Шинэ хуулийн дагуу шүүх бүтэц бүрэлдэхүүнээ "өөрчлөв"

Хуучирсан мэдээ: 2021.05.21-нд нийтлэгдсэн

Шинэ хуулийн дагуу шүүх бүтэц бүрэлдэхүүнээ "өөрчлөв"

Шинэ хуулийн дагуу шүүх бүтэц бүрэлдэхүүнээ "өөрчлөв"

УИХ-аас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталснаар шүүх байгууллагад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, томилгоонуудыг шил дараалан хийж байна.  Шүүхийн тухай хууль нь гуравдугаар сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн юм. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сард Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхимын тэргүүн нарыг сонгосон.

Үүнээс гадна Улсын дээд шүүхээс санал болгож, УИХ-аас Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон. Улмаар 2020 оны  гуравдугаар сарын 26-ны өдөр УИХ-ын чуулганаар Улсын дээд шүүхийн санал болгосноор Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилохыг нийт гишүүдийн 53 нь буюу 78.8 хувь нь дэмжиж Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс Ш.Цогтоог чөлөөлсөн байдаг. Д.Солонгыг Улсын дээд шүүхээс санал болгосон учраас дараагийн гишүүнд  нэр дэвшигчийг мөн Улсын дээд шүүхээс санал болгох зохицуулалттай.

Тиймээс Улсын дээд шүүхээс өчигдөр /2021.05.20/ Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэхээр материалаа ирүүлсэн дөрвөн хүнийг зарласан. Шаардлага хангасан нэр дэвших хүсэлт, ирүүлсэн материалыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж, олонхын санал авсан нэр дэвшигчийн нэрийг Улсын Их Хуралд хүргүүлэх юм.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД НЭР ДЭВШИГЧДИЙН ТӨГССӨН СУРГУУЛЬ

1.Б.Баттулга. МУИС-ийг хуульч, эрх зүйч, Улс төрийн дээд сургуулийг улс төр судлаач мэргэжлээр тус тус төгссөн. МУИС-д хууль зүйн магистр хамгаалсан. 

2.Ч.Нямсүрэн. НАХЯ-ны ЦТДС-ийг хуульч, ЗХУ-ын Ленинград хот дахь ДЯЯ-ны УТДС-ийг хуульч-улс төр судлаач мэргэжлээр тус, тус төгссөн. МУИС-д хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. 

3.В.Оюумаа. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч, МУИС-ийн Гадаад харилцааны дээд сургуулийг англи хэлний орчуулагч, Удирдлагын академийг төрийн албаны менежер, МУИС-ийн Бизнесийн сургуулийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр тус, тус төгссөн. 

4.Б.Улаанбаатар. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. МУИС-д хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан байна.

ШЕЗ БОЛОН ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИЖ БУЙ 53 ХҮН

Хууль зүйн байнгын хорооны /ХЗБХ/   тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн /ШЕЗ/ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг 2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр хуралдаж сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн 59  хүнээс шаардлага хангасан 53 иргэнийг нэр дэвшигчээр бүртгэсэн байдаг. Улмаар ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд 29, шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн юм. Шалгарсан нэр дэвшигч тус бүр дээр ХЗБХ нээлттэй сонсгол хийж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар томилно.

ЭРҮҮ, ИРГЭН, ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН НАРЫГ СОНГОВ

Нийтлэлийн эхэнд дурдсанчлан Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн гуравдугаар сарын 5-ны өдөр болж,  дараах шүүгчдийг Улсын дээд шүүхийн танхимын тэргүүнээр сонгосон.  Тодруулбал, Улсын дээд шүүхийн  Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнд  нэр дэвшиж өрсөлдсөн шүүгч Б.Цогт, шүүгч Ч.Хосбаяр нараас шүүгч Ч.Хосбаярыг, Иргэний хэргийн танхимын тэргүүнд нэр дэвшиж өрсөлдсөн шүүгч П.Золзаяа, шүүгч Г.Алтанчимэг нараас шүүгч Г.Алтанчимэгийг, Захиргааны хэргийн танхимын тэргүүнд нэр дэвшсэн шүүгч Ч.Тунгалагийг олонхын саналаар танхимын тэргүүнээр сонгосон юм.

Шүүгч Ч.Хосбаяр, Г.Алтанчимэг, П.Золзаяа  нар нь 2015 оны дөрөвдүгээр сарын 22-нд Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдож байв. Мөн Ч.Хосбаяр нь 2019 оны хоёрдугаар сард Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт шалгагдаж байв.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН  ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ХОСБАЯР

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ

Нийслэлийн анхан болон давж заалдах шатны шүүгчид гуравдугаар сарын 4-ний өдөр хуралдаж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Д.Мягмаржав, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Д.Батбаатар, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Ж.Оюунтунгалаг нарыг сонгосон. Мөн нийслэлийн зургаан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчдийг томилоод байна. Үүнд:

  • Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Н.Одонтуул
  • Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгчээр О.Жанчивнямбуу,
  • Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгчээр Б.Дашдондов,
  • Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Б.Батболор,
  • Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгчээр Ж.Болдбаатар,
  • Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгчээр Б.Халиун нар тус, тус сонгогдсон билээ. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж