Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв | News.MN

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлав

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.05.20) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цагаас эхэлж, Улсын Их Хурлын гишүүд хуралдааны таван танхимд хуваагдан сууж, хуралдаанд оролцов. Нэгдсэн хуралдааны эхэнд чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлж, хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь нь дэмжив. Иймээс хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, хууль санаачлагчийн танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.

Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг 2020 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, цар тахлын нийгэм, эдийн засаг, төсөвт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг дэмжихэд чиглэжээ. Хөтөлбөрийн хүрээнд 2020 онд 300 сая ам.доллар баталж, үүнээс 200 сая ам.доллараар төсвийн дэмжлэгийн хоёр хөтөлбөр, мөн нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн 26.4 сая ам.долларын төсөл, нийгмийн эрүүл мэндийн салбарт шаардлагатай яаралтай тоног төхөөрөмж худалдаж авахад чиглэсэн 30 сая ам.долларын төсөл хэрэгжүүлж байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хуулийн төслийн талаарх танилцуулгадаа дурдав.

Харин Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2021 оны тавдугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаараа зөвшилцөж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохоор шийдвэрлэсэн. Энэ үндсэн дээр 2021 оны тавдугаар сарын 10-ны өдөр талууд санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн гэрээ байгуулж, Азийн хөгжлийн банкнаас нийтдээ 170 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийг авч ашиглахаар тохиролцжээ. Энэ хүрээнд нэгд, Хүүхдийн мөнгө хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих, нийгмийн халамжийн хөтөлбөр, арга хэмжээг зорилтот бүлэгт чиглүүлэх, давхардлыг арилгах; хоёрт, коронавируст халдвар /КОВИД-19/-ын цap тахлын эдийн засаг, төсөвт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээний хэрэгжилтийг дэмжих, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна. "Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт"-ийн хүрээнд авахаар тохирсон 170 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийн 100 сая ам.долларыг төсвийн дэмжлэгт, 70 сая ам.долларыг 2021 оны долоодугаар сар хүртэл хүүхдийн 100 мянган төгрөгийг олгоход, үлдсэнийг нь цар тахлын эсрэг вакцин худалдан авах санхүүжилтэд зарцуулахаар тооцжээ.

Азийн хөжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 25 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, зээлийн жилийн хүү нь 2 хувь байх бол энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн 6 сарын хүү дээр 0.5 хувийн шимтгэл болон хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх нөхцөлтэй байх аж.

Хууль санаачлагчийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Д.Ганбат, М.Оюунчимэг нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Ингээд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 89.9 хувь нь буюу 53 гишүүн дэмжсэнээр Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон баталлаа.

Цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв

Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, цэцийн гишүүн Г.Баясгалан уг дүгнэлтийг танилцуулав. Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар оролцжээ.

Үндсэн хуулийн цэцийн 2021 оны тавдугаар сарын 12-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд 04 дүгээр дүгнэлт гаргажээ. Цэцийн дунд суудлын хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;” гэж, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… тэгш байдал …-г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн байна гэж дүгнэжээ.

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн  1.3 дахь заалтад “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;” гэж, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.” гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны тавдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Харин Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулсан юм. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа үг хэлж хууль дээдлэх зарчмын үүднээс цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлэв.

Ингээд Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн хууль тогтоомжийн зүйл, хэсэг, заалт бүрээр санал хураалт явуулж шийдвэрлэн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.3 хувь нь дэмжсэнээр Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.

Хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хориг дэмжигдсэнгүй

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, уг хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир нэгдсэн хуралдаанд танилцуулав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2 хувь нь хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан нар танилцуулсан юм.

Үндсэн хуулийн цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд 02 дугаар дүгнэлт гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн байна гэж дүгнэсэн.

Улсын Их Хурал цэцийн энэхүү дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзсэний үндсэн 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм. Уг хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсан. Үүнд, хуулийн 1/3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтыг “3.1.2.“нэр дэвшигч” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэг, энэ хуульд заасан шаардлагыг хангаж Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг;", хуулийн 2/5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг “5.4.Энэ хуулийн 3.1.2-т заасан шаардлага хангасан, Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.” хэмээн тус тус өөрчлөн найруулж, уг хуулийг 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр зохицуулсан.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг "… Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй” хэмээн өөрчлөн найруулж, хуульчилсан нь нэг удаагийн шинжтэй, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 9-ийн “…Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэнтэй нийцэхгүй, Хууль тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан хууль тогтоомж нь “Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн, бусад хууль, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай уялдсан байх, хэм хэмжээ тогтоогоогүй, тунхагласан шинжтэй буюу нэг удаа хэрэгжүүлэх заалт тусгахгүй байх” гэсэн шаардлагуудыг тус тус зөрчсөн байна гэж үзсэний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд 2021 оны тавдугаар сарын 06-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Д.Ганбат, Н.Алтанхуяг, Н.Ганибал, М.Оюунчимэг, Г.Дамдинням нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв.

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Ерөнхийлөгчийн хориг хоёрыг хольж хутгаж болохгүй. Цэцийн дүгнэлт гарсан бол тухайн хуулийн үйлчлэл зогсдог, харин Ерөнхийлөгч хориг тавьсан үед тийм асуудал байхгүй. Ганцхан тохиолдол байдаг нь хууль тогтоомжийг мөрдөж эхлэх тусгайлан заасан хугацаа Ерөнхийлөгчийн хориг тавьсан хугацаатай давхацвал хуулийн үйлчлэл зогсох хуулийн зохицуулалттай. Энэ талаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхлэх тусгайлан заасан хугацаа Монгол Улсын Ерөнхийлөгч /цаашид “Ерөнхийлөгч” гэх/-ийн хориг тавьсан хугацаатай давхацвал хоригийг хэрхэх тухай асуудлыг Улсын Их Хурал хянан хэлэлцэж дуусах хүртэл уг хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр бүхэлдээ буюу түүний зарим хэсгийн үйлчлэл түр зогсоно” гэж заасан.

Улсын Их Хурлаас 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Харин Ерөнхийлөгч 2021 оны тавдугаар сарын 06-ны өдөр уг хуульд бүхэлд нь хориг тавьсан. Иймээс хуулийн заалт түдгэлзэх тухай асуудал байхгүй. Хууль хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн бүртгэлийн асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж буйгаа тодотголоо. Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир нар гишүүдийн зарим асуултад хариулт, тайлбар өгсөн юм.

Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Н.Энхболд, Н.Алтанхуяг, Д.Ганбат, Ч.Хүрэлбаатар, Н.Ганибал нар үг хэлж байр сууриа илэрхийллээ. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Байнгын хороодын саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 59 гишүүний 51 нь буюу 86.4 хувь нь дэмжив. Иймээс энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсан тооцов.

Хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв

Дараа нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулав.

Байнгын хороо энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төслийн эцсийн хувилбарт бүрэн тусгаж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, техникийн шинжтэй зарим засвар оруулжээ. Түүнчлэн төслийн зохих заалтыг Иргэний хуультай нийцүүлэх үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу зарчмын зөрүүтэй нэг саналын томьёолол бэлтгэснийг хэлэлцэж дэмжсэн байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад гаргасан төслийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн “нэмэгдүүлсэн хүү” гэснийг хасах зарчмын зөрүүтэй саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.3 хуь нь дэмжив. Ингээд хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, энэ талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан танилцуулсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Д.Батлут, Х.Болорчулуун, Г.Ганболд, Н.Наранбаатар, Д.Өнөрболор нараас 2021 оны тавдугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудпыг энэ сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, төслийг зүйл бүрээр нь хэлэлцэж дэмжсэн байна.

Хуулийн төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд төслийн нэгдүгээр зүйлд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хүснэгтийн Тэтгэврийн даатгал-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5”, Тэтгэврийн даатгал-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5”, Шимтгэлийн дүн-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “12.7” гэснийг “11.7”, Шимтгэлийн дүн-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “12.5” гэснийг “11.5”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “12.5 хувиас” гэснийг “11.5 хувиас” гэж тус тус өөрчлөхөөр тусгажээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Т.Доржханд нарын асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Байнгын хорооны дарга М.Оюунчимэг нар хариулт, тайлбар өгсөн юм. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Нэгдсэн хуралдааны төгсгөлд Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалтай нийцүүлэн уг хуулийн төслийг боловсруулсан талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд танилцуулсан бол уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Нийгмийн бодлогын байнгын хороо энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Анужин танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-20 66.181.187.74

Uuriin erh ashgiin tuluu horig tavidag huniig yu gej bodoltsoj uzhev

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж