Ардчилсан нам өнөөдөр 4:11 уулзалтаа хийж, төрийн эрхийг МАН хууль бусаар авсан талаар ноцтой мэдээлэл хийсэн. Энэ үеэр “Хар машины лиценз дууссан ч СЕХ сунгуулаагүй. Хэдэн IT залуу хакерддаг. Саналын хуудсыг гараар тоолох үед хэвлэмэл хуудас нь бэлэн байж байдаг. Үүнд МАН-ын удирдлагууд оролцсон. Д.Пүрэвдаваа, П.Нүрзэд нар мөнгө өгч, үр дүнгээ захиалсан. Эцэст нь Б.Сэмжидмаа, Г.Гангамөрөн мэтийн хүмүүс сонгогдсон” гэж мэдэгдсэн билээ.
Санал тоолох хар машины серверт хөндлөнгөөс нөлөөлсөн байж болзошгүй талаар Канадын “Dominion voting” компаниас 2020 оны есдүгээр сарын 15-нд СЕХ-нд албан бичиг хүргүүлжээ. Тодруулбал, 2020 оны УИХ-ын сонгуулийн дүнг танилцуулахдаа санал тоолох хар машины серверт хөндлөнгөөс нөлөөлж, өөр серверийн дүнг 30 минутын хугацаанд харуулж, нэр дэвшигчдийн сонгуулийн дүнг худал мэдээлсэн байж болзошгүйг тус албан бичигт бичсэн байжээ.
Тус компани албан бичгийнхээ төгсгөлд “Манай системийг төлөвлөөгүй байдлаар хэрэглэснээс үүдэн сонгуулийн орой эргэлзээтэй байдал үүссэнд харамсаж байна” гэжээ.
АН-ын дарга М.Тулгат “Энэ асуудлыг хуулийн байгууллага зургаан сар шалгаад, хохирогчгүй хэрэг нэрээр хаасан. Хохирогчгүй гэж үзээд хааж байгаа нь туйлын аюултай юм” гэв.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ