“Байцаагчийн нэг өдөр” булангийн энэ удаагийн зочноор МХЕГ-ын барилгын техник, өргөх механизмын хяналтын улсын ахлах байцаагч Н.Буйдан оролцож байна.
-Бүтээн байгуулалтын улиралд өргөх байгууламжийг дүрмийн дагуу ашиглаагүйн улмаас хүний амь нас эрсдэх, эрүүл мэнд хохирох тохиолдол цөөнгүй гардаг. Ийм шалтгаант осол жилд ер нь хэд бүртгэгддэг вэ?
-Уул уурхай, барилга, зам тээвэр, эрүүл мэнд зэрэг бүхий л салбар, хувиараа хөдөлмөр эрхлэгчид өргөх байгууламжийг өргөнөөр ашиглаж байна. Манайхан өргөх байгууламж гэхээр кранаар төсөөлдөг. Ганцхан кран гэлтгүй лифт, эскалатор (урсдаг шат), уурхайн болон барилгын төрөл бүрийн өргүүр, сагстай өргөгч, бетон шахуурга, манипулятор (машинтай кран), уулын ган татлагат зам зэрэг бүгд өргөх байгууламжид багтдаг.
Өргөх байгууламжийг аюулгүй ашиглах хууль дүрмийг сахин ажиллаагүйгээс хүний амь нас хохироосон, бүлэг осол жилд дунджаар 10-12 удаа гарч байна.
Үүний үндсэн шалтгаан нь өргөх байгууламжийг тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар бус өөрсдөө дур мэдэн буруу угсрах, мэргэжлийн байгууллагаар засвар үйлчилгээг тогтмол хийлгэхгүй байх, бүрэн бус гэмтэлтэй техникийг үйлдвэрлэлд ашиглах, мэргэжлийн үнэмлэхтэй ажилчин байхгүй, хөдөлмөрийн аюулгүй байдалд тавих дотоод хяналтыг сулруулсан зэргээс шалтгаалсан байдаг. Гарч буй ослын гол шалтгаан нь энэ таван зүйл байгаа юм.
-Өнөөдрийн байдлаар хэчнээн тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна вэ?
-2003 он хүртэл ЗХУ-д үйлдвэрлэсэн 800 орчим лифт, краны угсралт, засвар үйлчилгээний ажлыг мэргэжлийн 5-6 байгууллага гүйцэтгэдэг байсан бол өнөөдөр Монгол улсад 15485 ширхэг төрөл бүрийн өргөх байгууламж ашиглагдаж, тусгай зөвшөөрөлтэй 200 гаруй байгууллага тэдгээрийн засвар үйлчилгээ, угсралтын ажлыг хариуцан ажиллаж байна. Энэ нь нэг байгууллагад 70 гаруй өргөх байгууламж оногдож байна гэсэн үг. Бодит амьдрал дээр нэг байгууллага 500-800 өргөх байгууламжийг хариуцан ажиллахад үйл ажиллагаа нь хэвийн, найдвартай явагдаж байгаа нь ажиглагддаг. “Моннис” ХХК, “Сима тек” ХХК, “Хьёндэ элеватор Монгол” ХХК, “Оюу толгой” ХХК, “Хөлөг элеватор” ХХК зэрэг байгууллагыг жишээлээд дурдаж болно. Ер нь өргөх байгууламжийн угсралт, засвар үйлчилгээний ажлын чанар муу байгаагийн нэг үндсэн шалтгаан нь эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг хавтгайруулан олгож байгаатай холбоотой. Энэ асуудал барилга болон бусад олон салбарт их түгээмэл харагддаг.
Харин өргөх байгууламжийн ашиглалтад тавих төрийн хяналтыг нийслэлд 3, Дорнод, Дорноговь, Баян-Өлгий аймагт тус бүр 1, бусад аймгуудад тээврийн байцаагчид хавсран хэрэгжүүлдэг.
-15485 өргөх байгууламжид 10 хүрэхгүй улсын байцаагч хяналт тавьдаг гэсэн үг үү?
-Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчид өргөх байгууламжийг улсын бүртгэл-мэдээллийн санд бүртгэн авч, холбогдох дүрэм, журмыг үндэслэн ашиглах зөвшөөрлийг олгож, угсралт, ашиглалт, засвар үйлчилгээний ажилд хяналт тавьдаг. Түүнчлэн баталгаажуулах ажлын хүрээнд шинээр угсрагдсан болон шинэчлэгдсэн лифт, эскалаторт техникийн бүрэн магадлалыг ХАБҮЛЛ-ын шинжээчид хийдэг. Цар тахалтай холбоотойгоор лифтийг ашиглах үед вирусын халдвар тархах эрсдэлийг бууруулах, техникийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор 21 аймгийн МХГ, Төрийн бус болон 211 байгууллага, мэргэжлийн холбоодод зөвлөмж болон лифтний бүхээгт халдвараас сэргийлэх зурагт санамж байрлуулах зааврыг хүргүүлээд байна. Монгол улсын хууль, дүрмээр тусгайлан зааж улсын бүртгэлд бүртгүүлж хяналтад орсон 15485 өргөх байгууламж байна. Гэтэл төрийн төв байгууллагаас эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулж гаргаагүй машины зогсоол, төрөл бүрийн зориулалтын өргүүрүүд түүнчлэн эзэмшигч байгууллагын дотоодын хяналтад ашиглагддаг бага даацын кран, таль, өргүүр, лифт зэрэг өргөх байгууламжийн ашиглалтад мөн адил хөндлөнгийн хяналтыг тавих ёстой, энэ тохиолдолд дээрх тоо 3 дахин өснө.
-Нийслэлийнхний хувьд тулгамдсан нэг асуудал нь насжилт өндөртэй лифт. Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ хүрээнд ямар ажил зохион байгуулав?
-Өргөх байгууламжийн хяналтын чиглэлээр хийсэн 2020 оны хяналт шалгалтаар лифтний зураг төслийн алдаа гаргасан 103 байгууллагын 206 зөрчлийг илрүүлэн холбогдох арга хэмжээг авсан. Төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран аливаа зөрчил, ослын шалтгааныг арилгахад чиглэсэн сургалт явуулах, дүрэм журмыг сайжруулах, тусгай зөвшөөрлийг замбараагүй олгуулахгүй байх зэрэг ажлыг эхлүүлээд байна.
Ашиглалтын шаардлага хангахгүй, эдэлгээний хугацаа нь дууссан 782 лифтний судалгааг гаргаснаар улсын төсвийн хөрөнгөөр лифт шинэчлэх Засгийн газрын тогтоолыг гаргуулсан. Ингэснээр 2012-2020 онд 564 лифтийг улсын төсвийн хөрөнгөөр шинэчлүүлж, техникийн бүрэн магадлалыг нь хийж, улсын бүртгэлд бүртгэн, ашиглалтад авсан. Хуучин лифтийг шинэчилж баталгаажуулснаар иргэдийн аюулгүй зорчих нөхцөл сайжирч байгаа юм.
Өнөөдрийн байдлаар нийтийн зориулалттай орон сууцны барилгад 25-40 жил болсон, аюулгүй ашиглалтыг хангахгүй, шинэчлэх шаардлагатай болсон 131 лифт ашиглагдаж байна. Хэзээ ч осол гаргаж болзошгүй байдалтай байгаа гэсэн үг шүү дээ. Манай байгууллагын зүгээс холбогдох төрийн төв байгууллагад энэ тухай албан ёсоор мэдээлсэн байгаа.
Мөн МХЕГ-аас 2008-2016 онд БХБЯ, ШУТИС болон БНСУ, ОХУ зэрэг гадаад орны шинжлэх ухааны институттэй хамтран өргөх байгууламжийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны 2 ажил хийж, металл хийцийн насжилтыг тодорхойлох орчин үеийн аргачлал, оновчтой технологийг боловсруулснаар улсын төсөвт 5.5 тэрбум төгрөгийн хэмнэлт орох боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн БХБЯ-тай хамтран өргөх байгууламжийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах 7 дүрэм, 50 гаруй MNS ISO стандартыг боловсруулан гаргалаа.
-Орон сууцны лифтний ашиглалт, аюулгүй байдлыг хэн хариуцах ёстой вэ?
-Холбогдох хуулиуд болон лифтний дүрэмд зааснаар тухайн орон сууцны СӨХ лифтний ашиглалт, аюулгүй байдлыг ханган ажиллах ёстой. Лифт дундын өмч, СӨХ иргэдийг төлөөлсөн эзэмшигч байгууллага. Энгийн үгээр хэлэхэд хувийн машиныхаа засвар, үйлчилгээ, оношилгоог хийлгэн, бүрэн бүтэн байлгах, осол гаргахгүй ашиглахыг эзэн нь бүрэн хариуцдагтай адил юм. Ингэхийн тулд оршин суугчид лифтнийхээ мөнгийг төлдөг байх, СӨХ-ны дарга сар бүр мэргэжлийн байгууллагаар засвар үйлчилгээг хийлгэн, өдөр бүр лифтчиний хяналт дор лифтээ ажиллуулдаг байх ёстой. Энгийн энэ шаардлагыг биелүүлээгүйгээс өнөөдрийн байдлаар 200 гаруй лифт эвдэрч зогссон, тэдгээрийг засварлахад их хэмжээний буюу 10 хүртэл сая төгрөг шаардлагатай болсон байна. Мөн жил бүр лифтний угсралт эсвэл ашиглалтаас шалтгаалан 2-3 осол гарч байгааг дурдах нь зүйтэй. Сүүлийн жилүүдэд Сонгинохайрхан дүүргийн “Залуус”, “Баганат хороолол”, “Хишиг арвин” ХХК-ийн ажилчдын болон Баянгол дүүргийн 1 дүгээр хорооллын 8, 13 байруудад ноцтой осол гарсан.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тавцант өргүүр ч гэдэг юм уу орчин үеийн өргөх байгууламжийн хэрэгцээ их байгаа нь харагддаг. Мэргэжлийн хүний хувьд таны байр суурь…?
-Улсын хэмжээнд 2020 оноос эхлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тээвэрлэх зориулалттай тавцант лифтэн өргүүр, авто машины лифттэй зогсоол, машины засварын өргүүр, агуулахын болон баригдаж байгаа уурхай эсвэл барилгад түр ашиглах зориулалттай төрөл бүрийн өргөх байгууламжууд шинээр угсрагдаж, ашиглагдаж эхэлсэн ч тэдгээрийг баталгаажуулах, шалгаж хүлээж авах асуудалд эрх зүйн баримтгүйгээс хүндрэл учирч байна. Тус асуудлыг хариуцсан байгууллагууд осол гарсны дараа холбогдох эрх зүйн баримтыг боловсруулан гаргадаг нь буруу. Урьдчилан шийдвэрлэхээ байг гэхэд ядахдаа шинэ төхөөрөмжийг оруулж ирэх үед эсвэл байгууллага иргэдийн мэдээллээр асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэдэг байх шаардлагатай байна.
-Ярианы эхэнд та жилд дунджаар 10-12 осол гардаг гэлээ. Яавал осол гаргахгүй байх вэ?
-Жил бүрийн 3 дугаар сараас эхлэн барилгын ажил ихэсдэг. Энэ үед кран, барилгын дүүжин өргүүрийг ашиглахтай холбоотой осол их гардаг. Барилгачид барилгын дүүжин өргүүрийг үл ойшоодог.
Гэтэл судалгаагаар хамгийн олон буюу 4-5 удаагийн, 2-3 хүнийг хамарсан хүнд осол дүүжин өргүүрийн буруу ашиглалтаас болж гардаг.
Осол гаргахгүй байх бүрэн боломжтой. Үүний тулд, өргүүр эсвэл краныг паспортад заасны дагуу тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар зөв угсруулж, засвар үйлчилгээг тогтмол хийлгэх, сургалтад хамрагдан мэргэжлийн үнэмлэх авсан ажилчдыг ажиллуулах, барилгын даамал, инженерүүд дээрх асуудлыг тогтмол хянах шаардлагатай. Цамхагт краныг барилгад ашиглах зөвшөөрлийг МХБ-ын байцаагч газар дээр нь тухай бүр очиж техникийн болон аюулгүй ашиглах нөхцөлийг шалгасны үндсэн дээр байрлал бүр дээр өгдөг бол өргүүрийн ашиглах зөвшөөрлийг 1 удаа авч, байрлал солих үед мэргэжлийн байгууллага нь өгдгөөрөө ялгаатай. Мөн краныг ашиглахдаа заавал оосорлогч-дохиочны удирдлага дор ажиллуулах шаардлагатай. Ер нь өргөх байгууламж гэдэг их өргөн хүрээтэй асуудал л даа.
Эх сурвалж: МХЕГ