Шинэ ном: Хүн бүрийн дотор чөтгөр нуугддаг

Хуучирсан мэдээ: 2021.05.21-нд нийтлэгдсэн

ШИНЭ НОМ

Шинэ ном: Хүн бүрийн дотор чөтгөр нуугддаг

Шинэ ном: Хүн бүрийн дотор чөтгөр нуугддаг

“Бид ганцаараа биш гэдгээ мэдэхийн тулд ном уншдаг” хэмээн К.С.Льюис хэлсэн байдаг. Магадгүй уншигч та дотоод хүнээ анзаарч чадвал ганцаар оршдоггүй бүр чөтгөртэй хамт оршиж болох тухай, таагүй боловч гашуун үнэнийг өгүүлэх сэтгэл зүйн бүтээлүүдийг энэ удаагийн “Шинэ ном” буландаа онцолж байна. Ёгт утгаар энэхүү хоёр номын нэрд орсон “Чөтгөр” хэмээх үгийг хүн бүр мэддэг ч хэзээ ч танихааргүй хийсвэр зүйл. Харин өөрөөсөө, хүний дотроос таниж болохыг дараах бүтээлүүд тусгасан. Ингээд шинэхэн хэвлэгдсэн сэтгэл зүйн өгүүлэл бүхий сонирхолтой хоёр номын тухайд:

"ЧӨТГӨРИЙН БЯСАЛГАЛ" Ч.ГАНЖАВХЛАН 

Чадраабалын Ганжавхлан “Чөтгөрийн бясалгал” хэмээх шинэхэн номоороо уншигчидтайгаа уулзаж байна. Энэхүү ном нь түүний дөрөв дэх бүтээл бөгөөд өмнө нь “Боорцог ба сарнай”, “Автуус ба амьдрал”, “8 км, 400 м” гэх бүтээлүүдээ уншигчиддаа хүргэж байсан юм. Шинэ номоо зохиогч өөрийн бодол, амьдрал мэдрэмжээс сэдэвлэн баримтат өгүүлэмж, гэрэл зургийг хослуулан бүтээжээ. Ч.Ганжавхлан Дэлхийн шилдэг 10 залуу гэдэг шагналыг авахаар Энэтхэг улсыг зорьж, шагналд хүрэх замдаа “Ер нь шилдэг” гэж юу вэ ? гэдэг маш том зөрчилтэй тулснаар энэ номыг бичих эхлэл тавигдсан байна.

Дэлхий даяараа амжилт манлайлал руу тэмүүлж байгаа ч түүний мөн чанарыг ойлгож байгаа юу? Хэчнээн гялгар, хийсвэр зүйл руу төөрч тэмүүлсэн ч заавал тулах ёстой үнэн, зугтаж чадахгүй “Чөтгөр” гэж бий. Тэгвэл түүнээс зугтах ёстой юу харин нүүр тулах ёстой юу? гэсэн сэтгэл зүйн гүн гүнзгий агуулгыг хөнджээ.

"БИДНИЙ ДОТОРХ ЧӨТГӨР" САБАХАТТИН АЛИ

“Арьсан хүрэмтэй мадонна” зохиолоороо уншигч түмнээ танигдсан Туркийн нэрт зохиолч Сабахаттин Алигийн хоёр дахь роман хэвлэгдэн гарлаа.

Зохиолч Сабахаттин Али өмнөх зохиолоороо уншигч биднийг сэтгэл зүрх шимшрүүлэм хайрын түүхээр аялуулсан бол энэ удаа “Бидний доторх чөтгөр” романаараа нийгэм дэх өдөр тутмын амьдралын дарамт, нөлөө, сул дорой, хүчгүй хүн ардын "хавханд хавчуулагдсан" мэт байдал, сэхээтэн хэмээх нэр зүүгчдийн балар харанхуй ертөнц, "хүмүүний доторх чөтгөр"-ийг уудлан гаргасан тод томруун дүрслэлээр бүтээжээ.

“Бидний доторх чөтгөр” романы үйл явдал Истанбул хотод өрнөх бөгөөд романтик хайрын түүх мэт сэтгэгдэл төрүүлнэ. Уг роман улс төрийн утга агуулгаараа үндсэрхэг үзэлтнүүдийн дургүйцлийг ихэд хүргэж байжээ. Түүнчлэн уг зохиол Сабахаттин Алигийн хамгийн урт роман бөгөөд хамарсан сэдвийн хувьд ч бусад бүтээлээсээ хавьгүй өргөн. Олон дүртэй энэхүү бүтээлийн бүтэц тун сонирхолтой, сэтгэлийн хүүрнэл, эргэцүүлэл, урт монолог зэргийг арвин агуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж