Монгол Улс ЕСБХБ-ны “Төв Ази дахь эмэгтэйчүүдийн хөтөлбөр” төслийн хүрээнд бодлогын яриа хэлэлцээ, эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцов. Дэлхийн эдийн засгийн форумын жендэрийн тэгш байдлын зөрүүний индексийн хувьд Монгол Улс Төв Азийн орнуудын дунд олон улсын зэрэглэлээ ахиулах төлөвтэй байна.
Монгол Улсын ЖДҮ-ийн бизнес эрхлэгчдийн 67 гаруй хувь нь эмэгтэй бичил бизнес эрхлэгчид байдаг боловч эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгох зээлийн дундаж хэмжээ нь эрэгтэй бизнес эрхлэгчдэд олгосон зээлээс гурав дахин бага байдаг. Сүүлийн жилүүдэд Монгол Улс жендэрийн тэгш байдлыг хангах тал дээр мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан боловч дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа билээ.
ЕСБХБ-ны Төв Ази дахь эмэгтэйчүүдийн хөтөлбөрийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж санхүү, техникийн зөвлөгөө өгөн туслах замаар эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт, бизнесийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар уг хөтөлбөрийг Киргизстан, Монгол, Тажикстан, Узбекистан улсад хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон ЕСБХБ-ны Жендэр ба хүртээмжийн газар, Жендэрийн Үндэсний хороотой хамтран “Жендэрийн мэдрэмжтэй хөрөнгө оруулалтын орчны үнэлгээний талаарх бодлогын хэлэлцүүлгийг дэмжих нь” сэдэвт цахим уулзалтыг тавдугаар сарын 13-нд зохион байгуулав. Тус хэлэлцүүлэг нь Монгол Улсад эмэгтэйчүүд бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх орчинг бүрдүүлэхэд чиглэсэн төр, хувийн хэвшлийн анхны хэлэлцүүлэг юм. Цахим уулзалтад Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Хатагтай А.Ариунзаяа, Жендэрийн Үндэсний Хорооны Нарийн Бичгийн Дарга, ЖҮХ-ны Ажлын албаны дарга, Хатагтай Т. Энхбаяр. Үндэсний Статистикийн Хорооны дарга Б. Батдаваа гэх зэрэг ойролцоогоор 50 гаруй төр, хувийн хэвшил, донор байгууллагуудын төлөөлөгчид оролцов.