НҮБ-аас мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт эхэлсэн мөргөлдөөн, Израилын агаарын цохилтуудаас болж Газын зурваст дор хаяж 58 мянган палестинчууд орох оронгүй болжээ.
Энэ сарын эхээр Израилд израилчууд болон палестинчуудын хооронд үл ойлголцол үүсч, удаан тэмцэлдсэний эцэст өнгөрсөн долоо хоногт мөргөлдөөн эхэлсэн билээ. Улмаар хоёр тал сүүлийн жилүүдэд байгаагүй их түрэмгийллээр харилцан халдлага, довтолгоо хийж эхэлсэн юм.
Израилын талаас хийсэн агаарын довтолгоонуудад Газын зурваст дор хаяж 219 хүн амь үрэгдсэний 100 орчим нь эмэгтэйчүүд, хүүхдүүд аж. Түүнээс гадна гэмтэж бэртсэн, ор сураггүй алга болсон, орон гэргүй болсон хэдэн арван мянган хүн байгаа юм.
НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах албанаас мэдээлснээр, Газын зурваст хоёр сая палестин 13 жилийн турш гарах гарцгүй тусгаарлагдсан бөгөөд өдгөө 58 мянган хүн гэр оронгүй болж, түр орогнох байр бараадахаас өөр аргагүй болж байна.
Өнөөдрийн байдлаар 42 мянган хүн л түр орогнох байранд орсноос үзэхэд 16 мянга орчим хүн гудамжинд амьдарч байна. Түүнээс гадна хангамж, орчин нөхцөл муутай орогнох байруудад олноороо бөөгнөрөх нь цар тахал төдийгүй бусад өвчин тарах шалтгаан болж болзошгүй юм.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ