Хужаа технологи хуучирсан!

Хуучирсан мэдээ: 2021.05.21-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгууль-2021

Хужаа технологи хуучирсан!

Хужаа технологи хуучирсан!

Монгол Улсын Ерөнхийлөгч бол шүдгүй арслан биш. АТГ, шүүхийн томилгоонд оролцох эрхийг нь хязгаарласан ч прокурорын удирдлагуудыг томилдог эрх нь хэвээрээ.  Монгол Улсын бүх цэргийг командлаж, ҮАБЗ-ийг даргална. Гадаадад суух Элчин сайдуудыг томилох , эргүүлэн татах, улсын болон цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах, мөн бусдад уучлал үзүүлэх эрхтэй.

Ийм том эрх мэдэлтэй, зургаан жилийн хугацаатай зургаа дахь Ерөнхийлөгчөө монголчууд арван ес хоногийн дараа сонгоно.Хоёр хоногийн дараа С.Эрдэнэ, У.Хүрэлсүх, Д.Энхбат гурав нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авна. Сонгуулийн сурталчилгаагаа ч албан ёсоор эхэлнэ. Гэхдээ У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлаа өгсөн мөчөөс, Д.Энхбат ХҮН-аас нэр дэвшихээр болсон өдрөөс, С.Эрдэнэ Сонгуулийн ерөнхий хороо нэрийг нь бүртгэж авсан цагаас албан бус сурталчилгаагаа эхлүүлсэн.

Даваа гаригаас жам ёсоороо Монголд У.Хүрэлсүх С.Эрдэнэ, Д.Энхбат гурав шиг мундаг эсвэл муу хүн байхгүй болох биз. Мэдээж, гурван монголын зодоон гурван сая хүний хэрүүл болох нь ойлгомжтой. Гээд өмнөх сонгуулийг бодвол хаа очиж энэ удаагийн сонгуульд хужаа технологи хол явахгүй шинжтэй. Хужаа гэсэн нь өөрөө хужаа болж харагдахаар байна.

Өдийд монголчуудын дийлэнх нь цус судлаач болчихсон, өрсөлдөгчийнхөө хужаа цусыг нь шинжлээд, оношлоод суудаг байлаа. Энэ удаагийн сонгуулиэр дөрвөн жилийн өмнөхийг бодвол хэн нэгний гэр бүл, удам судрыг  гүтгэж, харлуулсан технологийг монголчууд сайшаахаа больсон нь сонгогчдын боловсрол сайжирсных уу, сонгогчид  цус судлаачдаас уйдсаных уу, бүү мэд.  Энэ жил лав Х.Баттулгын цус судлаачид, троллууд  хийх ажилгүй их уйтгартай сонгуульдаж байх шиг.  Компьютерын араас С.Эрдэнэ рүү ноцож, хаа нэг МАН-ыг хараасан шигээ суухыг бодоход.

Өнгөрсөн 2017 онд яалаа. Х.Баттулгыг дэмжсэн нь монгол, дэмжээгүй нь хужаа болж дууссан. Гурван сая цус судлаачтай болсон.  Хоёр том намын хар пиарчид жоомоо алах гээд бараг гэрээ шатаах шахсан даа.  

Монголчуудын үндсэрхэг үзэл, анти чайна сэтгэлгээн дээр чадварлаг тоглосон Х.Баттулга гэж гүжирмэг булчинлаг эрийн ялалт эсрэгээрээ Монголын ялагдал болж хувирсан.

Үзэл бодол таарч тохироогүй Элчин сайдуудыг эргүүлэн татаж, дипломат томилгоог гацааж, Монголын Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан гурван хүнийг шоронд хорьж, нэр бүхий улстөрчдийг үзэл санааны хоригдлууд болгосон гээд түүний өс хорсол өдгөө ч тайлагдаагүй яваа.  Зөвхөн өөрт нь шүүмжлэлтэй хандсаны төлөө шүү дээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын 2017 оны сонгуулийн сурталчилгаа хужаа технологи, хар пиар дээр суурилсан.  Гол найруулагч нь “Херо” Б.Баатар байлаа. Монголчуудын үндсэрхэг үзэл,  анти чайна сэтгэлгээн дээр нь  Х.Баттулга олигархи, оффшортой тэмцэгчийн дүрд гарамгай тоглосон. Гэтэл өөрөө Монголын гол олигархи төдийгүй энд тэндгүй оффшортой болохыг нь сонгогчид сүүлд ойлгосон.

М.Энхболд өнгөрсөн сонгуулиар өрсөлдөгчөө хэтэрхий басамжилсан нь түүний том алдаа болсон. “Бүрэн зураглал”-аас эхлээд Монголын бүх баячуудыг бөөрөндөө нааж, хэт эрдсэн түүний “аядуу зөөлөн” пиар албан ёсны сурталчилгаа эхлэхээс нь өмнө цөмөрчихсөн байсныг өөрөө ч, пиарчид нь ч олж хараагүй юм.  Энэ удаад МАН  бас л их мөнгөөр зодож байна. Гээд мөнгөтэй, эрх мэдэлтэй байгаад ялдаггүйг М.Энхболдоос суралцсан байх, У.Хүрэлсүх. Тэгээд ч энэ удаад “Херо” Б.Баатарын пиар хэт  хайрцаглагдсан, хуучирсан байна.

Өмнөх сонгуулийн секс скандалын дуулианы эзэн МАН-ын УИХ-ын залуу гишүүн Д.Гантулга байсан бол энэ сонгуулийнх нь Ц.Анандбазар болж байна. Д.Гантулга энэ хэргээс болж УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр татгалзаж, шүүхээс түүнд хоёр жилийн хорих ял оноосон. Тэгвэл Ц.Анандбазарын намын гишүүнчлэлээс нь  ямар ч байсан МАН түдгэлзүүлчихлээ. Хоёр адилхан кейс. Гэхдээ М.Энхболдыг бодвол У.Хүрэлсүх асуудалд мэдрэмжтэй хандсан.

2017 онд төрийн эрхийг МАН хууль бусаар авахыг санаархсан гэх 60 тэрбумын бичлэгийг Г.Доржзодов гэгч дэлгэж байлаа. Тэгвэл иргэн н.Ган-Очир өчигдөр МАН-ынхан хар машин хакердуулахаар нэг тэрбумыг амалсан бичлэг бий гэв.

Дөрвөн жилийн өмнө С.Эрдэнэ Х.Баттулгыг байдаг чадлаараа дэмжсэн бол энэ удаад Х.Баттулга байдаг чадлаараа түүнийг хорлож байна. Тэр үед  жиргээнд “Хэнийг, яагаад сонгож болохгүйг хэлэлцсээр сонгууль дуусах болтой. Харин хэнийг, яагаад (юу хүлээж) сонгох ёстой тухай яриа ер нь байв уу?” гэж тохуурхаж суусан ХҮН-ын нэр дэвшигч Д.Энхбатын гол сурталчилгаа бодвол хэнийг болохгүйг  муулах биш хэнийг яагаад сонгох ёстой тухай байх биз, харж л байя.

Өмнөхөө бодвол сонголттой сонгууль болох нь гэлцэж байна, олон нийтийн сүлжээнд.  Сонголттойгоос гадна соёлтой сонгууль болбол гоё. Хар пиар, хужаа технологиос Монголын сонгогчид залхаж эхэлсэн байна. Тиймээс нэр дэвшигчдийн  пиарчдад сануулахад хужаа технологи хуучирсан бөгөөд ядмаг харагдана шүү!

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
9
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж