БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр (2021.05.19) цахимаар холбогдож, цөмийн эрчим хүчний хэд хэдэн төслийн талаар санал бодлоо солилцжээ. Энэ цахим уулзалт нь хоёр улсын улам батжиж буй эв нэгдэл, АНУ тэргүүтэй геополитикийн өрсөлдөгчийнхөө эсрэг хүчээ нэгтгэж байгаагийн бэлгэ тэмдэг болж байна.
Хятадын төрийн мэдээллийн CCTV агентлаг дээрх уулзалтыг шууд дамжуулж, Орост үйлдвэрлэсэн цөмийн реакторуудыг Хятадын Тианван, Шудапу цөмийн цахилгаан станцуудад байгуулахаар болсныг зарлажээ.
Уулзалтын үеэр Путин “Орос, Хятадын мэргэжилтнүүд хамтран ажиллах гэж байгаа нь нэр төрийн хэрэг. Оросын цөмийн реактор гэдэг бол аюулгүй байдлын болон экологийн хэм хэмжээг бүрэн мөрдсөн урлагийн бүтээл гэмээр технологи. Тиймээс шинэ төслийг даруй эхлүүлэн, 2026-2028 оны хооронд бүрэн дуусгахаар төлөвлөж байна. Бид өөрсдийн технологиор Хятадын цөмийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж байгаадаа таатай байна” хэмээн ярьжээ.
Харин Хятад улс эрчим хүч гарган авахын тулд асар их нүүрс шатаахаас татгалзах аргаа эрчимтэй хайж байгаа билээ. Тэдний энэхүү уулзалт зөвхөн технологи, эв нэгдлээс гадна улс төр, эдийн засгийн чухал ач холбогдолтой хэмээн ажиглагчид дүгнэжээ.
Учир нь сүүлийн үед сөрөг хүчнээ идэвхтэй дарж, улс төр, эдийн засгийн бүх эрх мэдлийг дангаараа атгадгаараа нийтлэг хоёр удирдагчийн ашиг сонирхол, барууны орнуудыг эсэргүүцэх үзэл төстэй болсноор ганзага нийлж, улам дотносч байгаа билээ.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ