвтрүүлж, түгээн дэлгэрүүлэх нь олон талын ач холбогдолтой аж.

Монголын инновацийн 7 хоног | #innoWeek21

Монголын инновацийн 7 хоног | #innoWeek21 цахим арга хэмжээний тайлан хэлэлцүүлэг эхэллээ…“Монголын инновацийн 7 хоног-2021” арга хэмжээг цахим хэлбэрээр 2021 оны 5 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.Эвэнт холбоос: Airmeet https://bit.ly/3eQcJTA

Posted by Боловсрол, шинжлэх ухааны яам on Thursday, May 20, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж