Израил-Палестины дайн "өндөрлөж", гал зогсоох тохиролцоонд хүрэв

Хуучирсан мэдээ: 2021.05.21-нд нийтлэгдсэн

Израил-Палестины дайн "өндөрлөж", гал зогсоох тохиролцоонд хүрэв

Израил-Палестины дайн "өндөрлөж", гал зогсоох тохиролцоонд хүрэв

Газын зурваст Израйлийн арми, Хамас зэвсэгт бүлэглэлийн хооронд тавдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн дайн өнгөрсөн шөнө /2021.05.21/ өндөрлөж, талууд харилцан гал зогсоох тохиролцоонд хүрсэн байна.

Израилийн Засгийн газар аюулгүй байдлын асуудлаар хуралдаж, энэ хуралдаан дээр Газын зурваст гал зогсоох тухай саналыг  дэмжжээ. Тус улсын Ерөнхий сайдын албанаас энэ талаар мэдээлсний дараа Исламын Хамас бүлэглэл ч байлдааны үйл ажиллагааг зогсооход бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

"Харилцан гал зогсоох тохиролцоо хоёр талаас Баасан гаригт шилжих шөнө, орон нутгийн цагаар 02.00 цагт хүчин төгөлдөр болно" хэмээн Газын зурвас дахь Хамас бүлэглэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Египетийн зуучлалтайгаар ийнхүү талууд зөвшилцөлд хүрч чадсан байна. Гэхдээ Израилийн тал галаа бүрэн зогсоохгүй бол палестинчууд зэвсэгт эсэргүүцлээ үргэлжлүүлнэ гэж Хамас мэдэгдэв. Хариуд нь Израилийн тал Хамасыг пуужин хөөргөсөөр байвал гал зогсоох хэлэлцээр цуцлагдана хэмээн анхааруулжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Лхагва гаригт /2021.05.19/ сөргөлдөөнөө зогсоохыг Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяхуд уриалсан бол Египет, Катар, Хятад улсууд болон НҮБ дайтагч талуудын хооронд зуучлах санал тавьж байв. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл дээрх асуудлаар хоёр ч удаа хуралдсан ч үр дүнд хүрэлгүй өндөрлөсөн юм.

Гал зогсоох тохиролцоо Израиль-Палестины зөрчлийг бүр мөсөн шийдвэрлэхгүй гэж ажиглагчид үзэж байна. Палестины тусгаар улсыг байгуулж, Израилийн аюулгүй байдлыг баталгаажуулах олон улсын хүчин чармайлт 2014 оноос хойш зогсонги байдалд ороод байгаа билээ. Палестины чөлөөлөх байгууллага 1990-ээд оны үед Израильтай энхийн гэрээ байгуулсны үр дүнд эзлэгдсэн Йордан голын баруун эрэгт өөртөө засах эрх олж авсан. Харин Хамас бүлэглэл Палестины чөлөөлөх байгууллагаас тусдаа үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс өмнө 2008 онд болж байсан 23 хоног үргэлжилсэн мөргөлдөөний улмаас Палестины  1300 гаруй хүн амь үрэгдэж байв. Харин 2014 оны 50 хоногийн мөргөлдөөний үеэр амиа алдсан хүний тоо 2000 давж байжээ.

Ийнхүү 11 хоног үргэлжилсэн дайнд Палестины 232 иргэн амь үрэгджээ. Үүнээс 65 нь хүүхэд байсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Түүнчлэн 1900 гаруй хүн Израилын агаарын довтолгоонд өртөж, шархадсан байна. Харин Хамас бүлэглэлийн 160 гаруй гишүүнийг устгаснаа Израилийн тал мэдээлжээ. Израилийн талаас 12 хүн амь үрэгдэж, олон зуун хүн Хамасын пуужингийн цохилтод өртөж, шархаджээ.

Газын зурваст Израилийн агаарын цохилтоос болж орон сууцны барилгууд нурж, нэг гэр бүлийн таван хүн амиа алдсан байна. Израилийн тал агаарын цохилтуудаа Газад орогнож буй Хамасын удирдагчдыг хөнөөх зорилготой хэмээн тайлбарлаж байв. Түүнчлэн тус бүс нутагт байрладаг олон улсын мэдээлийн томоохон агентлагуудын байрыг Израиль бөмбөгдсөн билээ.

Йерусалем хотын Палестин дүүргээс арабуудыг албадан нүүлгэж, жүүдүүдийг суурьшуулах болсноос Хамас бүлэглэл Газын зурвасаас Израилийн нутаг дэвсгэр рүү пуужин харваж эхэлсэн. Израиль улс хариуд нь Хамасын гол байрлалуудад агаараас цохилт өгөх болсон юм. Ингэснээр Араб-Израилийн зөрчил мөргөлдөөн сүүлийн 20 жилийн хугацаанд байгаагүй хэмжээнд хүрч өргөжсөн билээ.

Эх сурвалж: BBC, REUTERS

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж