“Монголын инновацийн долоо хоног-2021” арга хэмжээг энэ сарын 17-ноос 23-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй уг арга хэмжээний талаар нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газрын Шинжлэх ухаан, технологийн хэлтсийн дарга Г.Жаргалмаатай ярилцлаа.
-“Монголын инновацийн долоо хоног” арга хэмжээг 2020 онд цар тахлын улмаас зохион байгуулаагүй. Энэ жил цахим хэлбэрээр хэр өргөн цар хүрээнд зохион байгуулж байна вэ?
-Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар нь жил бүр зохион байгуулдаг “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээний хүрээнд дөрөв дэх удаагаа инновацийн үзэсгэлэнг хариуцан зохион байгуулж, оролцож байна. Уламжлалт арга хэмжээ маань хамгийн сүүлд 2019 онд МҮХАҮТ дээр болж байсан. Өнгөрсөн 2020 онд цар тахлын улмаас арга хэмжээг хойшлуулсан бол энэ жил анх удаа цахимаар зохион байгуулж байна. Учир нь 2021 онд шинжлэх ухаан, технологийн салбарын 100 жилийн ой тохиож буй. Түүхэн ойн хүрээнд “Монголын инновацийн 7 хоног-2021” арга хэмжээг цахимаар зохион байгуулснаар олон улсын судлаачид, гарааны бизнес эрхлэгчдийг оролцуулж, өргөн хүрээнд зохион байгуулах боломж бүрдэж байна.
Өнгөрөгч 2019 онд “Хамтын инноваци” уриатайгаар зохион байгуулж байсан. Энэ жил “Инноваци ба тогтвортой хөгжлийн зорилгууд” уриатайгаар олон улсын цахим үзэсгэлэн зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангасан. Цахим үзэсгэлэн маргааш (2021.05.21) нээлтээ хийх гэж байна.
–“Монголын инновацийн долоо хоног”-ийн хамгийн сонирхолтой хэсэг нь үзэсгэлэн байдаг. Цахим үзэсгэлэнг ямар ямар чиглэлээр зохион байгуулж, олон нийтэд сонирхуулах вэ?
-Бид өнгөрөгч 2019 онд инноваци нийгмийн бүхий л салбарт байдаг гэдгийг харуулахыг зорьсон. Тэр дундаа төрийн байгууллага, их дээд сургууль, банк санхүүгийн салбарт хэрхэн инноваци нэвтэрч буйг үзэсгэлэнгээрээ харуулсан. Энэ жилийн хувьд инновацийн тэргүүлэх чиглэл болох хөдөө аж ахуй, хүнсний технологи, байгаль орчны технологи, шинэ амьдралын хэв маяг, ухаалаг хот, 3D хэвлэл, дижитал инноваци, E-эрүүл мэнд, биотехнологи, бүтээлч үйлдвэрлэл, нийгмийн инноваци зэрэг 10 салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулна.
“Инноваци ба тогтвортой хөгжлийн зорилгууд” олон улсын цахим үзэсгэлэнд нийт 121 компани оролцож байгаагаас АНУ, Герман, Испани, Швед, Их Британи, ОХУ, Турк, Индонез, Сингапур болон Хятад зэрэг орнуудаас гадаадын 29 гарааны компани, дотоодын 92 байгууллага буюу 13 их, дээд сургууль түүний харъяа хэлтсүүд, гурван төрийн байгууллага, 12 эрдэм шинжилгээний хүрээлэн, 40 хувийн хэвшлийн байгууллага, хоёр музей, хоёр төрийн бус байгууллагын 200 гаруй инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр оролцоно.
-Гадаадын 29 гарааны компанийн зарим шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээнээс танилцуулбал?
-Гадаадын компаниудын хувьд хог хаягдлыг дахин боловсруулж буй шинэлэг бизнесээ танилцуулж байна. Жишээлбэл, оёдлын үйлдвэрийн хог хаягдлаар хувцасны брэнд үйлдвэрлэдэг компани оролцож байна. Тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн, сэргээгдэх эрчим хүч ашигласан, гарааны бизнесүүд оролцож байгаагаараа онцлог.
Харин Монголын гарааны компаниуд гадаадын шинэ технологийг нутагшуулж, бүтээгдэхүүн, үйлчилгээ хийж байгаа, эсвэл шинийг санаачлан бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй компаниудыг үнэлж, урилгаар оролцуулдаг. Жишээлбэл, Монголын гар ариутгагч үйлдвэрлэгч нэг компани оролцож байна. Эх орондоо гар ариутгагчаа үйлдвэрлэж, савлагаагаа шинэлэг байдлаар шийдэж, үнэртэй ус шиг, гар хуурайшуулдаггүй байх жишээтэй.
-Цар тахалтай холбоотойгоор энэ жилийн бүтээгдэхүүн, үйлчилгээ эрүүл мэндийн салбар руу чиглэсэн байх болов уу?
-Тийм. Эрдэм шинжилгээний байгууллагуудын Covid-19-ийн оношлуур байна. Эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд бас бий. Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлсний оношлуур бас оролцож байна. Зохион байгуулагчдын зүгээс жил бүр “Шилдэг бүтээгдэхүүн”, “Шилдэг үйлчилгээ” номинацийг шалгаруулдаг.
Энэ жил олон улсын цахим үзэсгэлэн зохион байгуулж байгаа учраас “Гадаадын шилдэг оролцогч” номинаци шалгаруулж, тухайн компанийн хоёр гишүүн Монголд аялж, ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа Монголын гарааны бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж, туршлага солилцох боломж олгох юм.
Үзэсгэлэнд оролцож буй компаниудаас гадаадын нэг, дотоодын хоёр инновацийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ шалгаруулна. GIZ Mongolia (Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг)-гаас дотоодын хоёр компанид тус бүр гурван сая төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авах эрх, дөрвөн сая төгрөгийн үнэ бүхий зөвлөх үйлчилгээ авах эрх өгөхөөр дэмжлэг үзүүлэн оролцож байна.
Мөн "Стартап Монгол" төрийн бус байгууллагаас дотоодын шилдэг хоёр компанид таван сая төгрөгийн үнэ бүхий хурдасгуур хөтөлбөрт хамрагдах эрх, Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлөөс дээрх компаниудыг "Драгон" худалдааны төвд 50м2 талбай нэг жил үнэ төлбөргүй ашиглах эрхээр шагнах юм. Гадаадын улс орнуудаас шилдгээр шалгарсан нэг компанид "JOIN ME" Монгол Улсад аялах хоёр эрхээр шагнахаар болсон.
Үүнээс гадна үзэсгэлэнгийн бүхий л видео танилцуулга, монтажийг "Orgil media", олон нийтэд түгээх болон техник, технологийн туслалцааг "MN Agency", сошиал идэвхжүүлэлтийг "UNREAD MEDIA"-гийн баг хамтран зохион байгуулж байна. Мөн цахим үзэсгэлэн зохион байгуулахад ашиглаж буй "Airmeet" платформоор "Erxes Mongolia LLC" дэмжин оролцож байна.
-Иргэд цахим үзэсгэлэнг үзэж сонирхох боломжтой юу?
-Бидэнд технологийн дэвшил нэг талдаа боломж олгож байгаа ч нөгөө талдаа хязгаарлалт үүсч байна. Цахим платформд эхний 1000 хүн бүртгүүлж, одоо бүртгэл хаагдсан. Эдгээр хүмүүс форумд оролцох заавар зөвлөгөөгөө авсан байгаа. Цахим үзэсгэлэнд оролцож байгаа бүх компанийн танилцуулга, илтгэлүүд давхар фэйсбүүк лайваар явна. Тийм учраас сонирхогч, иргэд фэйсбүүк лайваар мэдээлэл авч, өөрийн сонирхсон асуултаа асуух боломжтой. Эхний цахим хэлэлцүүлгийг 10 мянга гаруй хүн үзсэн байсан. Иргэдэд гадаад дотоодын шинэ инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг гэрээсээ үзэж, танилцах боломж бүрдэж байгаа юм.
–Хүмүүс технологи, PR, менежмент зэрэг үгсийг хэдийнэ монгол үг шигээ мэддэг болсон. Харин инновацийг хэрхэн ойлгодог бол?
-Нэг үеэ бодвол иргэд тодорхой ойлголттой болсон. Гэхдээ зарим нэг ойлголтын зөрүү гардаг. Анх инноваци гэдэг үгийг огт ойлгодоггүй, хүлээж авдаггүй байсан. Одоо бол шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг хэлж байна гэдгийг ойлгодог болжээ.
Бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга хийж байгаа эрдэмтэн, судлаачдын ихэнх нь залуус болсон байна. Залуу эрдэмтэд гарааны бизнесээ эхлүүлээд, жил ирэх тусам ахиж, амжилттай оролцож байна. Их, дээд сургуулийн оюутан, залуу эрдэмтэд жил бүр идэвхтэй оролцдог. Өнгөрсөн 2019 онд 60 байгууллага оролцож байсан бол энэ удаа 100 орчим компанийн 200 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээг үзэсгэлэнд танилцуулж байна.
Холбоотой мэдээ