МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр /2021.05.21/ намаа татан буулгах хүсэлтээ Улсын дээд шүүхэд өгсөн талаараа мэдээлэл хийлээ. Тус нам нь намынхаа их хурлыг хийж, намаа татан буулгахыг гишүүд нь дэмжсэнээр МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй нэгдэж, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдээд байгаа юм. МАН, МАХН-ыг нэгтгэх асуудлаар ажлын хэсэг байгуулж, ажилласан юм.
МАХН-ын дарга Н.ЭНХБАЯР:
-Өнөөдөр бид Улс төрийн намын тухай хууль, МАХН-ын дүрмийг үндэслэж, МАХН татан буугдаж, МАН-тай нэгдэж байгаа бичгээ Улсын дээд шүүхэд гардуулсан. Улсын дээд шүүх бидний өгсөн бичгийг үндэслэж, шийдвэрээ гаргах байх. Энэ бол улс төрийн намуудад болж буй үнэхээр том үйлдэл. МАХН-ын гишүүдийн эв нэгдлийг илэрхийлсэн хүсэл, Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах зүтгэлийн эхлэл гэж үзэж байна. Энэ шийдвэрийг гаргахын тулд бид намынхаа анхан шатны бүх байгууллагаас санал авах, онлайн хурал хийх, гишүүдтэйгээ уулзах байдлаар энэ ажлыг зохион байгуулж, хамтарсан хурал, МАХН-ын анхны шатны хурлаар МАН, МАХН нэгдэн, нийлэх ажлыг дэмжсэн. Мөн бид МАН-тай нэгдэхдээ хэд хэдэн зүйлийг баримталсан. Бид угаас нэг түүхтэй, нэг үзэл баримтлалтай намууд. 10 жилийн өмнө бид тодорхой асуудлаар өөр өөр байр суурьтайгаар салсан ч өнгөрсөн 10 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд маань үр дүнгээ өгсөн. Тухайлбал, МАНАН гэдэг улс төрийн үзэгдлийн эсрэг үзэгдэл. Энэ үзэгдлийг хор уршгийг МАН-ын удирдлагууд сайн мэдэрч, МАНАН-ийн эсрэг тэмцэх тэмцэлд орж байсан удаатай. Мөн өнөөгийн удирдлага бидний олон жил ярьсан Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотой шүүмжлэлүүдийг өнөөгийн МАН-ын удирдлага, Ерөнхий сайд ойлгож, энэ талаар алхамууд хийж эхэлсэн. Бидний сүүлийн 10 жилийн хугацаанд ярьж, хэлж, асуудал дэвшүүлж ирсэн ч өнөөгийн МАН-ын удирдлагууд үүнтэй санал нэгдэж байгаа. Бид нэг үзэл бодолтой, асуудлуудад адилхан байр суурьтай байгаа, хоёр намын 100 жилийн ой зэргийг хүндэтгэж, үйл ажиллагаагаа нэгтгэж байна. Энэ ажлыг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө шийдвэрээ гаргаж байна.
"МАХН-ЫН НИЙТ ГИШҮҮДИЙН 90 ГАРУЙ ХУВЬ НЬ ХОЁР НАМ НЭГДЭХИЙГ ДЭМЖСЭН"
Ийн мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН, МАХН нэгдэж байгааг хүмүүс улстөржүүлж их харж байна. Яагаад заавал сонгуулийн өмнө дэвшив. МАХН-ыг УИХ-д суудалтай болгосон С.Ганбаатар гишүүн та бүхний саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Өнгөрөгч 2020 оны гуравдугаар сарын 1-нд 100 жилийн ойн үеэр нэгдэх асуудал яригдаж байсан ч цар тахлаас үүдэж намынхаа бүх гишүүн, анхан шатны байгууллагын саналыг авахын тулд цаг алдаж, удаан явсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэгдэж байгаа нь эв нэгдлийг эхлүүлэх саналтай байгаа. Ерөнхийлөгч бол эв нэгдлийг илэрхийлэгч учраас бид үүнийг бэлгэдэж, өөрсдөөсөө эв нэгдлийг эхлүүлж, үлгэрлэж нэгдэж байгаа. С.Ганбаатар гишүүн намын дэд даргаар ажиллаж байхад нь дэлгэрэнгүй ярилцаж, зөвлөлдөж байсан. Мөн манай намын гишүүдийн 90 гаруй хувь нь хоёр нам нэгдэх саналыг дэмжсэн. С.Ганбаатар МАХН-д ороход тодорхой асуудал байна. Та бидний эвсэлдээ үлдэх нь зүйтэй гэж бодож байна. Намынхантайгаа ярилцая гээд бид удаан хугацаанд ярилцаж, түүнийг хүндэтгэж ярилцсан. Би тэр үед С.Ганбаатар гишүүнд нэг, хоёр хүнийг муулахгүй тогтолцоог засч ажиллая, нэг ордын тухай ярих биш нийт байгалийн баялагийн тухай ярилцая гэж санал тавихад тухайн үед хэлж ярилцсан. Харамсалтай нь Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг хүний үгэнд орж, түүний талд С.Ганбаатар гишүүн байсан. Тэр нь ч сая илэрч, Х.Баттулгын зохион байгуулсан АН-д элсч, намын дүрэм зөрчиж намд элссэн.
-Таныг МАН-тай нэгдэж байгаа шалтгаан нь 2021 оны нөхөн сонгуульд хүүгээ нэр дэвшүүлэх зорилготой гэж тайлбарлаад буй?
-Нөхөн сонгуульд хэн дэвшихийг би мэдэхгүй байна. Нөхөн сонгууль болох үед МАН-ын гишүүнтэй ярилцаж, хамгийн өндөр ялах магадлалтай хүмүүсийг дэмжиж ажиллана. Миний хүү орох эсэх нь арын хаалга, тодорхой яриа хэлцэх хийхгүй. Хэн ч нэр дэвшсэн бид дэмжээд явна.
-Хоёр нам нэгдсэнээр МАХН-ын гишүүд намын болон төрийн түвшинд хүнээ томилох, 30 орчим хувийн квот өгсөн гэдэг зүйл яриад байгаа?
-Эрх мэдэл, албан тушаал руу илүү их анхаарч байх шиг байна. Мэдээж том зорилтуудыг хэрэгжүүлэхэд МАХН-ын гишүүд оролцоно. Тэгэхийн тулд тодорхой албан тушаалд очно. Намын албан тушаалд 30 орчим хувийн квот өгсөн. Жишээлбэл, МАХН-ын гишүүдээс Удирдах зөвлөлд найм, Бага хуралд 110 хүн, нийслэл, аймаг, намын хорооны тэргүүлэгч гишүүнээр зургаан хүн гэх мэтээр ярилцсан зүйл бий. Улсын хэмжээгээр МАХН-ын төлөөлөл 2200 орчим хүн намын албан тушаалд очно. Төр засгийн албан тушаал дээр бид Үндсэн хууль өөрчлөх, намынхаа зорилтот хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд МАХН-ын гишүүд оролцоод явах бөгөөд тухай бүрт нь хоёр талын ажлын хэсэг гарч ажиллахаар ярилцсан. Цаашид боловсон хүчний бодлогоо ярилцаж, ажлын хэсэг байгуулж, ажиллана. МАХН бол 52 мянган гишүүнтэй учраас боловсон хүчний хувьд хангалттай байгаа.
-Цаашид МАН, МАХН-ын нэгдэл ямар нэрээр явах вэ?
-Нэрний хувьд ажлын хэсэг дээр ярьж МАН, МАХН гэсэн хоёр нэрийг хоёуланг нь зэрэг хэрэглэнэ. Тиймээс энэ хоёр нэр хоёуланг нь ашиглаад өөр бусад намууд хэрэглэхгүй байхаар тооцсон. МАН, МАХН нэгдэх асуудлаар ажлын хэсэг байгуулж, ямар нэг байдлаар аль нэг тал нь өөртөө тааруулах байдлаар шийдвэр гаргахгүй, хамтар ажиллаж уриа гаргаж, гэрээгээ байгуулаад явна гэдэг зүйлийг ярьсан. Мөн МАН-ын Бага хурлаараа дүрэмдээ өөрчлөлт оруулсан. Энэ дүрмээ мөн Улсын дээд шүүхэд өгч байгаа. Намын шат шатны байгууллагад МАХН-ын төлөөлөл орох бололцоог нээж, дүрэмдээ өөрчлөлт оруулсан. Бид хоёр талаасаа ярилцаж, нэгдэж ажиллахаар явж байгаа.
-Хоёр намын нэгдэх асуудлаар Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж буй. Гэтэл саяхан Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан шүү дээ. Энэ өөрчлөлтөөр найман жил дахин Үндсэн хуульд гар хүрэх боломжгүй?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт, шинэ Үндсэн хууль гэсэн хоёр өөр ойлголт бий. Бид бол шинэ Үндсэн хуулийн тухай ярьж байгаа. Түүн дотор хоёр танхимтай парламенттай байх, хууль шүүхийн байгууллагыг хараат бус болгох, байгалийн баялагийг ард түмэндээ өгнө зэрэг маш том том зохицуулалтууд байгаа. Тиймээс шинэ Үндсэн хуулийг батлах асуудлыг судалж, тавина. Хяналтыг сайжруулахын тулд парламентыг хоёр танхимтай болгох нь зөв гэж бид үзэж байгаа.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ